“New York Times” сониноос 2020 онд заавал очиж үзэх 52 газрын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын 47-рт Монгол Улсыг нэрлэж, аялах шалтгаан, газар нутгийн онцлог, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хийж буй арга хэмжээ зэргийг дурдсан байна.
Хүн ам сийрэг суурьшсан энэ улсаар аялна гэдэг төсөөлөхөд бэрх ч тус улсад жил ирэх тусам жуулчдын тоо нэмэгдэж, дэд бүтэц ч сайжирсаар байгаа. Монгол Улс өнгөрсөн жил гэхэд л 530 мянган жуулчин хүлээн авсан юм. 2000 онд энэ тоо дөнгөж 150 мянга байв.
Улаанбаатар хотод нь тавдугаар сард шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Япон улсын санхүүжилтээр баригдаж буй уг нисэх онгоцны буудал нь одоогийн ашиглагдаж байгаа нисэх буудлаас гурав дахин том. Мөн Азийн бусад улс орнуудаас шууд нислэг хүлээн авах боломжтой.
Монголд 400 гаруй аялал жуулчлалын компани, 300 орчим зочид буудал, 600 орчим амралтын газар, жуулчны бааз бий. Засгийн газраас нь зочид буудал барих компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, аялал жуулчлалын бизнес эрхлэх лицензийг нь цуцлах зэргээр дэмжлэг үзүүлдэг.
Тус улсаар аялахдаа нүүдэл хийх, ууланд авирах, жигүүртэн шувуудыг үзэх, морь унах, сарлаг, тэмээгээр жин тээх зэрэг сонирхолтой зүйлсийг хийж үзэх боломжтой. Мөн аялал жуулчлалын бараг бүх компанийн аяллын хөтөлбөрт нь говийн аялал багтсан байдаг. Үндэсний баяр наадам нь долдугаар сард болдог бөгөөд энэ үеэр монголын үндэсний спортын төрөл болох бөх, сур харваа, морин уралдааны тэмцээнүүд болдог.
Эх сурвалж: NYTIMES
Холбоотой мэдээ