Хотын даргын хүү бизнес эрхэлж болохгүй юу?

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Хотын даргын хүү бизнес эрхэлж болохгүй юу?

Сонгуулийн уур амьсгал ч аргагүй оржээ. МАН-ын залуус уухайлаад л давшилж байна. “Хотын даргын хүү барилгын компанитай. Аавынхаа нөмөр нөөлгийн хүчинд гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарлаа” гэхчлэн шуугилдаж, шүүр унан нисэж байна.

Хотын даргыг огцруулна л гэнэ. УИХ-ын төвшинд МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газартай тооцоо бодохоор бэлтгэлээ хангаж байгаа бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийнхэн нь хотын даргыг уургалаад авчихсан огцруулах асуудал хөндөөд сууж байна.

Уг нь хотын дарга Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайн барилгын компанитай холбоотой асуудлыг 2013 онд Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулсныг тус газар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байдаг. Баянзүрх дүүрэгт зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэрт “Гранд лайн” компани шалгарахад тухайн оршин суугчдын л оролцоо байсан. Нэг үгээр хэлбэл, иргэд тус компанийг сонгосон хэрэг. Гэтэл энэ асуудлыг МАН-ын залуус улс барьж авчихаад, одоо болтол тавьж чадахгүй байгаагийн учир юу вэ? Авлигатай тэмцэх газар "Ямар ч асуудал байхгүй" гэж хариу өгсөн сэдвээр улс төр хийж байгаа нь цаанаа ямар санаа агуулж байж болох вэ? МАН-ын залуусыг эргүүлж ингэж хардахаас арга алга.

Сураг сонстох нь ээ, Б.Чулуудай энэ эх захгүй улстөржилтөөс болж гэр хорооллыг барилгажуулах ажлын оролцоо, бодлоо орхисон сурагтай. Гэтэл эцсийн дүндээ иргэд энэ дунд нь хохирвол яах вэ, хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг бас асуудал шүү. Харамсалтай нь, энэ тухай хөндөж ярьж буй хэн ч алга. Нэг л том хэрэг илрүүлсэн “тагнуул”-ууд мэт аашилж байна.

Зах зээлийн нийгэмд шилжсэн орны хувьд хэн ч бизнес эрхлэх эрхтэй. Хотын даргын хүү учраас барилгын бизнес эрхэлж болохгүй гэдэг хуулийг зах зээлийн нийгмийг сонгосон орнуудаас аль нь ч батлаагүй. Харин манайх бол удахгүй батлах юм байна л даа, МАН-ын залуучуудын хийж буй улс төрийг харахад. Нэртэйгээр нь үе үеийн хотын даргын хүүхэд бизнес эрхэлж болохгүй гэдэг хууль батлуулчихаач, ах нартаа захиалга өгөөд.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж