УИХ-ын дарга З.Энхболд Ван Зяруйтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Ван Зяруйтай уулзлаа

“Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хуралд уригдан Бээжин хотнооо очсон Монгол Улсын Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хятадын Комунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын Ерөнхий нарийн бичгийн Л.Эрхэмбаяр нарын албаны хүмүүс байлцсан бол БНХАУ-ын талаас ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дэд дарга Ли Зюнь, ХКН-ын Гадаад харилцааны газрын Хоёрдугаар тасгийн дэд дарга Хуан Ихуа нарын албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хятадын Комунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй хэлсэн үгэндээ, “Манай улсад Азийн улс төрийн намуудын бага хуралд оролцохоор ирсэн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд таньд болон бусад зочид та бүгдэд баярлаж байна. Монгол Улсын Их хурал намрын чуулганаа зарлан эхлүүлсэн завгүй цаг үед бидний урилгыг хүлээн авч, манай улсад зочилж байгаад туйлын баяртай байна ” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, ноён Ван Зяруйтай Ардчилсан намын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн зургадугаар сард ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Ли Зюнь Монгол Улсад айлчилж, Монгол Улсын улс төрийн намуудын удирдлагуудтай уулзсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд тогтвортой хөгжиж буйн илрэл юм. Түүнчлэн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр хоёр улсын хөгжлийн стратегийг уялдаатай хэрэгжүүлэхээр ярилцаж, улс төрийн намууд бодлого чиглэл боловсруулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох шаардлага нэмэгдэж байна гэж хоёр талын төлөөлөгчид санал нэгдлээ. Монгол Улсын улс төрийн намууд улсынхаа дотоод асуудлаар янз бүрийн үзэл бодолтой байдаг ч БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нэгдмэл байр суурьтай байдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд онцолсон.

Монголын Ардчилсан нам, Хятадын Коммунист намын хооронд нөхөрсөг харилцаа, идэвхитэй хамтын ажиллагаа хөгжиж ирсэнд тэрээр мөн баяртай байгаагаа илэрхийлж цаашид ч хоёр намын хамтын ажиллагаа улам идэвхижиж, харилцаа, солилцоо өргөжин тогтмолжино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний энэ саналыг Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хятадын Комунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хятадын Комунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй Монгол улсын Их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барьсан юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж