Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварлалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварлалаа

МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч Б.Отгонтөгстэй ярилцлаа.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-аас баталснаар ахмадын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэх боллоо. Уг хууль хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ойролцоогоор 800 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ойлгосон. Хэрэв Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж дээрх хэмжээний мөнгө эдийн засагт орж ирвэл энэ нь инфляцид сөргөөр нөлөөлнө. Зах зээлд их хэмжээний мөнгө хэвлэгдэн гарч эдийн засагт нийлүүлэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн онцлог нь манайд ахиу импортлох хандлага өндөр. Ахиу импортлох хандлага гэдэг нь жишээ нь нэмэлт 100 төгрөгийн орлого олоход түүнээсээ 70-80 төгрөгөөр импортын бараа худалдан авахыг хэлнэ. Үүнд ААН, өрх, иргэний аль аль нь адилхан. Ялангуяа Цагаан сарын өмнөхөн худалдан авалт ихээр хийгдсэнээр нэг юань, ам.доллартай харьцах төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр төгрөгийн ханш суларна гэсэн үг. 2740 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2750 төгрөг болж төгрөгийн ханш суларна. Ингэснээр эдийн засагт бүхэлдээ нөлөөлж бүх хүний худалдан авах чадварыг бууруулах сөрөг талтай. Монгол Улс нийт 900 мянга гаруй өрхтэй үүний тодорхой хэсгийг ахмадууд эзэлдэг. Гэтэл эдийн засагт учрах дээрх сөрөг нөлөөллүүд 900 мянган айл өрхийн худалдан авах чадварт нь хүндээр тусна.

-Өөр эрсдэл бий юу?

-Банкны салбарт сөргөөр нөлөөлнө. Банкуудын хувьд тэтгэврийн зээл хамгийн сайн төлөгддөг, найдвартай зээлийн төрлийн нэг нь. Ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс чөлөөлөх шийдвэр гарснаар бусад төрлийн зээлийг хэрхэх бол гэдэг хүлээлт зээлдэгчдийн дунд бий болж, тогтворгүй байдал банкны салбарт үүсэх эрсдэлтэй. Мөн ёс суртахууны гажуудал бий болох талтай. Тухайлбал, бусад төрлийн зээлтэй буюу цалингийн, малчны, ипотекийн зээлийг сонгуулиас өмнө аль нэг улс төрийн нам нь тэглэчих болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсэх талтай. Банкны зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй хүлээж, харзнах байдал бий болох хэрээр найдваргүй зээлийн түвшин өсч банкны секторт сөрөг нөлөөлнө.

Нөгөө талаас Үндсэн хуульдаа “Хүнийг гарал угсаа, яс үндэс, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Гэтэл төрөөс хүн амынхаа нэг хэсгийнх нь санхүүг дэмжээд нөгөө хэсгийнх нь санхүүг дэмжилгүй ялгаварлаж болохгүй. Мөн энэ нь ахмадынхаа дунд тэгш бус ялгаварлан гадуурхалт бий болгож байгаа юм. Тэтгэврийн зээл авалгүйгээр санхүүгийн сахилга баттай, хэрэглээндээ тооцоотой хандаж байсан ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас өгнө гэдэг нь иргэдээ ялгаварласан шийдвэр.

-Эдийн засагчийн хувьд улс төрийн энэхүү шийдвэрийг хэр сайн тооцоо судалгаатай гаргасан гэж дүгнэх вэ?

-Мөнгө амласан аливаа шийдвэр нь эдийн засагтаа сайн, сайхан нөлөөлөл үзүүлэх гэхээсээ илүүтэй иргэдийн худалдан авах чадвар, инфляцын түвшинд нөлөөлдөг гэдгийг эдийн засгийн онолоор судлаачид тогтоочихсон. Хоёрдугаарт, гаднын бусад улс оронд энэ төрлийн арга хэмжээг авахдаа олон талын судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Жишээ нь, иргэдийн өрийг тэглэх нь нийт эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх вэ, банк, санхүүгийн салбартаа яаж нөлөөлөх вэ, энэ шийдвэр нь салбарын цаашдын тогтвортой байдлын хөгжилд нь хэрхэн тусах вэ  зэрэгт сайтар судалгаа хийдэг. Манайд эсрэгээрээ судалгаанд суурилалгүйгээр, нийт тэтгэвэр авагчдын төд төчнөөн хувь нь 6 сая түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн хувь тоонууд дээр үндэслээд шийдвэр гаргалаа. Зүй нь ахмадын тэтгэврийн зээлийг тэглэснээр нийт ахмадад, банкны салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирсний дараа нь нийт эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх, орлого багатай өрхүүдэд нөлөөлөх эрсдэл нь юу вэ гэх мэт судалгаа хийгдэх байсан. Гэтэл эдийн засгийн олон талт судалгаа байсангүй.

 

 

-Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр хуульд тусгасан. Гэтэл уг орд нь одоогоор ашгаа өгч эхлээгүй, ТЭЗҮ-ээ хангах эсэх нь тодорхой бус энэ ордоор бонд босгох нь хэр боломжтой вэ?

-Салхитын мөнгөний орд бол алт, нефть, нүүрсний орд биш. Мөнгө буюу металлын орд. Мөнгө нь гадаад валютын нөөцөд ордоггүй, зөвхөн мөнгөжүүлсэн алт ордог. Мөн зах зээлд мөнгө алтнаас доогуур үнэ ханштай. Нэг трой унци мөнгө дэлхийн зах зээлийн одоогийн үнэ нь 16-17 ам.доллар. Маш бага. Олборлох, тээвэрлэх зардал тун их боловч борлуулах үнэ нь ийм бага металл бүхий орд.

Ийм ордыг барьцаанд тавьж ирээдүйд олборлох мөнгөнийх нь хэмжээгээр 1 их наяд орчим төгрөгийн бонд босгох нь эдийн засгийн хувьд ухаалаг бус бодлого. Нөгөө талдаа бонд гаргасан компанидаа олох ашиг орлого нь бага байна.

-Үндсэндээ өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улс эдийн засгийн бодлогоо ОУВС-гийн зөвлөмжөөр чиглүүлж буй. Тэгвэл тэтгэврийн зээлийг чөлөөлөхийг ОУВС эсэргүүцэж "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна" гэж мэдэгдэл хийсэн. Магадгүй ОУВС хугацаанаасаа өмнө хөтөлбөрөө зогсоох нөхцөл байдал бий болчхов үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс өөрсдөө хүсэлт гаргаж орсон. Зөвхөн ОУВС бус Азийн хөгжлийн банк, Хятад, Япон, БНСУ-ын Засгийн газар, Дэлхийн банк зэрэг санхүүгийн том байгууллагууд болон гаднын орнуудын Засгийн газартай хамтарсан гэрээнд орсон. ОУВС-д өгсөн бидний амлалт бол төсвийн сахилга батаа сайжруулах, банк санхүүгийн салбараа тогтвортой болгох, ирэх онуудад төлөх гадаад өр төлбөрүүдийг төлж барагдуулах хуримтлалаа бэхжүүлнэ гэж гэрээгээр хүлээсэн амлалттай. Гэтэл түүнийгээ биелүүлэхгүй, дээр нь нэмээд 1 их наяд төгрөгийн хэмжээний бонд босгох нь гэрээгээ зөрчиж байна гэсэн үг.

Ер нь Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд эсвэл хөрш орнуудтайгаа хийсэн аливаа гэрээ, хэлэлцээрээ баримталдаг байх ёстой. Би олон улсын харилцаа талаас асуудалд хандсангүй. Эдийн засаг талаас нь хэлэхэд, бид аливаа улс орон, олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээний үүргүүдээ ягштал баримталж хугацаанд нь хөтөлбөрийг амжилттай дуусгадаг байвал алсдаа бидэнд тустай.

-Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоовол эдийн засагт ирэх сөрөг үр дагавар нь юу вэ?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэвлэлд өгсөн мэдээллээс нь харахад ОУВС-гийн хөтөлбөрийг хугацаанд нь буюу ирэх тавдугаар сард амжилттай дуусгахын төлөө ажиллаж байна гэж хэлсэн байсан. Мөн Төв банк ч ийм байр суурьтай байгаа гэж ойлгосон. Улс төрийн шийдвэр гаргахдаа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохиорсон үүрэг, амлалтыг зөрчсөн шийдвэр гаргана гэдэг нь хөтөлбөрийг цаг хугацаанд нь дуусгаж чадахгүй эрсдэлд орууллаа гэж харагдаж байгаа. Хэрэв хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоовол эдийн засагт болон олон улсын цаашдын хөтөлбөрүүд, гадаад өрийг дарах зэрэгт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Ер нь макро эдийн засагт биднээс хамаарахгүй үйл явцууд өрнөдөг. Жишээ нь, Монголын эдийн засаг өсөлттэй, төсөв сахилга баттай, макро эдийн засгийн бодлого шийдвэр нь зөв ухаалаг байж болох ч биднээс хамаарахгүйгээр дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах үед макро эдийн засгийн эрсэлд орно. Энэ тохиолдолд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрнэ. Гэтэл өмнө нь хийсэн гэрээгээ зөрчөөд хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө дуусгасан байвал эргээд л  энэ нь сөрөг үр дагавартай.

-Цаашид манай улс эдийн засгаа олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэг, зөвлөмжгүйгээр өөрсдөө аваад явах чадамж, боломж бий болсон уу?

-Тодорхой нөхцөлүүдээр хэмжигдэнэ. Засгийн газрын гадаад өрийг төлж чадах эсэх, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувийн жин тогтвортой түвшинд байгаа эсэх, гадаад валютын нөөцийг хангалттай түвшинд бүрдүүлж чадсан эсэх гэх мэт олон хэмжүүрээс хамаарч Монгол Улс эдийн засгаа олон улсын санхүүгийн байгууллагагүйгээр цаашид өөрөө өөрийгөө авч явах уу гэдэг нь хамаарна.

-Ер нь манай улсын эдийн засгийн эрүүл мэнд ямар байна вэ?

-Гадаад зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас гадаад зах зээлд шок үүсэхгүй байх. Азийн хөгжлийн банкнаас хийсэн эдийн засгийн төлөвөөс харахад, өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт энэ онд ч тогтвортой түвшинд хадгалагдахаар байна. Ирэх оноос буюу 2021 оноос эхлээд манай улс томоохон өр төлбөрүүд төлнө. Мөн Хятадын Төв банкны 2.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ өндөр дүнтэй өр төлбөрийг төлөхөд бэлтгэж хуримтлалаа үүсгэн, гадаад валютын нөөцөө үрэн таран хийхгүй байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж