Тайвань Хятадын савраас аажим аажмаар мултрахыг оролдож байна. Харин эх газрын Хятад үүнийг нь зүгээр хараад суух болов уу?
Хятадын дарга асан Зянь Земин Япон улс Тайванийг эзэлснээс 100 жилийн дараа буюу 1995 онд “Тайванийн арлыг эх газрын Хятадтай нэгдэхийг харах нь бүх Хятадын ард түмний ариун дээд зорилго юм” хэмээн хэлж байжээ.
Өнгөрсөн Бямба гариг /2020.01.11/-т Тайваньд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Бээжинг эсэргүүцэгч, тусгаар тогтнолыг дэмжигч Цай Ин Вэйгийн нам ялалт байгууллаа. Бээжингээс салан тусгаарлах үзэлтэй Ардчилсан Дэвшилтэт Нам найман сая гаруй санал авсан бол түүний гол өрсөлдөгч Хятадын талыг баримтлагч Гоминданы намын Хан Куо Юү 5,5 саяын санал авсан байна. Энэ ялалт Хонгконгийг яах учраа олж ядан байгаа Хятадын Коммунист намыг /ХКН/ сандаргасан нь дамжиггүй.
Цайг ялалт байгуулсны дараахан Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, “Тайваньд болж буй үйл явдлаас үл хамааран үндсэн үзэл баримтлалууд огт өөрчлөгдөхгүй. Дэлхий дээр Хятад гэж улс бий. Тайвань бол Хятадын нэг хэсэг” хэмээн мэдэгдлээ.
Тайванийг дахин дөрвөн жил удирдахаар болсон Цай “Тайваньчууд бид ардчилсан, чөлөөт засаглалыг хэр хэмжээнд дээдэлдэг болохыг дэлхий дахинд батлан харуулсан үйл явдал боллоо. Харин Хятад улс Тайванийг хүчээр өөртөө нэгтгэнэ гэх сүрдүүлдэгээ зогсоох хэрэгтэй. Тайвань нь Хятадын хувьд асуудал биш, түнш нь байх учиртай” хэмээн хэлсэн байна.
1992 оны гэгддэг зөвшилцлөөр Хятад, Тайванийн талууд дэлхийд нэг Хятад улс байх ёстой гэсэн зарчим дээр санал нийлж байжээ. Харин Цай Ин Вэй 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа энэ зөвшилцөл хүчингүй болж, талуудын харилцаа муудсан юм.
Хятадаас одоо ямар хариу үйлдэл ирэхээс үл хамааран нэг зүйл маш тодорхой байгаа нь Тайванийг Хятадтай нэгтгэнэ гэдэг ХКН-ын бодлогыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ тайваньчууд энэ сонгуулиар харууллаа. Тайвань хэзээ ч ХКН-ын хяналтад байгаагүй. Тайванийн арал нь XX зууны ихэнх хугацаанд Японы колони байсан. Дэлхийн II дайнд Япон улс ялагдсаны дараа Тайванийг БНХАУ-ын засаг захиргаа хяналтдаа оруулсан. Гэвч Хятадын Гоминданы нам болон Коммунист намын хооронд дотоодын дайн дэгдэн, улмаар 1949 онд Гоминданы нам ялагдаж, уг арал руу зугтааж, улмаар эх газраасаа хөөгдсөн эрх баригчид Тайваньд ирж нутагласан түүхтэй. Хүн амынх нь хоёр орчим хувийг уугуул иргэд бүрдүүлдэг Тайвань нь 10,000 жилийн түүхтэй бөгөөд Хятадаас илүү Зүүн өмнөд Азийн орнууд, ялангуяа япончуудад их элэгтэй.
Эх газрын Хятад буюу коммунист Хятад нь Тайванийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд салан тусгаарласан өөрийн нэг муж гэж мэдэгдсээр ирсэн түүхтэй. Тиймээс энэ “муж”-ийг нэгтгэх гэсэн оролдлогыг нэг бус удаа хийж байсан юм. Харин энэ бүрт нь Тайванийн гол ар тал нь АНУ байсаар ирсэн бөгөөд тэдний төлөө дайтахад бэлэн гэдгээ шууд харуулж байсан тулдаа дайн бололгүй өнгөрдөг байлаа. Одоо АНУ нь Тайваньд зэвсэг техник нийлүүлсээр байгаа ба Хятад улс үүнийг нь таслан зогсоох хориг арга хэмжээг цөхрөлтгүй авсаар буй юм.
Бээжин энэ сонгуулиас сургамж авах ёстой. Эдийн засаг, зэр зэвсгийн давуу байдал зэрэг нь Тайванийн ард түмний зүрх сэтгэл, оюун санааг ялахад хангалтгүй. Үүнийг Хонконг ч тэр, Тайвань ч тэр аль аль нь батлан харуулж байна. Хэрэв Бээжин Тайванийг үнэхээр л өөртөө нэгтгэхийг хүсч байвал стратегиа эргэцүүлэн бодох цаг нь болж.
Холбоотой мэдээ