Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Монгол Улсад дэлхийн улс гүрнүүд шиг олон зуун, сая жилийн настай барилга байгууламж байхгүй. Гэхдээ тодорхой түүхэн цаг хугацаа, үнэ цэнэ, ач холбогдлын шалгуур үзүүлэлтийг давж, түүхэн дурсгалт соёлын өвд бүртгэгдсэн хэд хэдэн барилга байгууламж бий.

Өнөөдөр Улаанбаатар хотын ой санамж болсон музейн барилгуудыг бүтээн байгуулалт нэрийдлээр буулгаж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх талаар хөндөж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын драмын эрдмийн театрыг нийт ажилчдын 2019 оны эцсийн хурлаар захирал нь “Театрынхаа эх барилгыг буулгана” гэдэг мэдээллийг өгсөн гэх. Гэтэл өчигдөр /2020.01.13/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гэнэтийн мэдээлэл хийж “Драм болон дуурийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нураахгүй, засварлана” гэдэг тайлбарыг өгсөн.

“ДРАМ, ДУУРЬ, ТӨВ НОМЫН САНГ ЗАСВАРЛАХААР ТУС БҮР ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН”

Салбарын сайд мэдээлэл хийхдээ “Бид улсын төсөвт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сан дээр тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр ямар ажил хийх вэ гэхээр гурван барилгыг шинэчилж, засварлана. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэрнээс өмнө энэ ондоо багтаан соёл урлагийн гурван барилгыг засварлана. Зарим нь засварын ажлын зурагтай юм билээ. Мөн дээр нь төсөв санхүүгийн байдлаас болж тухайн байгууллагууд тоног төхөөрөмж, хөгжим аппаратур, сандал суудлаа шинэчилж чадаагүй олон жил болсон. Тийм учраас төсөвт суулгасан мөнгөөр шинэчлэх ажил явж байгаа. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гээд хөрөнгийг суулгасан байгаа. Энэ гурван барилгыг шинээр барихад маш олон тэрбум төгрөг шаардлагатай болно. Тийм мөнгө байхгүй. Өнгөрөгч аравдугаар сарын 8-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний хэлсэн байр суурь хэвээрээ байгаа. Та бүхэн тайван амгалан байж болно. Соёл урлагийн байгууллагуудын барилгыг засварлах ажил олон жил хөрөнгө мөнгө, санхүүжилтгүйгээс орхигдсон байсан. Харин 2019, 2020 онд маш сайн төсөв төсөвлөсөн. Энэ ажлаа ном журмынх нь дагуу явуулчихмаар байна” гэсэн юм.

“ГУРВАН БАРИЛГЫГ СОЁЛЫН ӨВД БҮРТГЭЖ АВААГҮЙ”

Одоогоор эдгээр гурван барилгыг соёлын өвд бүртгэж аваагүй байгаа гэдэг хариултыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн хэллээ. Мэргэжлийн шинжээч, архитекторуудын гаргаж ирж буй баримт, судалгаан дээр үнэлгээ хийж, үнэхээр соёлын өвд хамруулах шаардлагатай гэвэл бүртгээд л авна гэлээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэнгээс тодруулахад “Соёл урлагийн байгууллагуудыг засварлах шаардлага байгаа учраас л засвар үйлчилгээг хийнэ. Эдгээр барилга түүх соёлын дурсгалт барилга мөн үү, биш үү гэдгийг бид анхаарч авч үзэж байгаа. Өнгөрөгч 2019 оны зургадугаар сараас эхлэн энэ барилгууд дээр шинжээчдээр судалгаа хийлгэсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард судалгааны зарим нэг үр дүнтэй урьдчилсан байдлаар танилцаад байна. Гэхдээ одоо ийм тийм гэж хэлэхэд хэцүү.

Хоёрдугаарт, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал гэдэг нь өөрөө соёлын өв. Соёлын өв нь тодорхой цаг хугацаа, үнэ цэнэ, ач холбогдлын шалгуур үзүүлэлтийг давах ёстой. Энэ гурван барилгын тавигдаж буй шалгуур үзүүлэлтэд өмчлөлийн, эх төрх бүрэн бүтэн байдал, холбогдох мэдээлэл дутмаг зэрэг зарим нэг асуудал гарч байна. Ямар ч байсан хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ барилгуудад засвар үйлчилгээ хийнэ гэдгээ төр засгийн бүх шатанд илэрхийлсэн.

Улаанбаатар хотын түүхэн цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах чадвар бүхий архетиктурын чуулга гэвэл өөр ойлголт шүү дээ. Зарим судлаач, архитекторууд эдгээр барилгыг шууд соёлын өв мэтээр тайлбарлаад байгаа. Тийм биш л дээ. Богд хааны ордон музейг аль нэг театрын барилгатай харьцуулаад үз дээ. Аль нь үнэ цэнэтэй байна вэ” гэдэг асуултыг тавьж байлаа.

ДРАМЫН ТЕАТРЫГ БУУЛГАХ АЛБАН ТООТЫГ БСШУСЯ-С НИЙСЛЭЛД ХҮРГҮҮЛСЭН

Холбоотой мэдээ

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

Гэтэл 2020 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг буулгаж, шинээр барихаар болсон талаарх жагсаалт сошиал орчинд цацагдах болсон. Үүнд салбар яамнаас “Цаасан дээр бичигдсэн тоо болгон нурааж, буулгана” гэсэн үг биш гэдэг тайлбарыг ч өгч байв. Уг жагсаалтад

  • Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг
  • Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг
  • Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг
  • Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг түүхэн барилгыг буулгаж, дахин шинээр барихад төсөвлөсөн байх юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улсын драмын эрдмийн театрыг буулгах албан тоотыг БСШУСЯ-с нийслэлд хүргүүлсэн гэдгийг хэлсэн юм. Тус театрыг Залуучуудын эвлэлийн гишүүдийн хөрөнгөөр Монголын ууган архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын зургаар 1957 онд суурийг тавьж, 1960 онд барьж байгуулсан түүхтэй.

"Ё.БААТАРБИЛЭГ САЙД ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА"

“Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр

-Өнгөрөгч 2019 онд Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сан болон бусад түүхэн дурсгалт барилгыг буулгах, шинээр дахин барьж байгуулах асуудлуудыг ярьж эхэлсэн. Байгалийн түүхийг музейн барилгыг нурааж, 2020 онд суурин дээр нь Чингис хааны музейн барилгын ажлыг эхлүүлнэ гэдэг мэдээллийг өгч, улсын төсөвт суулгасан. Өнөөдөр /2020.01.13/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Драмын театр болон бусад барилгыг нураахгүй, засварлана гэдэг гэнэтийн мэдээллийг хийлээ. Сайдын энэ үгийг үндэслэлтэй гэж хэлэхэд хэцүү.

Учир нь, 2020 оны улсын төсөвт эдгээр барилгыг шинээр барих зардлуудыг тусгаад байна. Тиймээс салбарын сайдын мэдээлэл хангалтгүй. Улсын төсөвт нэгэнт тусгасан бол энэ ажлууд цаашдаа үргэлжлэн хийгдэх болно. Үүний нэг илрэл нь Байгалийн түүхийн музейн барилга. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр барилгыг нь нурааж харуулсан шүү дээ. Одоо бидэнд салбар яамны сайдын үгэнд итгээд суух арга байхгүй.

Мөн 2020 оны улсын төсвийн төслөөс ил болсон мэдээллээр өнгөрсөн жил Дуурь, Драмын театр тус бүрт хоёр тэрбум төгрөг суулгасан гэсэн. Уг төслийг нягтлаад үзэхэд энэ хоёр тэрбум төгрөг нь зөвхөн 2020 онд театрын барилгын талбай чөлөөлөлт, зураг төсөлд л зарцуулагдахаар төсөвлөж, барилгаа хэрхэн барих нь тодорхойгүй байсан. Үүнийг тодруулбал, эдгээр гурван барилгад тус бүр 50 гаруй тэрбум төгрөг тусгаад байна.

Энэ төслийг 2019 оны сүүлчээр УИХ-аар баталсан. Тиймээс салбар яамнаас эдгээр барилгыг нураахгүй гэдэг баримтуудаа олон нийтэд ил болгох хэрэгтэй. Бид эсрэгээр нь барилгыг нурааж, буулгахтай холбоотой гэж баримтуудыг бүрдүүлж байгаа. Тун удахгүй баримт бичгийг олон нийтэд ил болгоно.

Эдгээр барилга маргаангүй түүхэн дурсгалт барилгын тоонд орно. Хэрвээ түүхэн дурсгалт барилга биш гэвэл өнөөдөр манай Улаанбаатар хотод өөр түүхэн  дурсгалт барилга байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, БСШУСЯ-наас удирдамж гарган нийслэлийн гүйцэтгэлтэйгээр соёлын өвийн тоо тооллого хийгдэж, бүртгэсэн. Соёлын өвийн төвөөс эдгээр барилга соёлын өвд хамаарна гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг талаар ярьсан юм.

“Эрдэм шинжилгээний байгууллагууд түүхэн дурсгалт барилга мөн гэдгээ нотлох ёстой”

Харин энэ талаар Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн захирал Г.Энхбатаас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Аливаа түүх соёлын үл хөдлөх дурсгалыг эрх зүйн хамгаалалтын хувьд улсын, аймаг нийслэлийн, сум дүүргийн хамгаалалтын жагсаалд орсон гэсэн гурван зэрэглэлээр ангилдаг. Өнөөдрийн байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 9537 орчим дурсгал болоод дурсгалд хамаарч болох биет эд өлгийн зүйлсийн мэдээлэл бий. Өнгөрөгч 2015 оны тооллогоор бид дөрвөн ангиллаар бүртгэл хийсэн.

Нэгдүгээрт, дээрх гурван зэрэглэлд байгаа түүхэн дурсгалуудыг газар дээр нь үзье. Дараагаар нь ирээдүйд түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орж болох биет эд өлгийн зүйлсийн урьдчилсан жагсаалтыг хээрийн судалгаагаар бүртгэж авсан. Зарим хүмүүс эдгээр гурван барилгыг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд орсон л бол соёлын өв болсон мэтээр ойлгоод байна.

Эдгээр гурван байгууллага дээр миний хэлсэн гурван зэрэглэлийн алинд нь ч байхгүй. Эдгээр нь ирээдүйд соёлын өвд орж болох түүхэн дурсгалт уран барилгын хэв шинжээр орох ёстой гэж үзэх юм бол судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны талаар нь нотолж, үнэхээр соёлын өв мөн гэвэл тэрийгээ ном, өгүүлэл хэлбэрээр бичих бүрэн эрхтэй.

Улсын хамгаалалтад авсан газрыг Засгийн газар баталдаг. Аймаг, нийслэлийн хамгаалалтад авсан бол салбар яам нь баталдаг бол сум, дүүргийн хамгаалалтад авах түүхэн дурсгалыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хуралдаж, саналаа яам тамгын газар өгдөг юм. Монгол Улсын хувьд түүхэн дурсгалт уран барилга гэхээр зөвхөн сүм хийдийн барилгаар төсөөлдөг байсан. Гэтэл бид 2015 онд анх удаа түүхэн дурсгалт уран барилгын хэв шинжийг агуулж буй барилгуудыг үзлэгт хамруулж, урьдчилсан жагсаалтад хамруулъя гэдэг шийдвэрийн дагуу 1960-аад оноос өмнө баригдсан барилгуудыг бүртгэж, энэ гурван барилгын мэдээллийг цуглуулсан.

Одоо энэ барилгуудаа маш яаралтай хамгаалах гэж байгаа бол архитектор, эрдэм шинжилгээний байгууллагууд нь түүхэн дурсгалт барилга мөн гэдгээ нотлох ёстой. Сүүлийн үед сошиалд яригдаад байгаа Төсвийн тухай хуульд орж буй төсөв мөнгө бол өмнө нь яригдаж байсан тухайн барилгуудад хүчитгэл хийх, хэсэгчилсэн засвар үйлчилгээ хийх талаас нь яригдаж байсан зүйл. Тэрнээс биш ор мөргүй шууд нураана гэдэг асуудал байхгүй байх” гэж тайлбарлав.

Дашрамд сонирхуулахад өнгөрөгч долоо хоногийн гурав дахь өдөр /2020.01.08/ Засгийн газрын хуралдаанаар Улсын хамгаалалтад орох 182 түүхэн дурсгалт, соёлын өвийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Одоогоор энэ жагсаалт хараахан албажиж ирээгүй байгаа бөгөөд үүний дараагаар аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн хамгаалалтад авсан түүхэн дурсгалт соёлын өвийн жагсаалт гарах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж