Хүүхдээ хайхрахгүй бол торгоно

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хайхрахгүй бол торгоно

Хүүхдээ хайхрахгүй бол торгоно

Гунан үхрийн эврийг ч хуга хөлдөөдөг гэх гурван ес эхэлсэн энэ үед галгүй, хүйтэн гэрт 2-7 насны гурван хүүхэд хоол унд ч үгүй хоёр хоносон талаар бид өмнө нь мэдээлсэн. “Хүүхдүүдийг хамгаалах байранд авсан, дөн өвлийн хүйтэнд балчир үрсээ хаяад явсан эцэг, эхтэй ярилцаж шалтгаан байдлыг тогтоохоор ажиллаж байна” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн Т.Мөнхцэцэг тайлбарласан юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар ээж, аав нь архины хамааралтай тул гурвын гурван хүүхдээ хөхөө өвлийн хүйтэнд хөсөр хаясан гэнэ. Золоор хүүхдүүд Хүн ам, орон сууцны ээлжит тооллогоор явж байсан комиссын мэргэжилтэнтэй таарч, мэргэжилтэн хүүхэд хамгаалах байгууллагад хандсанаар хүүхдүүд хөлдөж, өлсч үхэх аюулаас аврагдсан юм.

Энэ төрлийн буюу хүүхдийг үл хайхарсан хүчирхийлэл 2019 онд 2203 гарчээ. Хүүхдийг хоол унд, хувцас, орон байраар санаатайгаар гачигдуулж, үл хайхарсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу ердөө 50 мянган төгрөгөөр торгодог юм байна. Мөн цаашлаад эцэг, эх байх эрхийг нь хасах шийдвэрийг шүүхээр эцэслэн тогтоодог байна.

Хүүхдээ хаяад явсан эцэг эхийн энэ үйлдэлд тооцох хариуцлага харьцангуй сул байгаа нь тэднийг хийсэн хэргийнхээ төлөө гэмшихэд хүргэдэггүй, толгойг нь илээд өнгөрч байна.

Мөн хорооны нийгмийн ажилтан нь хаана эрсдэлд өртөх эрсдэлтэй хүүхэд байна тэр бүрт хүрч ажиллаж, эргэж тойрч байх учиртай. Гэтэл дээрх хүүхдүүдийн харьяалал болох Баянгол дүүргийн XXII хорооноос энэ талаар лавлахад “Та нарт ямар хамаатай юм бэ” гэсэн хариулт өгөөд сууж байх юм.

БИЕ МАХБОД БОЛОН ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ЗОНХИЛДОГ

Хүүхдээ хөсөр хаясан ээж, аавд холбогдох асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн Т.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхисон ээж, аав одоо хаана байна вэ?

Манайх кейсийн мэдээлэлд нууцлалтай ханддаг. Хүүхдийн аливаа хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл дээр цагдаагийн байгууллага очоод аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Үнэлгээ дунд болон өндөр гарсан тохиолдолд, хүүхдийг тухайн орчноос тусгаарлан, аюулгүй байдлыг хангах үүднээс Түр хамгаалах байранд хүүхдүүдийг аваачдаг. Тухайн кейсийн хувьд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалах байранд хүргэсэн байгаа.

Хоол ундгүй, гал усгүй, хүйтэн орчинд амьдарч байсан учраас анхан шатны хэрэгцээ болох идэж уух зүйл дулаан байраар, аюулгүй байдлыг нь хангасан.

Дуудлагатай холбоотойгоор дараагийн шатанд хорооны хамтарсан баг, дүүргийн хэлтсийн хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд хамтраад тухайн айлд нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Энэ хүрээнд эцэг, эхийг дуудаж уулзаад, асуудлыг тодруулдаг. Үүний дараа ямар үйлчилгээ үзүүлбэл зохимжтой талаар төлөвлөгөө гаргадаг. Ингээд төлөвлөгөөний дагуу үйлчилгээ үзүүлдэг. Дээр дурдсан кейсийн тухайд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан. Одоо хамтарсан үнэлгээ хийж байна.

-Ээж, аав нь архины хамааралтай хүмүүс гэж үнэн үү?

-Манайх кейсийн мэдээлэлд нууцлалтай ханддаг гэж дээр дурдсан. Одоогоор ээж, аавтай нь уулзаж, үнэлгээ хийж байна. Ямартай ч ээж, аав нь хоёул хүүхдүүдээ үл хайхраад орхиод явчихсан байгаа.

-Хүүхдүүдийг ээж, аавд нь буцааж өгөхгүй биз дээ. Нэг орхиод явсан хүмүүс дахин хаяж явахгүй гэх баталгаагүй?  

-Одоогоор үнэлгээ хийж байна. Үнэлгээгээр шалтгаан нөхцөлийг нь тогтоож, ямар арга хэмжээ авбал зохимжтой нь тодорхой болно. Манайх хүүхдийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж, шүүхийн шатанд хүртэл асуудлыг тавьж ажилладаг.

-Дээр дурдсан 2203 үл хайхрах хүчирхийлэл ихэвчлэн юунаас шалтгаалан үүссэн байна вэ?

-Маш өргөн хүрээтэй асуудал. Нийгмийн хүчин зүйл, ажилгүйдэл, ядуурал, архины хамаарал, гэр бүлийн боловсролыг багаас нь төлөвшүүлээгүй зэрэг олон зүйлээс шалтгаалсан байдаг.  Хүүхдийн түр хамгаалах төв, хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирж буй мэдээлэлд анализ хийгээд үзэхээр дийлэнх нь эцэг, эхчүүдийн архины хамаарал, ажилгүйдлийн улмаас хүүхдийг үл хайхарч байна. Мөн хүүхдийнхээ насны онцлогийг мэддэггүй, хоёр настай хүүхэд, өсвөр насны хүүхдийн насны онцлогийг талаарх мэдээлэл дутмагаас хүүхэдтэйгээ үл ойлголцдог, бие махбод болон оюун санааны хөгжил төлөвшөөгүй үед нь хэрхэн харьцах талаар мэдлэг дутмагаас хүүхдийг үл хайхрах болон бусад хүчирхийллийн асуудал гардаг.

-Үл хайхрах хүчирхийлэл бусад хүчирхийллийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлагын 80 хувийг хүүхдийн тусламжийн утас 108-аар дамжуулан хүлээн авч байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд зөвлөгөө мэдээлэл хүссэн, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар 2019 онд 141 мянган дуудлага ирсэн.  Жилд дунджаар 141-150 мянган дуудлага хүлээж авдаг.  Үүний хүүхдийн хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 20-30 хувийг эзэлдэг. Бие махбод болон үл хайхрах хүчирхийлэл нь бусад зөрчлөөс их ирдэг. Харин зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлага нийт дуудлагын 60-70 хувийг эзэлж байна.

-Хүүхдийг үл хайхрах зөрчлийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрхийн зөрчлийн чиглэлээр, аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, гэр бүл, залуучуудын хөгжлийн чиглэлээр маш олон 54 үйл ажиллагааг 2018-2019 онд хэрэгжүүлсэн. Урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлууд хийж байна. Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар сургалтуудыг дүүрэг хороо болоод албан нэгж, байгууллага, эцэг эхчүүдэд явуулсан. Хүүхэд хамгаалах төслийг хэрэгжүүлж байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж