Уурхайчдын амьдрал Ц.Даваасүрэн, А.Тлейханд хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Уурхайчдын амьдрал Ц.Даваасүрэн, А.Тлейханд хамаагүй юу?

Уурхайчдын амьдрал Ц.Даваасүрэн, А.Тлейханд хамаагүй юу?

Шарын голын нүүрсний уурхай “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээ өнгөрсөн долоо хоногоос зогсоогоод байгаа. Энэ нь “Шарын гол” ХК-ийн санхүүгийн байдал хүндэрч, өрөнд баригдсантай холбоотой.

“Шарын гол” ХК-ийн олборлосон нүүрсийг төрийн өмчит компаниудад нийлүүлэх үнийг Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн жилүүдэд хатуу тогтоож ирсэн. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр “Шарын гол” ХК-иас “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлэх эрчим хүчний нүүрсний үнийг тонн тутам нь 40500 төгрөг байхаар тогтоожээ.

Шарын голын уурхай бол компанийн статусын хувьд хувьцаат компани буюу хувийн өмчийн компани юм. Өөрөөр хэлбэл, тус уурхайн борлуулах нүүрсний үнийг төр тогтоох эрх зүйн үндэсгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон тонн тутмыг нь 40500 төгрөгөөр 100 хувийн төрийн мэдлийн “Эрдэнэт” үйлдвэрт нүүрс нийлүүлж байгаа тус компани олборлосон нүүрсээ бодит өртгөөс нь багаар бодоход 6000 төгрөгөөр дутуу өгч байгаа гэсэн үг юм. Энэ зөрөөнөөс үүдсэн санхүүгийн алдагдал компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Ялангуяа хөрс хуулалтын хоцрогдлыг бий болгож, энэ нь улмаар нүүрс олборлолтын өртөгт нөлөөлж иржээ. Өнөөдрийн байдлаар компанийн өр 45,6 тэрбум төгрөгт хүрчээ.

Уурхайнх нь байдал хүндэрсэн учраас өчигдөр уурхайчид Улаанбаатар хотод ирж, Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлага хүргүүлсэн бөгөөд олборлосон нүүрсийг нь тонн тутмыг ядаж 47000 төгрөг болгох, цаашлаад үнийг чөлөөлөхийг шаардлаа.

“Шарын гол” үйлдвэрчний хороон дарга Л.Наранбаатар “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан. Үүний үр дүнд “Шарын гол” ХК нүүрс олборлосон өртгөөсөө бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна" гэлээ.

Уурхайчдын шаардлагад Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Хуулийн дагуу эрчим хүчний нүүрсний үнийг тогтоох, хянах үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг тэгш хангадаг. Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 оноос эхлэн 6500 төгрөг, 2018 онд 2000, 2019 онд мөн 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. "Шарын гол" компани нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа шалтгаанаа аргачлалын дагуу, нотлох баримттайгаар шаардлагад нийцсэн материал ирүүлээгүй. Эрчим хүчний газруудад нүүрс нийлүүлж байгаа дөрвөн компани бий. Эдгээр уурхай дунд "Шарын гол" хамгийн өндөр тарифтай нь” гэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрт нүүрс нийлүүлж байгаа хэд хэдэн компани байгаа бөгөөд тэдэн дотроос “Шарын гол” ХК-ийн үнэ бусдаасаа өндөр байж магадгүй. Гэвч асуудлын гол нь “Шарын гол” ХК-иас бусад нь мөн адил төрийн өмчит компаниуд юм. Магадгүй тэдгээр компани Шарын голынхон шиг алдагдалтай үнээр нүүрсээ нийлүүлж байгаа ч төрийн өмчит учраас амаа нээх боломжгүй нөхцөлд байгаа байх.

Монгол Улсын Компанийн тухай хуульд “нээлттэй хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компани”, мөн “компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох эрхтэй“ заалтууд энд зөрчигдөөд байгаа юм.

“Шарын гол” ХК-ийн өр өнөөдрийн байдлаар 45,6 тэрбум төгрөг бөгөөд үүнээс татварын өр 6.3 тэрбум, нийгмийн даатгалын өр 500 сая, дансны өглөг 8,9 тэрбум, богино хугацаат өр 14,8 тэрбум, үлдсэн нь урт хугацаат өр төлбөр байна. Энэ нь Дампуурлын тухай хуульд зааснаар өөрийн хөрөнгөтэй харьцуулахад төлбөрийн чадваргүй гэж тооцох үндэслэлд хамаарах нөхцөл юм. Тус компаниас авлагатай зарим байгууллага эхнээсээ төлбөрөө нэхэмжлэн шүүхэд хандаж, данс хаалгах, хөрөнгө битүүмжлэх мэдэгдлийг өгөөд байгаа ажээ. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Татварын хэлтсээс 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр татварын өр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад байна.

“Эрдэнэт” үйлдвэрт улстөрчдийн шахааны бизнес байсаар байгааг олон баримт нотолдог. Улстөрчдийн халаасаа түнтийлгэж, улс төрийн зорилготой мөнгө босгох болохоор зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр наймаалцдаг, хувийн хэвшлийн компанитай наймаалцахдаа зах зээлийн үнээс хэд дахин доогуур авч тамирдуулдаг нь хаанахын ёс вэ? Уурхайчдын амьдрал Ц.Даваасүрэн, А.Тлейхан нарт хамаагүй юу?

Шарын голын уурхайгаас өнөөдөр 500 гаруй уурхайчин амьдралаа залгуулж байна.

“Шарын гол” ХК нь 1965 оноос дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж ирсэн Монголын ууган уурхайнуудын нэг юм.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж