"Би чамайг цалинжуулж байна" гэсэн ойлголт хоцрогдсон

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

"Би чамайг цалинжуулж байна" гэсэн ойлголт хоцрогдсон

"Би чамайг цалинжуулж байна" гэсэн ойлголт хоцрогдсон

Монгол "ажил, ажил" гэсэн завгүй хүмүүс олширсон. Гэр бүлдээ зарцуулах цаг нь бага, гэртээ үзэгдэж харагдах хүмүүс цөөрснөөр гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл ч сүүлийн үед гарах болсон.  Дэлхийн улс орнууд ч ялгаагүй чанартай ажлын яс цагаас илүү  бүтээмжтэй байдлыг илүү чухалчлах болжээ.  Ингэснээр хүмүүс гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэх цагаа уртасгаж, амралт, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлс сурч мэдэх боломжтой болно гэж үзэж байгаа юм.

ЧАНАРТАЙ ЦАГ-АЖЛЫН БҮТЭЭМЖ

Бүтээмж бол ажлын өгөөж. Компанид ч, ажил олгогчид өгөөж нь чухал байх ёстой: Зарим улс орнууд ажлын дөрвөн өдөрт шилжих туршилт хийгээд эхэлжээ. Хамгийн сүүлд гэхэд Финландын Ерөнхий сайд  ажлын уян хатан хуваарь нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүддээ үүрэгдсэн байна. Тус улстай хөрш зэргэлдээ Шведын зарим байгууллага ажлын цагийг багасгаж зургаан цаг болгосон байна. Туршилтаар зургаан цагаар ажилласан хүмүүс илүү жаргалтай, эерэг сэтгэл хөдлөл ихтэй, үр бүтээлтэй байгаа нь ажиглагджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Microsoft Japan компани ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг сайжруулах үүднээс ажилтнуудаа гурван өдөр амраадаг болсон. Үр дүнд нь тус компанийн хөдөлмөрийн бүтээмж 39,9 хувиар өссөн дүн гарчээ. ОХУ-ын хувьд  мөн ажлын дөрвөн өдөртэй болох талаар судалж, зарим байгууллага нь туршаад эхэлж.

Эндээс харахад дэлхийн улс орнууд хүний нөөц, хөдөлмөрийн бүтээмжийн бодлогодоо өөрчлөлт хийж, ажилтнуудаа нэгдүгээрт тавих болсон байна. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн хийгээд хувийн байгууллагууд чанартай, ажлын цаг, бүтээмжээ нэмэгдүүлэх байтугай тогтвортой хүний нөөцөө бэлтгэж чаддаггүй. Үүнийгээ “одооны залуус залхуу, цалин голдог" гэх үгээр хайцаалдаг.  Ажил хайгчид “ажлын ачаалал их мөртлөө цалин бага” гэсэн тайлбар тавьдаг.

ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР

Монгол Улс ажлын найман цагтай. Харин үр бүтээмж хэр вэ гэвэл сонирхолтой судалгаа гарч магадгүй. Төрийн байгууллага гэхэд 100 ямаанд 60 ухна гэгчээр ихэнх нь ямар нэгэн "сэтэртэй" хүмүүс байдаг. Хувийн хэвшилд нэг хүний хийдэг ажлыг гурван хүн хувааж хийдэг гэх шүүмжлэлтэй зүйлүүд олон. Монгол ажилтны бүтээмжийг хөгжилтэй орнуудынхтай харьцуулахад даруй 25 хувиар бага бага аж. Тэрчлэн монгол ажилтны эрүүл мэндийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж хувирсан.  Хөдөлгөөний дутагдал, мэдрэлийн ядаргаа, стресс, буруу хооллолт зэрэг нь эргээд хүүхэд өнчрөх, гэр бүл салах шалтгаан болдог байна.  Ажлын байран дээр сэтгэл хангалуун бус байгаа нь бүтээмжийг бууруулахаас гадна, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. Аж жаргалтай, ажил нь бүтээмжтэй байхыг ихэнх компаниуд хүсдэг. Нөгөө  талаар ажилтан сэтгэл хангалуун, ажилдаа дуртай байхыг хүсдэг.  Гэхдээ үнэндээ кофе уучихаад компьютерийн өмнө өдөржин, оройжин суудаг, бараг л байгууллагадаа амьдардаг гэмээр ажилладаг хүмүүс ч олон. Тэгсэн мөртлөө сайн нэр байхгүй. Ядаж цалин хөлс нь бага.

Ажил олгогчид ажил хийх хүн олдохгүй байна гэхийн оронд ажил горилогчид тавьж буй шаардлага, нөхцөл, боломжуудаа эргэж нэг харахыг сэтгэл зүйчид хэлж байна. Хэдийгээр ажил олгогч, ажилтан хоёрын харилцаа Хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг ч байгууллагын дотоод журам ажилтнаа бодсон уян хатан байх нь хүний нөөцөө тогтвортой барих үндэс болдог байна.

Энэ талаар Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш Г.Тэгшбүрэн ярихдаа “Ямар ч байгууллагад хүний нөөцийн асуудал тулгарч байдаг. Учир нь, гурван өөр үеийнхэн нэг газар ажиллаж, гурван өөр хэлээр ярих хэрэгтэй болж байна. Х, Y, Z гээд нэн залуу үеийнхнийг арай ахмад үе нь ойлгоход бэрх болж. Хүний нөөцөө тогтвортой байлгахыг хүсэж байвал байгууллагын удирдлагууд энэ үеийн залуусыг ойлгох хэрэгтэй. Тэдэнтэй даргалах бус хамтарч ажилла. Үүнээс гадна энэ үеийнхэн амбиц ихтэй учир тэдний сурч боловсрох, хөгжих, өөрийгөө нээх бололцоог бүрэн хангаж өгөх ёстой. Тэд цалингаа шууд асуучихдаг шулуухан зантай. Хэрэв ажлын бүтээмжид таарсан цалин өгөхгүй бол ажлаа орхиод явахад бэлэн. Дээр нь шинэ үеийнхэнд ажлын уян хатан байдал, цаг хуваарилалт их хэрэгтэй. Өглөөний ирц уян хатан байх ёстой. Үүгээр зогсохгүй амрах, чөлөө авах нөхцөл ч уян хатан, чөлөөтэй байх нь чухал. Ингэхийн тулд байгууллагууд нөөцийн ажилтнуудаа сайн бэлдэх шаардлага гарч байгаа юм” гэжээ.

Монголын хувийн хэвшлийн зарим компани энэ асуудалд анхаараад эхэлжээ. Гадаадад сургууль төгссөн, онц сурсан гэхээс илүү хувь хүний онцлогийг харгалзаж ажилтан сонгодог болсон байна. Тэгээд тухайн хүний суурь хандлага, хүмүүжил дээр үндэслэн сурч, хөгжих, ур чадвараа дээшлүүлэх, манлайлах, албан тушаал ахих, ар амьдралаа босгох бүхий л боломжоор хангаж өгдөг байна. Тухайлбал, ажил олгогч томоохон хувийн хэвшил болох ХААН банк ажилтнаа гурван жил болоод тушаал дэвших, жилдээ нэг удаа төрсөн өдрөөрөө бүтэн амрах, ажилтны хуримтлалын хөтөлбөр буюу хуримтлалтай хийж өгөх, ажил-амьдралын тэнцвэрийг хангахад анхаарах, ажилтан эрүүл мэндээ анхаарах нэмэлт амралт өгөх (үүнийг хэзээ ч авсан болно) зэрэг байгууллагын соёлоо эергээр бэхжүүлэх, хүний нөөцийн стратеги тогтолцоогоо шинэчлэх зэрэгт анхаардаг байна. Мэдээж үүний хажуугаар амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг байна.

АЖИЛТАН БОЛ КАПИТАЛ

Орчин үед “Чи миний ажилтан, би чамайг цалинжуулж байна” гэдэг хандлага хоцрогджээ. Харин сайн ажилтнууд байгаа учраас компани оршин тогтнож буйг ухамсарлан, тэднийг дэмжиж, ойлгох цаг үе ирсэн байна. “Ард лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд ажилтан ямагт номер нэгт байдаг. Компани яах гэж ажилчин авдаг вэ гэхээр өөрийгөө олон болгох гэж, олон хүнд хүрэх гэж шүү дээ. Тиймээс та ажилтнуудаа хайрлаж, халамжлахгүй бол таны ажилтан чин сэтгэлээсээ ажиллахгүй” гэжээ. Мөн тэрбээр ажилтнуудаа 100 хувь нээлттэй байхыг хүсдэг байна. Юу хүсэж мөрөөддөг, ямар зорилготой, юунд сонирхолтой тэр бүү хэл ар амьдрал нь ямар байдалтай байгааг хүртэл мэдэж, тусалж, дэмжихийг хичээдэг аж.

“Хамгийн сайн ажилтан чинь дуугаа хурааж, идэвхгүй болж эхэлбэл таны удирдах ухаан буруу байна”

Ер нь аливаа байгууллагын ажилтанд боломжийн цалин, ажил-амьдралын тэнцвэртэй байдал, хамт олны уур амьсгал хамгийн чухал байдаг. Гэтэл ажил олгогч талаас өндөр цалинтай бол ажлын ачаалалтай, нөгөө талаас ажлын ачаалал боломжийн мөртлөө цалин бага, бүр эсрэгээрээ ажлын ачаалал ихтэй боловч цалин бага өгдөг. Эндээс л ажил олгогч, ажилтан хоёрын зөрчил үүсэж, ажлын байрны хомсдол бий болдог байна. Үүнийг төрийн хийгээд хувийн хэвшлийн байгууллагууд анхааралдаа авч, хүний нөөц, хөдөлмөрийн бүтээмжийн бодлогодоо өөрчлөлт хийж чадвал ажлын байр илүү тогтвортой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж