Чех улсын мэргэжлийн хоккейн дээд лиг болох “Экстралиг”-н тойргийн тоглолтын үеэр өчигдөр /2020.01.13/ нэгэн түүхэн амжилт бичигдлээ. Өдгөө 47 настай Чехийн домогт хоккейчин, Кладно багийн тоглогч Я.Ягр талбайд гарч Спарта Прага багийн эсрэг тоглолтонд оролцосноор дэлхийн шайбтай хоккейн түүхэнд 5 арванд талбайд гарч тоглосон 2 дахь тоглогч болсон байна. Спарта Прага багтай хийсэн тоглолтонд Я.Ягр 2 гоол, 2 гоолын дамжуулалт өгч, баг нь тус тоглолтонд ялалт байгуулжээ. Яромир Яграас өмнө шайбтай хоккейн түүхэнд 5 арван дамнан тоглосон цорын ганц тоглогч байсан нь ҮХЛ болон Канадын хоккейчин Горди Хоу юм. Канад эрхэм Г.Хоу 1946-1980 оны хугацаанд мөсөн талбайд тоглосон байдаг.
Домогт хоккейчин Я.Ягр хоккейн мэргэжлийн замналаа 1988-1989 онд 16 настайдаа тухайн үеийн Чехословак улсын хоккейн дээд лиг, өдгөө хүчин зүтгэж буй Кладно багийн бүрэлдэхүүнд багтан тоглосноор эхлүүлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 1980, 1990, 2000, 2010, 2020 онуудад талбайд гарч тоглохдоо нутгийнхаа Кладно, Оросын Авангард Омск, Италийн Болзано, Германы Шалькер Хайе, ҮХЛ-н Питтсбург Пингвинс, Вашингтон Капиталс, Нью-Йорк Рейнжерс, Филадельфиа Флайерс, Даллас Старс, Бостон Брюинс, Нью-Жерси Девилс, Флорида Пантерс, Калгари Флэймз гэсэн 4 өөр улсын лигт 13 багт тоглож байна.
Тамирчны замналын оргил амжилтаа тэрбээр ҮХЛ-т үзүүлж 2 удаа Стэнлийн цом хүртсэн бол 5 удаа лигийн онооны лидер, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор 1 удаа шалгарч, 13 удаа бүх-оддын тоглолтонд сонгогдосноос гадна ТХЛ-т 1 удаа түрүүлж, 3 удаа ТХЛ-н бүх-оддын тоглолтонд сонгогдсон. Мөн Чехийн шигшээ багийнхаа хамтаар олимпийн наадамд алт, хүрэл, ДАШТ-ээс 2 алт, 1 хүрэл, Дэлхийн цомоос 1 хүрэл медаль хүртэж байсан.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ