Ардчилсан намын ноён нуруу

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ноён нуруу

Ардчилсан намын ноён нуруу

“NEWS” агентлаг “76:1” булангаараа дамжуулан парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Д.Эрдэнэбатыг онцолж байна.


Түүнийг Ардчилсан намын ноён нуруу гэж тодорхойлж болно. Өнөөгийн парламентад хоёрдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа, улстөрчийн хувьд хэдийнэ туршлага суусан гэж хэлж болно. Тэрбээр 1967-1977 онд Зүүнхараа сумын 1-р арван жилийн сургууль, 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгсчээ. “Авто-инженер, механикч” мэргэжилтэй, Багануурын нүүрсний уурхайд засварчин, механикч, авто хүнд механизмын хэсгийн даргаар ажиллаж байсан аж. Харин 1993-1999 онд “Ноён” ХХК-ийн захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос “Ноён” группийн ерөнхий захирал, 2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2014 онд УИХ дахь Ардчилсан намын дарга, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан бол өдгөө УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Авто-инженер, механикч мэргэжилтэй түүний улс  төрийн замнал 1990-ээд оны сүүл үеэс эхлэлтэй. Парламентад 2012 онд намын жагсаалтаар анх удаа сонгогдон орж ирсэн. Ардчилсан намыг 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Засгийн эрх авахад гол ноён нуруу болж, ажилласан улстөрчийн нэг юм. Ардчилсан намын гал тогоог барьж байх хугацаандаа Д.Эрдэнэбат гишүүн “Хар дарга” гэж хоч автлаа 21 аймгийг 300 гаруй сумтай нь тойрч, судалгаа аван, намаасаа санаачилсан “Монгол хүн 2020” хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулсан тухай намын нөхөд нь хуучилдаг. Эл хөтөлбөрт 21 аймгийн онцлог болоод давуу, сул талууд тусаж, Монголын 21 аймгийг хөгжүүлэх цогц концепци болж, боловсруулагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулж чадаагүй байсан хөгжлийн концепцийг Ардчилсан намынхан түүний хүчээр боловсруулж чадсан түүхтэй. Тэр ч утгаараа намын гишүүдийнхээ дэмжлэг хүлээж,  намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдсан. Намаа зангидаж чадаж байсан туршлагыг нь парламентад ашигласан хэрэг.

Тухайн үед Д.Эрдэнэбат гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга байхдаа “Парламентад суудалгүй намуудыг татан буулгах эсэх дээр манай намын бүлгийнхэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн нь парламентад суудалгүй ч улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог намуудын дарга нарын уурыг хүргэсэн мэдэгдэл байв. Үүнээс үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан түүнд хатуу үгс чулуудаж “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ, Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна” хэмээн адлуулж байв. Бусдаар тэрбээр бүлгийн даргаар ажиллаж байхдаа хэл, аманд орж байсангүй.

Гэхдээ Шийдлийн Засгийн газар огцорч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болж, сайдад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг санал болгосноор гол танхимынх нь сайдаар томилогдсон юм.

Тэрбээр тус яамыг хариуцаж ажилласан хугацаандаа мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зорьсон байдаг. Мөн Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэхэд илүүтэй төвлөрч үндэсний томоохон компаниудын төлөөллүүдэд  гаднын туршлага судлуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмрээ оруулсан. Өнөөгийн хэл ам дагуулдаг ЖДҮХС-гаас аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эрх  тухайн үед Д.Эрдэнэбатын мэдэлд байв. Түүний зөвшөөрөлтэйгөөр 2012-2016 онд олгосон нийт зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдэд хүрсэн гэдгийг тэрбээр сүүлд тодотгосон. Экспортыг дэмжих төслүүдийг салбарын яамнаасаа дэмжээд явуулахад банк "Шаардлага хангахгүй байна" үндэслэлээр зээл олгохгүй болоход зарим тохиолдолд банкны салбарынхантай барилцаж авахаас наахнуур болж, төслүүдийг дэмжүүлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр муудаж сайдан ажлаа урагшлуулдаг байсан тухай үйлдвэрлэгчид ярих нь бий.

Хэдийгээр түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн тухай мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр гарсан ч няцаалт өгч, “Аж үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаандаа хувийн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүйгээс гадна хууль зөрчсөн удаагүй. Мөн миний болон гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй” гэдгээ мэдэгдэж байв.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Хэл аманд ороод байх нь бага ч, мөн сайдаар ажиллаж байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан хэрэгт оролцсон гэж АТГ-аас өнгөрөгч оны тавдугаар сард түүнийг шалгасан.

Тэрбээр үүнд тайлбар өгч, Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Надад айх, өөрийгөө хамгаалах зүйл байхгүй. Аж үйлдвэрийн сайдын хувиар "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Засгийн газрын хамтын шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан” хэмээн хэлж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТЫН ХОМ

Нийт орлого: 29 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого:  2 сая төгрөг
Нийтийн орон сууц: 2
Зуслангийн байшин:1
Үйлчилгээний зориулалттай: 1
Тээврийн хэрэгсэл: Toyota,Land Cruiser 200- 1,Toyota,Land Cruiser 200- 1
Мал аж ахуй: Ямаа-115, Хонь-213, Үхэр-41, Адуу-2
Газар: Эзэмших, 1.5 га-1, Эзэмших, 1.6 га-1, Эзэмших, 2.6 га-1
Хадгаламж /дотоод дахь данс/: 6 сая  төгрөг
Хөрөнгө оруулалт: Хангай ХК, Хорол-Эрдэнэ ХХК, Адуунчулуун ХК, Ноён ХХК

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Авто-инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

2008 онд "Ноён" группын ерөнхий захирал

1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга

1993-1999 онд "Ноён" ХХК-ий захирал

1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

ГАДААД ХЭЛ:

Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж