Монголчууд зөвлөлдөх ардчиллыг сонгох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Монголчууд зөвлөлдөх ардчиллыг сонгох нь зөв үү?

"…Монголчууд дундаасаа төлөөлөгч сонгож, шийдвэр гаргах эрхийг төлөөлөгч иргэндээ өгдөг болоод 25 жилийн хугацаа өнгөрчээ. Эхэндээ ард түмэн нь төлөөлөгчдөө итгэж, улс орны хөгжил, тусгаар тогтнолд эерэг сэтгэлээр ханддаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд олон нийт, иргэд өөрсдийнхөө сонголтод илтгэл алдарч, улстөрчид, шийдвэр гаргагчид луйварчин төрхөөр хардаг болжээ. Энэ бол төлөөллийн ардчилалын систем үнэгүйдэж эхэлсний бодит жишээ. Мөн Монгол Улсын эдийн засаг уналтад орж, таналт, хасалтыг илүүд үзэх болсон нь монголчууд зөвлөлдөх цаг ирсний илрэл" гэж судлаачид тайлбарлаж байна.

Тухайлбал, улс төр судлаач, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар "Хямралыг эмчлэх жор бол зөвлөлдөх ардчилал. Тиймээс ардчилал нь иргэн таны үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн байх ёстой юм" гэж тайлбарлав.

Тэрбээр ардчиллын загалмайлсан эцэг С.Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг монголчуудад уншуулахыг хүсч, эх хэлнээ хөрвүүлжээ. Монголын нийгэмд үүссэн асуудал, түүнээс гарах шийдэл нь юу вэ гэсэн асуултад хариулт өгөхийг хүссэн нь энэхүү номыг орчуулан гаргаж буй зорилго хэмээн гишүүн асан Г.Занданшатар онцлов.

  • Өнөөдөр болсон номын нээлтийн үеэр түүнтэй товч ярилцлаа.


“Зөвлөлдөх ардчиллын гол санаа нь асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж, хужрыг тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр бөгөөд Монголд нэвтрүүлбэл эдийн засагт асар үр дүн авчрах нь тодорхой" гэж "Мongolian Economy” сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр онцолжээ.

Зохиолч Г.Аюурзана “Улс төрийн онолын ном зохиолч хүнд хүртээлгүй гэж би боддог байлаа. Тиймээс уншиж байсангүй. Уншлаа гэхэд ямар нэгэн дээдийн санаа олно гэж итгэж ч байсангүй. Харин "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй" хэмээх энэ номыг санаандгүй сөхчихөөд, цааш тавьж чадалгүй автсан. Ямар эрүүл саруул сэтгэлгээ, ямар уйгагүй судалгаа, ямар шинэлэг суурь байв гэдгийг ухаж ойлгосон. Хамгийн гол нь "Ардчилал бол иргэн бүрийн үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн" гэдгийг өмнө надад хэн ч ингэж тайлбарлаж өгөөгүй юм” хэмээн санал бодлоо илэрхийлсэн байв.

Олон арван эрдэмтэн, судлаачид ч Монголын ардчилал ба өнөөгийн нийгэмд тулгараад буй эдийн засгийн хямрал, хэрхэн түүнийг давж туулах гарц гаргалгааны талаар хэлэлцэж, шийдэл нь зөвлөлдөх ардчилал гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, "Зөвлөлдөх ардчилалын аргачлалыг Монголд нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, тулгамдсан асуудлыг хамтын хүчээр, оновчтой шийдэх боломжтой болно. Энэ нь эргээд улс, орны нийгэм, эдийн засгийн хүрээнд эерэг өөрчлөлт гарахад нөлөөлнө" хэмээн тэд байр сууриа илэрхийлж байлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж