Японы онлайн худалдааны тэрбумтан Юсакү Маэзава нь “SpaceX” компанийн сарыг тойрон аялах хөлөгт суудал захиалсан анхны хүн болж, 2023 онд сар руу аялах гэж байгаа билээ. Өдгөө 44 настай Маэзава сар руу хамт аялах ганц бие бүсгүй хайж байгаагаа зарлажээ.
Тэрбээр 20-иос дээш настай, амьдралд хайртай, маш онцгой нэгнийг хайж байгаа аж. Тэрбумтны найз бүсгүйг Японы “AbemaTV” стриминг үйлчилгээ “Full Moon Lovers” нэртэй реалити шоугаар тодруулах юм байна. Уг шоунд оролцогчдын хүсэлтийг энэ сарын 17 хүртэл хүлээж авах ба ялагч гуравдугаар сард тодрох юм байна.
Маэзава энэ аяллыг 2018 оны есдүгээр сард захиалсан бөгөөд өөрөөсөө гадна 6-8 хүн дагуулж явахаа зарлаж байв. Түүний дагуулж явах хүмүүс нь урлаг соёлынхон байх бөгөөд аяллаас мэдэрсэн мэдрэмжээ уран бүтээл болгох ёстой аж.
Маэзава нь Японы хамгийн том онлайн худалдааны сайт “Zozotown”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг. Тэр саяхан өөрийн твиттер хуудсыг дагагчдаас азтай 1000 хүнийг санамсаргүй байдлаар тодруулж, хүн тус бүрт 9 мянган ам.доллар өгөхөөр амласан билээ. Үүний зорилго нь хүмүүс хожсон мөнгөө амьдралдаа хэрхэн зарцуулж, мөнгө хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судлах юм байна.
Эх сурвалж: FORBES
Холбоотой мэдээ