Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Говь- Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 7205 малчин өрхөд 3597.2 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 83.0 мянган толгой буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин тус аймгийн нийт 443 өрхийн 308.2 мянган толгой мал отрын бүс нутаг, хилийн зурвас, бусад сум, аймгийн нутагт отроор өвөлжиж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 85.5 тн тэжээл, сумд аюулгүйн нөөцдөө 691.8 тн өвс, 331 тн тэжээл, нийт 851.8 тн өвс, 416.5 тн тэжээлийг бэлтгэсэн. Өвөлжилт хүндрээгүй учраас аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгоогүй байна. Мөн малын зүй бус хорогдол гараагүй гэдгийг аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр танилцуулсан.
Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хуралдааны үеэр аймгийн нийт нутгийн 77% нь зудын нэн их эрсдэлтэй байгааг харгалзан үзэж, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг бууруулах талаар арга хэмжээг авах саналыг ажлын хэсэгт уламжлав.
2020 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур тус аймгийн нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Есөнбулаг сум 9 см, Хөхморьт, Шарга сумд 5см, Ажбогд, Баян-Уул, Дэлгэр сумд 4см, Баянтоорой, Жаргалан, Тайшир, Цогт, Эрдэнэ сумд 3 см, Бугат, Дарив, Халиун, Гуулин сумд 2 см, Төгрөг, Чандмань 1 см, Тонхил, Бигэр, Цээл сум 0.8 см зузаан цастай байна.
Ажлын хэсэг Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ