УИХ дахь МАН-ын бүлэг долоо хоногийн өмнө шахам өргөтгөсөн хуралдаан хийх үед МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ёс зүйгүй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, нэр дэвшигчдээс хандив авахгүй” гэж хэлсэн нь одоо ч олон нийтийн цайны хачир болсоор л байна.
Монголын улстөрчид тэр дундаа МАН-ын гишүүд ёс зүйгүй болсон нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авснаас эхлээд Тариалан эрхлэлтийг дэмжих санг хүртэл хашраасан тухай мэдээлэл хөвөрч буй.
Хаана мөнгө байна, түүн рүү гар дүрдэг. Хаана албан тушаал байна, түүн рүү ах дүү амраг садан, танил талаа шургуулдаг зуршилтай болсон.
Авлигатай тэмцэх газрынхан ч бараг зүрх нь дош болж байх шиг. Учир нь Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны сүүлээр Хятадын хөрөнгө оруулалттай компаниас авлига авч байгаад саатуулагдсан ч үргэлжлүүлэн хорих саналыг нь шүүхээр хэлэлцэх үед “Хятадын иргэн ширээн дээр боодолтой юм тавиад гараад явсан. Түүнийг нь юу болохыг мэдээгүй” гэх тайлбар хийж, суллагдсан.
Энэ мэтээр авлигын хэрэг ч яамнаас салахаа больсон. Гэвч хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Монголоос өөр оронд бол салбарын сайд нь битгий хэл Засгийн газрынх нь хувь заяа яригдах учиртай. Харин Монголд ширлээд л бүрэн эрхээ дуусгана гэцгээгээд чичирцгээдэг.
Одоо харин боломж олдсон нь ёс зүйгүй хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх Ерөнхий сайдын үг үнэн бол ЖДҮ-чдээс эхлээд олон хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй байх ёстой юм.
Ерөнхий сайд аа хэлсэндээ л байдаг юм шүү. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж үгтэй. Төсвөөс дэлссэн юм байхгүй л бол компанийн захирлуудынхаа халаасанд багтчихгүй сонгуульд орчихвол бас л нэг шинэ жишиг шүү. Чадахгүй бол онигоонд л орно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ