Реппер Roockie-г хардалтын улмаас хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Реппер Roockie-г хардалтын улмаас хутгалжээ

Реппер Roockie-г хардалтын улмаас хутгалжээ

Хип хоп дуучин Roockie буюу У.Мөнхбагана энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Урьдчилсан байдлаар 23 настай эрэгтэй У.Мөнхбаганыг 33 настай  н.Од-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт нь хоёр удаа хутгалж гэмтээсэн нь тогтоогджээ. Roockie энэ сарын 11-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолтоо хийх байсан ч гэмтлийн улмаас тоглолтоо цуцалсан байна. Бид дээрх хэргийн талаар Roockie-ийн найзаас тодрууллаа.


ROOCKIE ДЭЭР НЭГ ЭМЭГТЭЙ ИРЭЭД “САЙН УУ. ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ” ГЭЭД ГАР БАРЬСАН

Хэрэг гардаг өдөр чухам юу болов? Сошиал орчинд олон янзын таамаг яваад байгааг харсан байх?

-Тэр орой  iLoft клубт ирсэн залууст уран бүтээлээ хүргэхээр Roockie уригдаж очсон юм. Тэгээд дуулчихаад тайзнаас буугаад явахаар зогсч байтал нэг эмэгтэй ирээд “Сайн уу. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гээд гар барьсан. Ер нь хандраад байна гэж харагдахаар байсан л даа. Гэтэл н.Од-Эрдэнэ шууд орж ирээд тэр эмэгтэйг алгадаж, цохисон. Roockie руу дайрч, тэр хоёр барьцалдаж аваад салцгаасан. Тэгээд клубт н.Од-Эрдэнэ ч, найз бүсгүй нь ч харагдаагүй. Үүрийн 04.00 цаг болоод клуб хаах үед гарах гэтэл н.Од-Эрдэнэ гэнэт орж ирээд, Roockie-тэй дахиад барьцалдсан.

Тэр хоёрыг салгаад Roockie-ийн гадуур хувцсыг нь өмсгөөд гарах гэсэн чинь н.Од-Эрдэнэ хэвлий хэсэгт нь хоёр хутгалаад, зүрхэн хэсэг хавьцаа нь зүсчихээд хутгаа аваад гараад зугтаасан. Цагдаа нар удалгүй түүнийг барьсан гэсэн. Хүний аминд санаатай хүрэхээр шийдсэн үйлдэл гэж харагдаж байгаа. Чихэнд нь “Ах нь ирээд ална аа” гэж хэлсэн гэсэн. Цагдаа, түргэн тусламж цаг алдалгүй ирсэн. Дотуур цус алдалт ихтэй. Хэвлийн тус газарт нь нэг хуруу ороод бүтэн эргэж байна гэж эмч  нь хэлж байсан. н.Од-Эрдэнийг хэсэг алга болохдоо гаднаас хутгатай орж ирсэн юм болов уу л гэж бодож байна. Ядахдаа клубын бие хамгаалагч нь биедээ юу авч орж байгааг шалгаад оруулсан бол юу гэж ийм зүйл болох вэ дээ.

Roockie-ийн биеийн байдал одоо хэр байна вэ?

Хүнд байгаа. Цэргийн төв госпитальд эмчлүүлж байна. Хэдэн өдөр харзнаад болохгүй бол хагалгаанд орно гэсэн. Одоо хэвтсэн ч, боссон ч заавал хүнээс хараат болчихсон. Хэвлийн тус газарт нь их өвчинтэй байгаа. Шүүх эмнэлгээс өчигдөр /2020.01.14/ Roockie-тэй очиж уулзсан. Мөн цагдаа нар ч очиж мэдүүлэг авсан байх. Гэхдээ энэ сарын 11-ний өдөр н.Од-Эрдэнэ батлан даалтаар гарсан байна лээ. Хүн хутгалчихаад гэмгүй юм шиг явж байгааг хараад гайхаж л байна. Roockie-г хутгалсан хутга нь одоог хүртэл олдохгүй байгаа юм шиг байна лээ. Хаа нэгтээ нуусан юм байлгүй.

-Од-Эрдэнэ мөн реппер юм байна. Roockie, н.Од-Эрдэнэ нар өмнө нь хэр харилцаатай байсан бэ?

-Хоорондоо муудалцаж өс санахаар зүйл болж байгаагүй. Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байсан. н.Од-Эрдэнэ нь Ice top хамтлагийн ахлагчийн төрсөн дүү гэгддэг юм билээ. Ер нь урлагийн нэг тогоонд байгаа хүмүүс бие биедээ муу санаад хэрэггүй шүү дээ. Сошиал орчинд Roockie-г нас барсан гэх худал мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдөр их цацагдсан. Амьд мэнд байгаа хүнийг арай ч бас тэгж болохгүй. Бие махбод, сэтгэл санаагаараа хохирчихоод байгаа хүнийг битгий  нэмж дэвслээрэй гэж хэлмээр байна.


ЦААШИД  ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨХ НЬ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТЭЭС ШАЛТГААЛНА

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад “Гомдол гаргалаа гээд шууд хорьчихгүй. Оролцогч болон хохирогчийн аль алиных нь эрхийг хамгаалах ёстой. Гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг хорино гэдэг боломжгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдвал тухайн хүнийг хорих үндэслэл бий болно. Дараах нөхцөлд л цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг.

Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлд,

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан,
  • Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа,
  • Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх  прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээг авна гэж заажээ.  

Цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь шүүх эмнэлгийн дүгнэлтээс шалтгаалах аж. Хэрэв хөнгөн гэмтэл гэж үзвэл н.Од-Эрдэнэ торгуулна, хүндэвтэр гэмтэл гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил болон түүнээс дээш хугацаагаар хорино гэж заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
592
ХарамсалтайХарамсалтай
187
БурууБуруу
50
ХахаХаха
48
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
22
ЗөвЗөв
19
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж