Зөвхөн Монголд сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Зөвхөн Монголд сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Зөвхөн Монголд  сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан луйвар дуусахгүй, харин ч улам “цэцэглэх” хандлагатай. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж буйг албаныхан анхааруулсаар байна.

Статистик мэдээ сөхвөл, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гаралт 2017 онд 2996, 2018 онд 5372 байсан бол өнгөрсөн жил 7821 болж өсчээ. Ялангуяа, пирамид тогтолцоо бүхий богино хугацаанд их мөнгөтэй болгох “сүлжээний” гэх тодотголтой бизнес, өндөр хүүтэй мөнгө зээлэх, виз гаргана, үл хөдлөх хөрөнгө “түрээслүүлэх”, “арилжих”, цахим хаягт нь нэвтэрч ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлэх гэх зэргээр иргэдийг хохироох нь хамгийн түгээмэл.

Хамгийн харамсалтай нь, залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чадахгүй үлдэх нь бий. Иймд залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэн нэгэн таныг ятгах тусам нягтлах ёстойг цагдаагийн байгууллагаас сануулав. Тус газраас иргэдийг аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг өрнүүлж эхэллээ. Нэг сарын турш үргэлжлэх уг аянд Монголбанк болон Монголын банкны холбоо хамтарч буй талаар өнөөдөр /2020.01.13/ мэдээлэл хийсэн юм.

АМЬД ХАРИЛЦААГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.БАЯНМӨНХ:

-Дэлхий нийтээр сүлжээний гэмт хэрэгт залилуулдаг байдал зогссон. Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байгаа. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр хүний, эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой. Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Нөгөө талаар аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл. Иймд "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлж, иргэдээ гэмт хэргээс сэргийлэхийг зорьж байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.ҮНЭНБАТ:  

-Санхүүгийн үйлчилгээ дижитал, онлайн хэлбэр лүү орсон. Иймд бид харилцагчдыг өөрийнхөө интернэт банкны нууц аюулгүй байдлыг хангах шаардлагыг өндөр тавьж байгаа. Банкны харилцагчийн мэдээлэл зөвхөн тухайн иргэнд өөрт нь байх ёстой бөгөөд байнга шинэчлэх хэрэгтэй.

КРИПТО ВАЛЮТ БОЛ НАЙДВАРГҮЙ

Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.БАТСАЙХАН:

-Крипто валютын талаар “Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг. Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй гэлээ. Тиймээс хэн нэгэн танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж