Өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр baabar.mn сайтад хотын дарга асан Э.Бат-Үүлийн бичсэн “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нэртэй нийтлэл нийтлэгдсэн. Тэрбээр тус нийтлэлдээ “…Ерөнхийлөгч, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах үүрэгтэй төрийн тэргүүн болохын хувиар улсын эрх ашигт хортой "нялхсын" энэ хийрхлийг таслан зогсоох ёстой байсан. Гэтэл, харин ч тэднийг бүр өөгшүүлж, өөрөө шинэ цагийн "Лхүмбийн хэрэг" бий болгох ажилд ханцуй шамлан орсон юм.
"Таван толгойн хэрэг" хэмээх хавтастай хэрэг сугавчлан гүйж, өмнөх ерөнхийлөгчөө гэмт хэрэгт татахыг прокуророос шаардахдаа төрийн тэргүүний намбыг ч бодсонгүй, хуулийг ч ер тоосонгүй. Өдгөө М.Энхсайхан, хуулиар ноогдсон үүрэг ёсоор гэрээний төсөл боловсруулж, үүнийхээ төлөө зохиомол хэрэгт холбогдон "гэмт хэрэгтэн" болжээ.
Гуравт: Хуульгүй баривчилагааны ард улс төрийн захиалга байдаг жамтай. Энхсайханыг баривчилсан нь; прокурорын байгууллага, АТГ-ын удирдлага тус тус солигдож, З.Энхболдын зүтгүүлэн томилуулсан шинэ хүмүүс очоод явуулж буй анхны баривчилгаа!
З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдмогцоо өгсөн нэгэн ярилцлагадаа, ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын өрсөлдөгчийг дэмжсэн М.Энхсайханыг Шведэд суух элчин сайдаас нь эгүүлэн татна гэдгээ мэдэгдсэн байдаг…” хэмээн бичсэн билээ.
Мөн тэрбээр “…Дөрөвт: Ерөнхийлөгч хүчилсээр байж АТГ болон прокурорын удирдлагыг бүхэлд нь сольж, өөрийнхөө санал болгосон хүмүүсийг томилуулсан. Чингэж АТГ болон прокурорын удирдлагыг өөрчлөх шалтгаанаа "шударга ёсыг тогтоох зорилготой" хэмээн тайлбарласан. Гэтэл Энхсайханыг баривчилсан хэрэг явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын жинхэнэ цаад санааг тодруулав.
Тэрбээр Таван толгойн асуудлыг зохиомол "гэмт хэрэг" болгохоор шийдсэн байж. Ийн хууль мууль гэж маягладаг мэргэжлийн комплекс үгүй, шууд л өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг гүжирмэг, ёс зүйгүй хуульчид хэрэгтэй болж. Албан тушаалын төлөө "эр биеийн өмхий бөгсөө ч худалдахаас сийхгүй болсон манай цаг үед" тийм хөгийн хуульчид З.Энхболдод ядах юмгүй дороо олдсон юм.
Тэгээд З.Энхболд, хувийн ашиг сонирхлоо наймаалцахаас өөр үнэ цэнэгүй "чацга" шиг УИХ-ын гишүүдийг шахаж байгаад дор нь олсон хүмүүсээ томилуулсан. Төлөвлөсөн ёсоор сая томилогдож очсон АТГ, прокурорын шинэ удирдлага, мэргэжлийн хуульчид өмнөөс нь ичиж үхмээр болхи, хуульгүй баривчилгаа явууллаа...” гэж бичсэн байв.
Энэхүү нийтлэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Э.Бат-Үүл гүтгэж байна хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг.
Сүхбаатар дүүргийн шүүхээс Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцсэн. Хариуцагч талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал энэ сарын 07-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон ч хариуцагч талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүнийг ирэх хүртэл хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хурлыг энэ сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр (2020.01.14) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн ч асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ