ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон уу?

ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон уу?

УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор болсон бол мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбарлалаа.

Жишээгээр тайлбарлавал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийн хэрэг энэ зүйчлэлд  хамаарч, хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа  зогсож байна гэж тайлбарлаж болох аж. Хууль батлагдсан өдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ.

Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийг буцаан хэрэглэдэг практик дэлхийд байхгүй. Тийм учраас ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүдийг шүүхээр оруулж, хэргийг нь хэлэлцлээ ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг шиг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ял авах боломжгүй болно. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана” хэмээн тайлбарлаж буй юм. Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна.

Жил гаруйн өмнө УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианд нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас энэ хэргийг шалгаж эхэлсэн.

Удалгүй Улсын ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч 64-ын бүлэг татгалзаж, хүлээн аваагүй юм.

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хас говь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкаараа дамжуулан 2.3 тэрбумын зээл авсан асуудалд нэр холбогдсон.

Мөн эрхлэх асуудлынх нь харьяалалд ЖДҮХС хамаарч байгааг ашиглаж, хамаарал бүхий “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид зээл олгосон үндэслэлээр Б.Батзориг гишүүн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаасаа огцорсон.  АТГ энэ хэргийг шалгаад түүнийг эрх мэдэл, авлига албан тушаалаа ашиглаж, бусдад давуу боломж олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан. Хэрэг шүүхийн шатанд шилжин ирж, өнгөрсөн онд шүүх хурлыг товлох хоёр ч удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хойшилсон юм.

Хурал хойшлохтой зэрэгцэн МАН-ын ЖДҮ-чдээс гагцхүү УИХ-ын гишүүн Б.Батзориг хариуцлага хүлээж, бусад нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ цайруулах нь гэсэн хардлага дагасан. Харин Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр ЖДҮ-чдийн хэрэгт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно гэж төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тодотгосон ч няцаагдаж буй.  Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завшихгүй байх боломж олгосон хуулийг УИХ-аас баталсан ч шүүгчдийн үзэмжээр хэрэг шийдэгдсэн гэдэг тайлбар хийвэл гайхаад байх аргагүй нь.

Онцолход, АТГ ЖДҮХС-тай холбоотой 49 УИХ-ын гишүүн, мөн төрийн алба хашиж байсан хүмүүстэй холбогдох төслүүдийг шалгаад гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, прокуророос хаасан байдаг. Эдгээрт тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүд хамаарсан юм. Үүнд:

  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК багтав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж