Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр /2020.01.14/ мэдээлэл хийлээ. Зөрчлийн хуулиар зохицуулж ирсэн гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд багтааж, хариуцлага тооцохоор болсон нь өмнөхөөсөө дордсон зохицуулалт болоод буй. Эл асуудалд тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн 6.21 заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргаж өгөөд торгуулдаг байсан нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд нөлөөлсөн.
Иймээс Зөрчлийн тухай хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авхуулахаар санал нэгдэж, шаардлага хүргүүлсэн. Ингээд уг хуулийн 6.21 гэдэг заалт байхгүй болсон. Харин өчигдрөөс "Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт Эрүүгийн хуульд орсон" гэдэг ташаа зүйл цахим орчинд цацагдлаа.
Зөрчлийн тухай хуульд байсан зүйл заалтаараа Эрүүгийн хуульд тусгагдахаар анхны төсөлд танилцуулагдсан нь үнэн. Эрүүгийн хуульд оруулахдаа “худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол” гэсэн байдлаар ч төсөлд танилцуулагдсан.
Гэхдээ салбарын төрийн бус байгууллагууд Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн хатуу саналтай байсан.
Харин сошиал орчинд хуурамч хаягнаас худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэн доромжилж байгаа гэмт хэрэгтэй Иргэний болон Зөрчлийн хуулийн түвшинд тэмцэж болохгүй байгаа талаар Ажлын хэсэг тайлбарладаг.
Бидний хувьд ч энэ үндэслэлийг няцаах боломжгүй. Хэн ч худал мэдээлэл тарааж болохгүй. Ялангуяа сошиал орчинд нэрээ нууцлан хүнийг ор үндэслэлгүйгээр гүтгэдэг этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж тодруулахад энэ заалт ач холбогдолтой гэж ажлын хэсэг тайлбарласныг бид хүлээж авсан.
Гэхдээ Хууль зүйн байнгын хороогоор олон удаа орсны дараа Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүүлийн томъёолол нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох…” гэж орсон.
Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан анхны саналыг бид байхгүй болгож чадсан.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Ажлын хэсэгтэй бид “Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байх үедээ санамсар болгоомжгүйгээр мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх эрх зүйн боломжийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд оруулж өгөх талаар ойлголцолд хүрсэн” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ