Умард ирландчууд ижил хүйстэнтэйгээ гэрлэлтээ баталгаажуулж болохоор болжээ. Энэ шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн байна.
Иймээс гэрлэж амжаагүй анги хосууд гэрлэлтээ бүртгүүлж болохоос гадна аль хэдийн гэрлэсэн хосуудын гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гэвч хамтран амьдрагч хэмээн бүртгүүлсэн хосууд одоохондоо "Хамтран амьдрагч" гэх бүртгэлээ "Гэрлэсэн" хэмээн өөрчлүүлэх боломж хараахан бүрдээгүй байгаа гэнэ. Умар Ирландын удирдлагууд энэ асуудалд онцгойлон анхаарч, энэ ондоо багтаан дээрх бүртгэлүүдийг өөрчлөх боломжтой болгох тал дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн эсрэг хүйстэн хосууд энэ өдрөөс эхлэн "Хамтран амьдрагч" хэмээн бүртгүүлж болохоор болж байгаа ажээ.
Умард Ирландад Стормонтын чуулган нуран унахад гэрлэлтийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид Вестминстерт анхаарлаа хандуулж эхэлжээ. Улмаар 2019 оны долдугаар сард УИХ-ын гишүүд үр хөндөлтийн тухай хуулийг өөрчлөх, ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуульчлах талаар анхаарлаа хандуулсан гэнэ.
Ижил хүйстэнтэйгээ гэрлэх тухай хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүн Конор МакГинн CNN агентлагт "Тэгш эрх, хайр, хүндэтгэлийг эрхэмлэдэг хүн бүр энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр бол Умард Ирландын хувьд түүхэн өдөр. Өнөөдрөөс эхлээд анги хосууд хайр сэтгэлээ тунхаглаж, албан ёсоор айл болох боломжтой боллоо" хэмээн ярьжээ.
Мөн "Эмнести Интернэшнл" байгууллагын Патрик Корриган "Умард Ирландын тэгш эрхийг дээдлэгчдэд түүхэн өдөр тохиож байна. Маш урт хугацааны турш Умард Ирландад ЛБГТ+ хүмүүс дорд үзэгдсээр ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн тэд бусад бүх хүмүүсийн нэгэн адил хайр сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх, батлуулах боломж бүрдэж байна" хэмээн ярьжээ.
Анх 2014 онд Англи, Шотланд, Уэльст ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн ч Умард Ирландад хориотой хэвээр үлдсэн юм. Харин 2015 оны арваннэгдүгээр сарын чуулганаар уг асуудлыг хэлэлцэхэд олон улстөрчид анх удаа ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг дэмжсэн билээ. Гэвч хуульд өөрчлөлт оруулахыг хориглосноор дээрх асуудал дахиад л хойшлогдсон байжээ.
Хосууд гэрлэхээсээ 28 хоногийн өмнө гэрлэх хүсэлтээ гаргах ёстой байдаг учир Умард Ирландын анхны анги хурим гэгээн Валентины өдрөөр тохиох нь ээ.
Холбоотой мэдээ