УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-гийн мөнгөөр авлигадсан хэрэгт холбогдсон С.Төгсбилэг, Д.Энхбат, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын шүүх хурлын тов одоогоор хараахан тогтоогдоогүй ч хэргээ нэгэнт хүлээсэн тул ял авах нь бараг ойлгомжтой. Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар эрх мэдлээ урвуулан ашиглаж, улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.
Бодит байдалдаа тэд УИХ-ын гишүүдэд өөрсдийн хүслээр авлига өгсөн биш албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-г жигд хүртээмжтэй цөлмөж идсэн МАН-ын дарга нарын “могойд барьдаг мод” болсныхоо шанг хүртэж буй нь энэ. Товчоор хэлбэл, эдгээр залуус даргынхаа өмнөөс шоронд суудаг бичигдээгүй хуулийн золиос болсон гэсэн үг.
Энэ мэтээр олон залуус даргын цүнхийг нь барьж, цай кофег нь зөөж гүйснийхээ төлөө ялтан болдог нь Монголын улс төрийн хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, өмнө нь гэмт хэрэгтнүүд ял наймаалцдаг байсан бол өдгөө улстөрчид ял наймаалцдаг болж.
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөөс “хүргэн” Дэнзэн шоронд орж байв. Ерөнхийлөгч Х.Баттулгад ах нь “шадарласан”-ы хүчинд хүргэн Дэнзэнгийн хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон билээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа төрд биш ахдаа “үйлчилснийхээ” горыг амсч, АТГ-т баригдаж саатуулагдаж байсан удаатай. “Ааяа”-гийн ангийн найз, оймсондоо боодол ам.доллар нууж байгаад АТГ-ынханд газар дээрээ баригдсан МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлстийн дарга Б.Баярсайхан бас байна. Авсан авлига “Ааяадаа өгдөг” байсан тухайгаа тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн гэх мэдээлэл ч цацагдсан.
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба Н.Энхбаярын өмнөөс авлига авч байгаад АТГ-д баригдаж, ял шийтгэл хүлээсэн. Тэгвэл шинэ оны өмнөхөн, Төрийн банкны ерөнхий захирал асан Д.Баярсайхан болон Б.Цэндсүрэн, Г.Тогтохбаяр, Д.Ганбаатар нарын дөрвөн хүн 1,6-3,6 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн бий. Тодруулбал, тэднийг БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн хууль бус зээл Төрийн банкнаас олгосон гэх хэрэгт буруутгаж өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард шүүхээс ял шийтгэл оноосон билээ. 2017 оны зургадугаар сарын 23-нд БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон ч эргэн төлөгдөх хугацаандаа тус компани зээлээ төлөөгүй аж. Тиймээс уг зээлийг олгохдоо тухайн үеийн Төрийн банкны удирдлагууд хууль зөрчсөн гэж шүүх үзсэн ч ард нь байгаа “ах” мөн л гэм, зэмгүй үлдсэн. Тэднийг гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн хүн нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэх яриа байна.
Нэг намын, нэг нутгийн, нэг фракцийн ах нарынхаа “муухай, сайхан”-ыг хариуцаж явсныхаа төлөө ял үүрч, нэг нэр хоёр хочтой үлдээд зогсохгүй улс төрийн болон төрийн албанд ажиллах карьертаа ч давхар цэг тавьж буй нь харамсалтай.
Авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдсон дарга нар хэзээ ч шоронд суухгүй, өмнөөс нь аль нэг цүнх баригч, кофе зөөгч шүүхийн хаалга татдаг нь гэм биш зан болсон. Тиймээс ах нарыг дагаж амархан хөлжиж, албан тушаал, эрх мэдэлд хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол ард нь бас шорон байгааг ч мартаж боломгүй. Том дарга нарын төсөл мөнгө, тендерийг зохицуулж, өнөөдөртөө мөнгөтэй, эрх мэдэлтэй яваа ч өөр нэг өдөр шүүхийн хаалга татаж мэдэх гашуун сургамжууд олон бий. Учир нь, мал дагавал ам тосоддог бол улстөрчдийг дагавал толгой цусддаг болсон цаг.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ