Монгол Улс Венесуэлийн араас орох уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Монгол Улс Венесуэлийн араас орох уу?

Монгол Улс Венесуэлийн араас орох уу?

Дэлхийд томд тооцогдох газрын тосны нөөцтэй Венесуэл нь хэдхэн жилийн өмнө хурдацтай хөгжиж буй эдийн засагтай, тогтвортой улс байв. Гэтэл өдгөө байдал эсрэгээрээ эргэж эдийн засаг, нийгэм, институцийн уналтад орж, бүс нутагтаа хүмүүнлэгийн болон цагаачлалын хямралыг үүсгээд байна. Шалтгаан нь газрын тосны үнийн уналт, хавтгайрсан нийгмийн халамж, АНУ-ын хориг, эдийн засгийн буруу менежмент, авлига юм. Өдгөө Венесуэлийн хүн амын 10 хувь нь гадаадад цагаачилсан, 10 хүн тутмын дөрөв нь эх орноосоо зугтахыг хүсч байна. НҮБ-ын тооцоолсноор өнгөрсөн 2019 оны сүүл гэхэд 5,3 сая хүн Венесуэлийг орхиж явсан нь Сирийн иргэний дайнаас дайжсан дүрвэгчидтэй дүйх аж.

Статистикийн мэдээллээр Венесуэлийн хүн амын 90 орчим хувь нь ядуурлын түвшнээс доор амьдарч байна. Сүүлийн хэдэн жилд инфляц хэд дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 2015 оныхоос 112 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Урьд нь хуульч, энтерпрейнер, эмч, сувилагч байсан хүмүүс өдгөө хөрш Колумб зэрэг орнууд руу дүрвэн хумс будах, цонх угаах, бараа зарах зэрэг хар бор ажил хийн амьдарч байна.

Венесуэл улс газрын тосны орлогоос хэт хараат явж иржээ. Нефтийн үнэ 2014 онд баррель нь 100 ам.доллар байснаа хоёрхон жилийн дотор 26 ам.долларт хүрч унасан нь Венесуэлийн эдийн засагт том цохилт болжээ. Үүнээс болж Венесуэлийн импортын орлогын тал хувь нь байхгүй болсон аж.

Анх 1922 онд газрын тосны ордыг илрүүлснээс хойш зургаан жилийн дотор Венесуэл нь дэлхийн хоёр дахь том нефть экспортлогч орон болжээ. Тухайн үед Засгийн газраас нь гадаадын 100 гаруй нефтийн компанийг оруулж ирэн ажиллуулж байв. Газрын тосны орлого нь Венесуэлийн цэргийн дэглэмийг хүчирхэгжүүлсэн ба хожим 1943 онд гадаадын нефтийн компаниудыг орлогоо тушаах хуулийг гаргажээ. Үүний дараа 1980-аад онд газрын тосны үнэ унаснаар Венесуэлийн гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч, Олон улсын валютын сангийн тусламжийг авсан байв. Хэмнэлтийн хатуу бодлогын үр дүнд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч, нийтийн тээврийн хөлс нэмэгджээ. Улмаар ард иргэдийн уур бухимдал эсэргүүцлийн жагсаал болон өрнөж байв. Дараагийн 10 гаруй жил удирдагч Уго Чавес газрын тосны орлогодоо түшиглэн 30 гаруй сая хүн амдаа зориулан боловсрол, эрүүл мэнд, хүнс, орон сууцны том хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь ядуурлыг мэдэгдэхүйц бууруулсан ч эдийн засаг нь улам илүү газрын тосноос  хамааралтай болжээ. Уго Чавес нь Куба улсын газрын тосны импортод хяналтаа тогтоохын тулд нефтиэ багш, эмч нарыг сургах хөтөлбөрөөр солилцон,  хөрш орнууд болон Хятадад зах зээлийн үнээс доогуур ханшаар нийлүүлж байсан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт буурахад нөлөөлжээ. Венесуэлийн удирдагч Уго Чавес 2013 онд таалал төгсч, төрийн эрхийг жолооч байсан Николас Мадуро авсан юм. Түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч болсноос хойш улсын эдийн засаг огцом унаж, ард иргэд түүнийг мөн социалист засгийн газраа буруутган тэмцсэн юм. Гэсэн ч тэрбээр 2018 онд сөрөг хүчний олон нэр дэвшигчдийг сонгуульд өрсөлдөхөд нь хориглох, шоронд хорих замаар Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран зургаан жилийн хугацаатай сонгогдсон.

МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Монгол Улсыг өнөөдөр олон талаараа Венесуэлтэй адилтгах нөхцөл байдал үүсчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны тайланг танилцуулахад Монгол 63 орноос 62-т Венесуэлийн өмнө бичигдсэн. Харин авъяас, ур чадвартай ажилтнаа үнэлэх үнэлгээгээр Монгол Улс Венесуэлийн хойно бичигдсэн талаар дэлхийн өрсөлдөх чадварын тайланд дурдсан байна.

Монгол Улс уул уурхайн салбарын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтайгаараа Венесуэлтэй ижил. Монгол Улсын эдийн засаг 2008 оноос эхлэн 2012 онд 17 хувь болж хурдацтай өссөн нь төр засгаас уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбар болгон дэмжсэний үр дүн байв. Гэтэл дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурч, хөрөнгө оруулагчид болон Монголын Засгийн газрын хооронд маргаан үүссэний улмаас эдийн засгийн хямралд орсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд ердөө 1 хувьтай гарсан. Улмаар Олон улсын валютын сангийн /ОУВС/ 5.5 тэрбум ам.долларын тусламжийн хөтөлбөрт хамрагдах болж, олон төрлийн татварыг нэмэх болон бусад шийдэлд хүрсэн. Гэсэн ч өдгөө Монгол Улсад ядуурал, ажилгүйдэл, авлига нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт, цөлжилт асуудлууд бий болжээ.

Монголд 2018 оны байдлаар гурван сая хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдардаг судалгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргаснаа өнгөрсөн 2019 оны зургадугаар сард танилцуулсан. Ажилгүйдлийн түвшин өндөр байгаа учраас залуучууд гадагшаа гарч хөдөлмөр эрхлэх сонирхол нь нэмэгдэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн оны эхээр мэдэгдэж байв. Мөн эрх баригчид Венесуэлтэй ижил халамжийн хөтөлбөрийг олноор хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, төрөөс ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь иргэдийг талцуулж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчихөд хүргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж