Ирэх жилийн улсын төсөв үнэхээр хариуцлагагүй, муу төсөв орж ирсэн

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Ирэх жилийн улсын төсөв үнэхээр хариуцлагагүй, муу төсөв орж ирсэн

Өчигдрийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн томоохон асуудал хэлэлцэж, байнгын хорооны гишүүд ч нэлээн идэвх чармайлттай хуралдсан.

 

Байнгын хорооны хуралдаан сунжирсаар 14:00 цаг дөхүүлээд өндөрлөсөн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд багагүй маргаж, санал мэтгэлцээн өрнүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн ихэнх нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг ширүүн шүүмжилж байсан юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой уулзаж ярилцлаа.

 

 

-Хуралдааны явцаас ажиг­­лахад Төсвийн байнгын хорооны гишүүд Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын төсөвт тун шүүмжлэл­­тэй хандлаа. Үнэхээр урьд урьдхаасаа муудсан төсөл боловсруулж уу?

 

-2016 оны улсын төсөв тун хариуцлагагүй, үнэхээр байж боломгүй төсөв орж ирлээ. Бүх хүмүүс мэдэж байгаа. Энэ жилийн тухайд улс орны эдийн засаг туйлын хүндэрсэн, төгрөгийн ханш унасан, хүмүүсийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-80 хувь өссөн тун хүнд жил болж байна. Ард иргэдийн амьдрал ингэж муудаж байхад цалин тэтгэврээ нэг ч төгрөгөөр нэмчих чадал, сонирхол өнөөдрийн эрх баригчдад байхгүй байна. Ялангуяа мал аж ахуй бүр шалдаа орсон. Малчдын амьдрал туйлын хүнд болж байна. Малын үнэ байж болох доод түвшинд уначихлаа. Жишээлбэл нэг төлөг 30-50 мянган төгрөгийн л үнэ хүрч байна шүү дээ.

 

Монголчуудад ядуурал бодитойгоор нүүрлэчихлээ. Гэтэл энэ бүхэнд зохицсон арга хэмжээ, механизмыг зохицуулахыг ядаж л оролдсон төсвийг эрх баригчид оруулж ирсэнгүй. Төсвийн байнгын хорооны хувьд ийм хариуцлагагүй төсвийг маш сайн нухаж, засч залруулах шаардлагатай болж байна. Ийм хариуцлагагүй төсөв оруулж ирчихээд хөрөнгө оруулалтынх нь жагсаалтыг харвал үнэхээр ямар ч хэрэггүй, маш олон замбараагүй барилга байшингийн санхүүжилтэнд 100 тэрбумыг тавьчихсан байх жишээтэй. Тэгээд тэр барилга байшингийн ихэнхийг дуусгахгүй, зөвхөн эрх баригчдын үзэмжээр багахан хэсгийг нь дуусгана гэж оруулж ирж байна.

 

Ийм хариуцлагагүй, туйлын муу төсөв оруулж ирж байгаа нь магадгүй улстөрийн тогтворгүй байдал үүсгэхийг ч үгүйсгэж болохгүй.  Яагаад гэвэл иргэд, бизнес эрхлэгчид маань цалин, тэтгэвэр хэдэн төгрөгөөр ч болов нэмэгдэх болов уу, бизнес эрхлэгчдээ багахан ч болтугай дэмжих болов уу гэж харж байгаа. Гэтэл ард түмэнд нялзах, тэдэнд тус нэмэр болох юу ч үгүй төсөв батлуулах гэж оруулж ирж байгаа учир бид энэ төсөв дээр маш чанд, шаргуу ажиллаж, болох хэмжээгээр шүүсийг нь шахах ёстой.

 

-Татварыг нэлээн нэмэгдүүлнэ гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Мэдээж би яагаад ч зөвшөөрөхгүй. Татварыг ямар ч тохиолдолд нэмж болохгүй. Тийм учраас бензин шатахууны үнэ, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бид дэмжихгүй гэж байнгын хороон дээр санал гаргасан. Энэ саналаар тусгайлан ажлын хэсэг байгуулах, хүлээж авах боломжтой гэж байнгын хорооны олонх гишүүд үзэж байгаа учир шийдэгдэх байх. өнөөдөр энэ төсөв дээр орж ирсэн нэг эмгэнэлтэй тоо нь өмнөх Засгийн газрын үед үнэхээр гайхаж цочмоор их хэмжээний зээл авчихсан шүү дээ. Сүүлийн гурван жилд ялангуяа Н.Алтанхуяг сайдын үед “Тансаг айлын эрхийн тэнэг хүүхэд шиг” л аашилсан. Гэтэл түүний шууд нөлөөгөөр өнөөдөр зээлийнхээ хүүний төлбөрт улсын төсвийн 63 хувийг өгнө гээд оруулж ирж байна.

 

Энэ бол аймшигтай, хариуцлагагүй асуудал. Тийм ч учраас УИХ-ын Төсвийн байнгын хорооноос тусгай ажлын хэсгүүд гаргаж ийм хариуцлагагүй төсвийг аль болох засч залруулан, иргэд, хувийн хэвшил рүүгээ хандаж тэдэнд бага ч болтугай наалдах, тэдний өр авлагыг барагдуулахад туслах, эдийн засгийн энэ их хямралыг жаахан ч болтугай саармагжуулахын тулд зоригтой алхмуудыг хийсэн санал санаачлагуудыг дэмжиж ажиллана.

 

-Монгол Улсын сангийн авдрыг хариуцаж байгаа шинэхэн Сангийн сайдын үйл ажиллагааны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Б.Болор сайдын ажлын эхлэл зөв байгаа гэж бодож байна. Тэбрээр “Аль болохоор төсвийг эрүүлжүүлнэ” гэж байгаа. Харин эрүүлжүүлэх нэрээр хариуцлагагүй хийж байгаа ажлуудыг нь бид засч залруулна. Нөгөө талаар бид өнгөрсөн хугацаанд төсвөө батлахдаа дандаа худлаа тоо батлаж байсан. Одоо энэ их худлаа тоогоо ядаж бодит үнэн рүү жаахан ч гэсэн ойртуулахын тулд Төсвийн байнгын хорооны өмнө маш том хариуцлага зогсож байна. Бид сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг хэзээ ч биелүүлж байгаагүй, 70-80 хувиар тасалсаар ирсэн. Энэ бүгд нь бидний ямар хариуцлагагүй ажиллаж байгаагийн л бодит жишээ.

 

-Сангийн сайд “Энэ 2016 оны төсөв бол 2017 оны төсвийг алдагдалгүй батлах суурь үндэс нь болно” гэж зоригтой мэдэгдсэн. Энэ нь ер нь хэрэгжих үндэслэлтэй юу?

 

-За даа ер нь хэрэгжихгүй дээ. Тухайлбал орлогыг нэлээн том, мөрөөдлийн шинжтэй оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад татвараа ном журмаар нь төлөөд, олигтойхон ажиллаж байгаа аж ахуйн нэгж бараг байхгүй. Ер нь 100 хувь байхгүй гэж хариулна даа. Гэтэл амьдралын энэ бодит үнэнээс тасарчихсан төсөв оруулаад ирж байна. Тиймээс Б.Болорын хэлдгээр “Орлогын хэмжээг байж болох хэмжээнд хасч, хөрсөн дээр буусан төсөв батлах”-ын төлөө л бид ажиллана.

 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна, яамдын тоог ес болгоно, зарим агентлагуудыг татан буулгана гэж байгаа. Эдгээр нь хэрэгжих үндэслэлтэй юу?

 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна гэдэгтэй огт санал нийлэхгүй. Өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалтан гэгдэж байгаа хүмүүс үндсэндээ сая 500 мянга орчим төгрөгийн л цалин авдаг. Тэгэхэд захын томоохон компанийн сайн менежер хоёроос гурван сая төгрөгийн цалин авч байгаа.

 

Авлигыг үгүй хийе, түүний эсрэг бодитойгоор ажиллъя гэж бодож л байвал хамгийн эхлээд цалингаараа амьдарч чаддаг нийгмийг бүрэлдүүлэх учиртай юм. Төрийн албан хаагчдын цалинг хасна гэж байна. Гэтэл тэдний доод тал нь 300-400 мянган төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Гэтэл 10 хувиар цалингаа хасуулсан тэр хүн яаж амьдрах вэ. Ихэнх нь байр, цалингийн зээлтэй тэдгээр төрийн албан хаагчид хойшид хэрхэх вэ. Яамдын тоо, агентлагуудыг цомхотгох зэргийг бүхэлд нь маш сайн судалж үзэх хэрэгтэй. Үнэхээр яамдынхаа тоог ес болгоно гэж байгаа бол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ ажлаа зоригтой хийж, хасч цомхотгоод явах ёстой гэж үзэж байгаа.

 

Хэрвээ чадахгүй юм бол ийм зүйлийг одоохондоо яриад дэмий. Харин 2016 оны сонгуульд ялсан намын Ерөнхий сайд нь төсвөө оруулж ирээд яриг. Өнөөдөр урдаа байгаа ажлаа хийж чадахгүй байж дараагийн засаг төрийн бодлогыг урьдчилан тодорхойлох гэж ярих нь утгагүй хэрэг. Би өнгөрсөн оны 12 дугаар сард БОНХАЖ-ын сайдаар томилогдож зургаа, долоон сар ажилласан. Энэ хугацаанд ажиглаж байхад яамдууд үнэхээр ажлаа дийлдэггүй юм билээ. Хэлтэс, газрууд нь ердөө л зургаагаас долоон хүнтэй, үнэхээр ачааллаа дийлдэггүй юм байна.

 

Улсын хэмжээний бодлогыг тодорхойлж байгаа яамдууд дээр ирж байгаа өргөдөг гомдол, түүнийг Засгийн газарт оруулж шийдүүлэх гээд ажлын ачаалал маш өндөр байдаг юм билээ. Тийм учраас энэ асуудалд нэлээн сайн тооцоо судалгаатай, үндэслэлтэй хандах ёстой.

 

-Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам. доллар боллоо гэсэн. Ер нь бүхэлдээ улс орны санхүү, эдийн засгийн статистик үзүүлэлтүүд ямархуу байгаа бол?

 

-Шулуухан хэлэхэд тун тааруухан байгаа. Өнөөдөр төсвийн алдагдал оны эхний есөн сарын байдлаар 867.3 тэрбум төгрөг болсон байна лээ. Эдийн засаг санхүүгийн хувьд 2012 онд хүрсэн түвшингээ алдаад, 2008 оны түвшинд хүрчихсэн. Өнөөдөр хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй боллоо. Банкны систем бүхэлдээ хямралын байдалтай болж эхэлсэн. Улсын хэмжээнд банкуудын найдваргүй зээлийн хэмжээ 500 гаруй тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл нь 747 тэрбум буюу нийтдээ 1.2 их наяд төгрөг банкнаас гадуур урсаж байна. Монгол Улс өөрөө хуримтлал муутай орон.

 

Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй болсон. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 5.9 тэрбум ам. долларт хүрч байсан. Гэтэл энэ оны эхний улирлын байдлаар -74 сая ам.доллар буюу гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Ингээд яриад байвал дандаа л сэтгэл эмзэлүүлсэн, уруудаж доройтсон тоо ярих учраас ингээд зогсоё.

 

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж