Элчин сайд Л.Пүрэвсүрэн Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзав

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзав

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзав

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Гэгээн Ширээт Улсын Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай 1 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжийг судлах Монголын эрдэмтдийг Ватиканы нууц архив, номын санд ажиллахыг зөвшөөрч, манай судлаачдыг 2019 оны 10 дугаар сарын 1-4-нд хүлээж авсанд Ватиканы талд талархаж, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Монголын түүхтэй холбоотой эх сурвалжийг судлахад манай судлаачдыг Латин хэл сургах боломжтой гэж Ватиканы тал мэдэгдлээ.

Уулзалтын үеэр хоёр тал Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 6-8-нд Гэгээн Ширээн Улсад хамтран зохион байгуулах гэж байгаа эрдэм шинжилгээний хурал, зургийн үзэсгэлэнгийн бэлтгэлийн талаар ярилцлаа. Эрдэм шинжилгээний хурал нь католик шашны гэлэн Вильям де Рубрук, Папын элч Плано Карпинигийн Монголын эзэнт гүрэнд зорчихдоо баримтжуулсан шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудлаар болно. Энэ сэдэв шашнаар түрүү барин зөрчилдөж байгаа өнөө үед нэн ач холбогдолтой билээ.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ватиканд ажиллах үеэрээ Папын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Индунил Жанакаратне Кодитувакку, Шашин судлалын Грегорын төвийн захирал Лоран Басанес нартай мөн тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Түүнчлэн Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ромд байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрүүл мэндийн хэлтсийн захирал Берхе Ж.Теколатай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна экспортод гаргах боломжтой сүү, сүүн бүтээгдэхүүнд тавигддаг олон улсын стандартын талаар ярилцав. Мөн Загас агнуур, үржүүлгийн бодлого, нөөцийн хэлтсийн захирал Др. Мануэл Барангетэй уулзаж, загас агнуурын салбарт далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдлэх эрх, тэдэнд ногдох квотын талаар мэдээлэл авлаа.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж