Холимог тулааны урлагийн зартай тулаанчдын нэг Конор МакГрегорийн ESPN MMA сувгийн сэтгүүлчтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг таньд хүргэж байна. Тэрбээр 15 сарын дараа тулааны дэвжээндээ эргэн ирж, нэгдүгээр сарын 19-нд Лас Вегас хотод UFC-246 дээр “Cowboy” Дональд Серронетэй тулалдах билээ.
-Юуны өмнө таныг дахин харсандаа баяртай байна. Энэ түвшинд дахин гарч ирж баг хамт олонтойгоо нэгдсэнд тань баяртай байна. Их урт хугацаа өнгөрчээ. Одоо цоо шинэ, илүү ухаажсан, илүү урам зоригтой Конор болсон биз дээ?
-Баярлалаа, залуу минь. Би одоо бүх зүйлийг сайхнаар мэдэрч байна. Бэлтгэлдээ орсон, сайн байгаа. Би бэлтгэлээсээ надад юу хэрэгтэй байгааг өөрөөсөө сонсож олж мэдсэн. Хэрэгтэй зүйлээ хийх нь надад эрч хүч, урам зориг өгч байна. Би одоо жаргалтай байгаа. Хийх ёстой зүйлүүд дээрээ төвлөрч байна. Хүн бүхэн л юуг ямар замаар хийхээ мэддэг шүү дээ. Хэрэв чи ямарваа нэг зүйлийг хийж чадахгүй бол зууралдаад байх шаардлагагүй, зүгээр л хая. Би хийх ёстой болон хийх ёсгүй зүйлүүдийг мэддэг болсон. Би одоо л өөрийгөө сонсож, өөрийнхөө заавраар явж байна даа.
-Одоо та хоёр хүүхэдтэй шүү дээ. Хүү жижиг Конор болон охин чинь чамд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Миний бага охины нэрийг Кроайо Мариа МакГрегор гэдэг. Миний зүрх сэтгэл хайраар дүүрсэн. Миний гэр бүл Лас-Вегас хотод намайг дэмжихээр ирсэн байгаа. Гэр бүлтэйгээ Вегаст хамт байх нь гайхалтай. Миний хувьд онцгой цаг мөч ирж байна. Хүүхдүүд минь надад туслалцаа үзүүлэхэд үнэхээр их хэрэгтэй байсан. Хоёр хүүхдийн эцэг болсондоо би үнэхээр их бахархаж байгаа.
-Яагаад Дональд Серронег ээлжит өрсөлдөгчөөрөө сонгох болсон бэ? Уг нь танд олон сонголт байсан шүү дээ?
-Би зөв хүнээ сонгосон гэж бодож байна. Дональдод их урт түүх бий. Тэр энэ тулааныг хүртэх эрхтэй. Энэ тулаан их нөхөрсөг, сэтгэл хөдөлгөсөн тулаан байх болно. Би түүнтэй тулалдах болсондоо талархаж байна. Тэр чинь эмээгийн хайртай хүү шүү дээ. Түүнийг би их хүндэлдэг. Амьдралынхаа энэ цаг мөчид Серроне шиг тамирчны эсрэг эргэн ирэлтээ хийж байгаадаа баяртай байна. Нэгдүгээр сарын 19-нд сайхан үдшийг өнгөрүүлэх байх. Би түүн дээр гэрэлтэнэ гэдэгтээ итгэлтэй. Би ид шидийг бүтээнэ. Онцгой зүйл болох болно.
-Хабибтай дахиж тулалдахыг хүсч л байгаа байх. Хабиб хэлэхдээ “Хэрвээ Конор дахиж надтай тулалдахыг хүсвэл 10 тулаанд ялах хэрэгтэй” гэсэн. Энэ тухай юу гэж бодож байна вэ?
-Айдас. Тэр үүнийг хүсэхгүй байна. Тэр надаас айж байгаа. Ингээд л бол оо.
-Олон хүн надаас энийг асуугаасай гэж хүсч байгаа байх. Ингэхэд хамгийн сүүлд хэзээ архи уусан бэ?
-Хоёр, гурван сарын л өмнө байх. Би чинь нэг уухаараа тэгээд уугаад л байна шүү дээ.
-Хабибтай хийх чухал тулааны өмнө их уусан гэсэн. Яагаад тэгсэн юм бэ?
-Би чинь Хабибтай тулаан хийх тэр долоон хоногт их уусан шүү. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Миний биед нэг тийм хор ч юм уу, эсвэл нэг юм байсан. Дэлхийн өнцөг булаг бүрээс ирсэн хүмүүсийг зочид буудалдаа оруулаад л байсан. Тэдэн рүү залгаад л, зодоон зохион байгуулаад л байдаг байсан. Тэднийг бэлтгэлийн зааландаа дуудаад, ямар ч хамгаалалтгүй зодолддог байсан. Өрсөлдөгчөө нам цохиод гарч баяраа тэмдэглээд, гурван өдрийн дараа эргэж ирдэг байлаа. Би хийх ёстой зүйлээ хийлгүй, амьдрах ёстой амьдралаараа амьдрахгүй байсан. Би одоо хамгийн зөв цэг дээрээ байна. Би алдаа хийсэн. Харин одоо үүнийгээ засч, батлах хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Би магадгүй төгс биш байх. Гэхдээ сайн нойр, цатгалан гэдэстэй, үүнтэй үнэхээр ойрхон байгаа.
МИНИЙ ХУВЬД ТЭРБУМТАН БОЛОХОД ИХ ОЙРХОН БАЙГАА ШҮҮ
-Ойрын өдрүүдэд хэдэн цагт унтаж байна вэ?
-Одоо Лас Вегаст орой 10 цагт орондоо орж байгаа. Харин Ирландад гэртээ байхдаа эрт босч, эрт унтдаг. Өглөөд 11 гэж босоод, 7 гэж орондоо ордог. Цагийн зөрүүний хувьд асуудалгүй ээ.
-UFC-тэй шинэ гэрээ үзэглэсэн үү? Шинэ гэрээнээсээ хүртэх мөнгөний хэмжээний хувьд хэд вэ? Мөн Хабибтай хийсэн тулаанаас хэр их ашиг олсон бэ?
-Тийм ээ, шинэ гэрээ үзэглэсэн. Энэ гэрээ сайн цалингийн чек болно гэдэгт итгэлтэй байна шүү. Магадгүй миний карьерын хамгийн өндөр дүнтэй гэрээ байх аа. Би одоо хийх тулаанаасаа 80 сая доллар олох тооцоотой байгаа. Харин Хабибтай хийсэн тулаанаас 50 сая ам.доллар олсон. Хүмүүс намайг хайрсан талх гэж бодоод л байна. Гэхдээ би чинь одоо хүртэл талхаараа л байна шүү дээ (инээв).
-Хэдэн нас хүртлээ тулалдах хүсэлтэй байна вэ?
-Дөчин нас хүртлээ тоглох сонирхолтой байна (инээв). Гэхдээ мэдэхгүй юм даа. Зүгээр л магадгүй шүү дээ. 35 насандаа тэрбумтан болтлоо шуугиулсаар л байх болно.
-Тэгэхээр гурван жил хагасын дотор тэрбумтан болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Гол нь менежмент хэрэгтэй. Гэхдээ миний хувьд тэрбумтан болоход их ойрхон байгаа шүү.
-Дахин боксын рингэд гарах хүсэл бий юу?
-Байлгүй яах вэ. Би Флойдтой дахин тулаан хийхийг хүсч байна. Би бид дахин тулалдах хэрэгтэй гэж бодож байна. Одоо бүх зүйл өөр байх болно. Би энэ тулааныг бүтэшгүй зүйл гэж бодохгүй байна. Миний тэр тулаанд хожигдсон ганц шалтгаан бол би хэтэрхий хойшоо гэдийж тулалдсанд байгаа юм. Харин Флойд эсрэгээрээ урагшаа бөхийж тулалдсан. Дахиж бид хоёр тулалдвал би түүнийг ялна гэдгээ мэдэж байна. Гэхдээ би Мэнни Пакьяод тулалдах санал тавьсан.
-Конорын эсрэг Пакьяо гэж үү?
-Тийм ээ, би түүнд санал тавьсан. Хараахан шийдэгдээгүй л байна. Зөвхөн гэрээ хэлэлцээний шатандаа явж байна даа. Би боксын аваргын бүс авахыг үнэхээр их хүсч байна. Би үнэхээр бокст хайртай. Өөрийгөө ч гайгүй боксчин гэж бодож байна (инээв).
-Та Алдог ялсныхаа дараа надад “Би юу ч үгүйгээс хэсэг зүйлтэй болсон. Харин одоо бүх зүйлтэй боллоо” гэж хэлж байсан шүү дээ. Тэр мөчийнхээ тухайд хуваалцаач!
– Тийм ээ, тэр тулааны дараа Жол Логан надад “Чи бүгдийг хийлээ, залуу минь” гэж хэлж байсан юм. Миний амьдралын хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг.
-Эцэст нь шинэ Конорыг юу бүтээсэн бэ?
-Тийм ээ, энэ бол шинэ Конор. Сэтгэл хөдлөл үүнд нөлөөлсөн. Сэтгэл хөдлөл энэ бүхнийг бүтээж байна. Намайг эргэн ирж байгаад фэнүүд болон хүмүүсийн сэтгэл их догдолж байгаа байх. Би ч гэсэн эргэн ирж байгаадаа догдолж байна.
-Эргэн тавтай морил, Конор. Сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ