Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмад настаны тэтгэврийг нэг удаа төрөөс тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч хэлэлцэн тогтоол гаргахдаа Үндсэн хууль зөрчсөн талаар өнөөдөр /2020.01.14/ зээлгүй ахмадуудын “Байгалийн баялагийн тэгш шударга хуваарилах түр хороо”-ноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээл авсан аваагүйгээр нь хоёр хуваан тогтоол гаргасанд бага тэтгэвэртэй ахмадууд гомдолтой байгаагаа хэлэв. Мөн бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмадууд боломжтойдоо бус тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арайхийн залгуулдаг учраас зээл авч чаддаггүй гэдгийг хэлсэн юм. Тиймээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх гэнэ.
“ЗЭЭЛ АВААГҮЙ 30 ГАРУЙ МЯНГАН АХМАД НЭГДЭЭД БАЙНА”
Энэ талаар Зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Бид түр хороогоо байгуулаад гурав хонож байна. Одоогоор түр хороонд 30 гаруй мянган зээл аваагүй ахмад нэгдээд байна. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр бэлдэж байна. Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яаран ийм тогтоол гаргасанд ахмадууд гомдолтой байна. Зээл аваагүй олон мянган иргэд Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын даргад өргөдлөө бичиж, хүргүүлээд байгаа.
“ХОНОГИЙН ХООЛНЫХОО МӨНГИЙГ ТАСЛАХГҮЙ ГЭЭД ЗЭЭЛ Ч АВЧ ЧАДДАГГҮЙ”
Түр хорооны гишүүн Ж.Цэрэнгончигийн хувьд 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэнэ. Тэрбээр тэтгэврийн зээл авчихаар дараа сардаа амьдралаа залгуулах санхүүгийн эх үүсвэргүй болох учраас зээл авдаггүй гэдгээ учирласан юм. “Өнөөдөр нэг хэсэг ахмадууд нь өч төчнөөнөөр нь зээл аваад амьдарч байхад зарим нь хоногийн хоолныхоо мөнгийг таслахгүй гээд зээл ч авч чадахгүй, тэтгэврээ сар сард нь арайхийн авч зарцуулж байна. Гэтэл өнөөдөр зээл аваагүй ахмадууддаа нэг цаас өгч, 2021 оны тавдугаар сарын 1-нээс “амь орно” гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Ингэж ахмадуудыг хуурч болохгүй шүү дээ” гэв.
Харин Г.Бадам гуай оёдлын үйлдвэрт насаараа ажилласан бөгөөд тухайн үед үндсэн цалин нь бага учраас хувь тэнцүүлсэн тэтгэврээр 190 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод одоо 270 мянган төгрөг гар дээрээ авдаг гэнэ. “Миний хувьд зээл авах ямар ч боломжгүй амьдралтай. Би тэтгэврийн зээл авлаа гэхэд дараа сар нь амьдрах аргагүй байдаг. Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэж байхаар байгалийн баялгаа тэгш хуваарилж, бүх ахмад настнуудад тэнцүү хувь хүртээх ёстой” гэдэг байр сууриа илэрхийллээ.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ