Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2015.10.14/ Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив.
Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг болохыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Улсын Их Хурлын дэд даргад танилцуулсан юм.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд бүрэн тусгагдаагүй эсвэл зохицуулалт шаардлагатай байгаа үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.