"Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлэх аялалд гарах хэрэгтэй" | News.MN

"Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлэх аялалд гарах хэрэгтэй"

"Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлэх аялалд гарах хэрэгтэй"

"Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлэх аялалд гарах хэрэгтэй"

Байсхийгээд л ахмад настан хүчирхийлэлд өртлөө гэх нь ч сонсогдох болсон нь ахмад настныг хайхрахаа больсны нэг жишээ гэлтэй. Монголчууд бид ахмад настнаа хэр анхаарч байна вэ. Бид ахмад настныхаа сэтгэл зүйн байдлыг хэр мэдэх вэ. Ахмад настны сэтгэл зүйн байдлын талаар Монголын урлагийн сэтгэл судлалын төвийн гишүүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахлах зэргийн эмч Т.Мандхайтай ярилцлаа. Тэрбээр ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бааст агсны ач юм.


-Монголд ахмад настны сэтгэл зүйн байдал ямар түвшинд байна вэ?

-Монголын байдлыг ярихын өмнө дэлхийд ахмад настны эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал ямар байгааг дурдах хэрэгтэй болов уу. Дэлхийн 10 хүн тутмын нэгийг 60-аас дээш насны хүн эзэлж байгаа. Сүүлийн жилүүдэд насжилтаар нь дэлхийн зарим улс орныг “super aged” буюу хэт өндөр насжилттай улс гэж нэрлэх болсон. Үүнд, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц зэрэг олон улс ордог. Мөн XXI зууны дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн нэгдүгээрт настны сэтгэцийн эмгэг судлалын салбар ороод байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дундаж насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор ахмад настай хүмүүсийн биеийн өвчин эмгэгээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарах цаг ирээд байгаа.

XXI зуунд настнуудын өмнө тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу байна вэ? 

-Дэлхийн олон оронд 60-аас дээш насны хүн ам ихсэхтэй зэрэгцэн тэнэгрэл ихэсч байна.

-Өндөр наслахын зэрэгцээ, бүтээмж өндөртэй буюу чанартай амьдрах нь чухал. Хэрхэн чанартай урт наслах вэ?

-Сайхан асуулт байна. Одоогийн цаг үед хэрхэн урт наслах вэ гэхээс илүүтэйгээр хэрхэн амжилттай, чанартай, эрүүл наслах вэ гэдэгт илүү анхаардаг болсон. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл насжилт гэдэг ойлголтыг түлхүү түгээж байна. Энэ ойлголтод биеийн өвчин эмгэггүй байхаас гадна нийгмийн идэвх оролцоотой, амьдралдаа сэтгэл хангалуун байх, танин мэдэхүйн байдал зэрэг багтдаг. Жишээ нь, оюун ухаан, танин мэдэхүйн байдал буурвал тэнэгрэл буюу хүмүүсийн ярьж заншсанаар өтлөх, зөнөгрөх эмгэг энэ насанд түгээмэл үүсдэг. Эрүүл амьдралын хэв маяг нь өөрөө тэнэгрэлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Иймээс эрүүл насжилтыг хүсч байгаа бол эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх шаардлагатай болно. Үүний тулд ахмад настнууд маань наад зах нь эрүүл хооллолтыг эрхэмлэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, архи, тамхи хорт зуршлаас татгалзан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй юм.

-Тэтгэвэрт гарсан хүн сэтгэлээр их унадаг нь ажиглагддаг. Тэтгэвэрт гарч буй хүн сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх вэ?

-Манай нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалаад Монголд тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн ихэнх нь санхүүгийн байдалдаа л илүү санаа зовж, бэлддэг юм шиг харагддаг. Тэтгэвэрт гарсны дараа сэтгэл зүйн хувьд гутрах, ганцаардах, түгших, нойр хямрах гэх мэт сөрөг байдлууд олонтоо тохиолддог. Мөн бидний дунд хэвшмэл ойлголт байх шиг. Тэтгэвэртээ гараад ач, зээ нараа харна, үр хүүхдэдээ тусална гэж боддог юм шиг харагддаг. Уг нь тэд маань төдийгөөс өдий хүртэл үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, амьдарсан. Миний эргэн тойронд бүтэн цагаар ач зээгээ хараад гэртээ суудаг, ядарсан ч ядарлаа гэж хэлж чаддаггүй олон эмээ, өвөө байдаг. Би энэ тал дээр эсрэг байр суурьтай. Ахмадууд маань өөрийнхөө дуртай зүйлээ хийх, биелүүлээгүй хүслээ гүйцээх, шинэ хүсэл сонирхолтой болох, үргэлжлүүлэн бага цагаар ажиллах, шинэ хамт олонтой болох зэргээр төлөвлөж чадвал сэтгэлийн хямралд бага өртөнө. Мөн үр хүүхэд, хань ижил нь энэ тал дээр үргэлж дэмжиж, боломжоор хангаж байх хэрэгтэй.

-Товчхондоо тэтгэвэрт гарснаар цаг хугацааг хүсэл, мөрөөдлөө биелүүлэх аялалд зориулах хэрэгтэй юм байна, тийм үү?

-Яагаад тийм байж болохгүй гэж.

-Сүүлийн үед урлагийн сэтгэл засал гэж их ярих болж. Ахмад настныг урлагийн сэтгэл заслаар хэрхэн эмчлэх вэ?

-Тийм ээ, урлагийн сэтгэл засал нь сэтгэл заслын нэг төрөл, сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд өргөн хэрэглэж байна. Ахмад настан, хавдартай хүмүүс, архаг өвдөлт, стресс, уур бухимдал, сэтгэл гутрал гээд олон асуудлын үед хэрэглэхэд үр дүнтэй заслын хэлбэр. Жишээ нь, ахмад насныханд үе мөчний өвчин түгээмэл байдаг. Зураг зурснаар хүний сарвууны цусан хангамж сайжирч, өвдөлт буурдаг гэж үздэг. Урлагийн сэтгэл заслын үед стрессийн үед ялгардаг дааврын хэмжээ буурдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Мөн танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирч, ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Хөгжим эмчилгээ нь тэнэгрэлийн үед сайнаар нөлөөлдөг гээд олон жишээ дурдаж болно. Миний хувьд 2019 онд энэ чиглэлээр Бээжин хотод олон улсын хурал зөвлөгөөнд найз зураач, арт терапист Нарантулгын хамтаар Монгол Улсаас анх удаа оролцож, өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлээд ирсэн.

-Энэ сард ахмад настны сэтгэлийг засах үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн үү?

-Нэгдүгээр сарын 25-нд “Hello, Me Inner Child” нэртэй урлагийн сэтгэл заслын өдөрлөгийг урлагийн сэтгэл засалч Нарантулгын хамтаар хийх гэж байна. Бидэнтэй “4goodness arts and music school” хамтран ажиллаж байгаа. Өдөрлөгт ирсэн ахмад настнуудад эрүүл насжилтын тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, тэдний насны онцлогт тохируулсан бүтээлийг хийлгэнэ.

Бид хүүхдүүдээ дугуйлан, сургалтад хамруулдаг хэрнээ аав, ээж, өвөө, эмээгээ сургалт, өдөрлөгт явуулах нь ховор байдаг. Энэ өдөрлөгөөр бид аав, ээж, өвөө, эмээтэйгээ уулзах, тэднийгээ баярлуулах, цагийг бүтээлч өнгөрүүлэх боломжийг олгож байгаадаа баяртай байгаа. Манай залуучууд ч гэсэн энэ боломжийг алдахгүй байгаасай гэж хүсч байгаа. (Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү)

-Ярилцлагын төгсгөлд хувийн шинжтэй нэг асуулт асууя. Ахмад настан руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах болсон нь та өвөөтэйгөө илүү ойр байсантай холбоотой юу. Таныг Ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бааст агсны ач гэдгийг хүмүүс мэдэхгүй байх л даа. Гэхдээ та энэ хүндтэй хүнтэй илүү ойр байсан болохоор ахмад настанд ямар дэмжлэг хэрэгтэй байдаг, тэднийг сэтгэл зүйн хувьд хэрхэн дэмжихийг илүү мэддэг байх?

-Өвөөтэйгээ 20 гаруй жил хамт амьдарсан. Айлын эхнэр болоод явсан ч үргэлж хамт байж, дэмжихийг хичээдэг байсан. Намайг сэтгэцийн эмч болж энэ тухай судалж, мэдэхээс өмнө өвөө минь хэрхэн эрүүл урт наслах, яаж эрүүл амьдрахыг өөрийнхөө амьдралаар бидэнд үлгэрлэж харуулсан. /Түүний өвөө 98 насалж, 2019 оны нэгдүгээр сарын 16-нд бурхан болсон юм/ Тийм ч болохоор уран бүтээлээ туурвисаар, ухаан саруул, хүний гар харалгүй өндөр насалсан гэж боддог.

Ахмад настай хүмүүст зориулсан газрууд, үйл ажиллагаа цөөн байгааг олон удаа анзаарсан. Тэр болгонд ахмад настан руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах юмсан гэж боддог байлаа.  Хүсэл сонирхол нэгтэй найзтайгаа уулзсанаар тэр бодлоо бодит ажил болгох гэж байгаадаа баяртай байна.

-Таны өвөө хүсэл мөрөөдлөө, биелүүлж амжсан уу?

-Чадсан. Өвөө маань ярьж байсан, төлөвлөж байсан зүйлсээ бүгдийг нь биелүүлсэн.

-Энэ талаар яривал нэлээд урт яриа болох нь. Таны цаашид хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөөр ярилцлагаа өндөрлөе?

-Монголд урлагийн сэтгэл заслыг түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Энэ онд эрх барих эмч нарыг урлагийн сэтгэл заслаар чадавхжуулах сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн удахгүй хавдартай хүмүүст зориулсан урлагийн сэтгэл засал өдөрлөгийг санаачлан явуулахаар төлөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2020-01-14 103.57.92.42

Ахмадуудаараа хүүхдүүдээ харуулахаа болих хэрэгтэй
Үнэхээр чухал зүйл хийж байгаан байна. Сайхан бүсгүйд амжилт хүсье.

Avatar

Дашдаваа 2020-01-14 98.244.106.112

Тэр сая төгрөгийн эрхийн бичгийг бүтдэг юм бэлэн мөнгө өгөх бус аялал жуулчлал амралт сувилал эмчилгээний зориулалтаар мөнгөжүүлэх журамгаргавал зүгээр дээ Тэгэхгүй бол аахар шаахар архи дарсанд өгөөд өөрт нь наалдахгүй шүү

Avatar

Ахмад иргэн 2020-01-14 202.9.46.185

Цэвэр агаар дасгал хөдөлгөөн их хэрэгтэй ахмадын төвлөрсөн орон сууц баймаар юм

Avatar

Болд 2020-01-14 203.91.115.37

Монгол улс минь 30 жилд улс шиг улс болсон бол тэтгэвэрээ аваад гадаадаар аялаж байхсан Даан ч МАНАН мафи ийн өгч буй тэтгэвэр 310 мянга 110 доллар гэсэн үг Энэ мөнгөөр амьд явах ч баталгаа алга даа

Avatar

Зочин 2020-01-14 202.131.236.110

350 мянган төгрөгөөр хаашаа аялах вэ ? заагаад өгөөч

Avatar

Зочин 2020-01-14 66.181.177.191

Дээр үед нэг хүү олон жилээр цэрэгт явах болж, тэгээд эхнэртээ "Манай ээж хүүхэд хар чаддагүй юм, аягүй бол орилохоор нь чимэхчиж магадгүй. Манай ээжийг хонь малдаа явуулж, аргал түлш бэлтгүүлж байгаарай. Мөн хоолны шөлд буруу талд нь үстэй гүзээ буцалгаад өгч, харин чи ээжээрээ хүүхдээ харуулаар, хар шөл хийж өгч байгаарай" гэж хэлжээ. Цэрэгт 3 жил яваад ирсэн чинь ээж нь зүс царай сайтай, малилзсан байдалтай байхад хадам ээж нь турчихсан, ядарчихсан байсан гэж байгаа.

Avatar

Зочин 2020-01-14 66.181.177.191

Эмээ, өвөө нар ач, зээтэйтэйгээ хамт байж, инээж баясахыг хүсэлгүй яахав. Амралтын өдрүүдээр хамтдаа хооллож, ярилцах нь зүй ёсны хэрэг. Гэтэл бүх л долоо хоногжингоо хүүхдээ харуулаад, тэгэх ёстой юм шиг, ач зээ нартай хайртайг нь далимдуулан хүүхэд асруулна, харуулна гэдэг бол соёлтой оронд байж болохгүй.

Avatar

Зочин 2020-01-14 66.181.177.191

Маш зөв санаа дэвшүүлж хэрэгжүүлж байгаад баяр, хүргэж амжилт хүсье. Ач зээгээ хараад гэртээ суудаг, ядарсан ч ядарлаа гэж хэлж чаддаггүй олон эмээ, өвөө нар байдаг.Өнөө үед ийм байдал хэрээс хэтэрлээ. Хүүхэд харна, асарна гэдэг хүнд ажил. Тэрбайтугай миний хүүхдийг харсангүй гэж тунина, гомдоно. Энэ байж болохгүй асуудал бөгөөд ийм ажил хийх ёстой гэж үзэж байгаа залуучууд аав, ээжийгээ нөгөө ертөнц рүү яваасай гэж хүсэж байгаагаас ялгаа байхгүй.

Avatar

Irgen 2020-01-14 66.181.170.162

Maggie manai yum yu bolj bnaa. Chamaig eniig unshij bgag medej bga tul hurdan duusgaj ogohiig husye. Mongoliin ard tumen chamaig huleegeed bn.

Avatar

зочин 2020-01-14 202.21.120.66

яг үнэн хэзээ үхнэ гэж харж суух юм аялалд яваад мөрөөдөлөө биелүүлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж