&#34Эр зоригийн алдар&#34 медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

&#34Эр зоригийн алдар&#34 медалиар шагналаа

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон залуусын төлөөллийг Монголын Залуучуудын холбооноос  "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" медалиар шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд  МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлсэн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар оролцож, шагналыг гардуулсан юм. Эхний удаад нийслэлийн цэргийн хүрээний 40 цэргийн алба хаагч шагналаа хүлээн авлаа. Үлдсэн алба хаагчдыг МЗХ-ноос  нийслэлийн дүүрэг, орон нутгийнхаа салбаруудаар дамжуулан гардуулах юм байна.

Хоёр их гүрний төв талбайд Монгол цэрэг эрсийн дайчин уламжлал, сүр хүчээ гайхуулаад ирсэн алба хаагчдад хандаж,  МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Бид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр л дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад дахин гайхууллаа. Та бүхнээр монголчууд бүгдээрээ  бахархаж байна. Ялангуяа, залуус  үнэхээр их бахархаж суусан юм шүү” гэсэн юм.

Монгол залуусыг цэргийн ёслолын жагсаалд оролцоод ирсний дараа ОХУ болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нарын зүгээс Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд “Дайчин цэрэг эрсээ цэргийн ёслолын жагсаалд оролцуулсанд талархлаа. Монголын цэрэг эрчүүд сүр хүчит, жавхаалаг сайхан алхлаа” хэмээн талархлын захидлыг ирүүлсэн аж. ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд байлдагчаас хурандаа хүртэлх цолтой 18-40 хүртэлх насны цэргүүд  жагссан.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж