МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэхүү өдөр бол Та бидний улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм.
Хорин найман жилийн тэртээ 1992 онд монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө Та бидний хийсэн түүхэн сонголт байлаа.
Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд улсын маань нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн маань амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн. Туршлага, сургамж ч чамгүй хуримтлагдсан. Олсноо бататгаж, алдсанаа засах, ирээдүйгээ шинээр тодорхойлох гарцаагүй шаардлага ч үүссэн билээ.
Ард түмнийхээ хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёрхон сарын өмнө бид, бас нэгэн түүхэн сонголт хийгээд байна. Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад Монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан. Та бүхний санал бодол, зөвлөгөө дэмжлэг зорьсон зорилгодоо хүрэх хамгийн том хөшүүрэг болсон. Тиймээс Монгол хүн бүхэнд, Монголынхоо нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье.
Эрүүл нийгмийг төлөвшүүлж, шударга ёсыг бататган, хөгжил цэцэглэлтийг дархлахын тулд бид урагшаа илүү олон алхах ёстой. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Өөрчлөлтийн үр шимийг иргэддээ эхнээс нь хүртээж эхэллээ. Алдагдахад хүрээд байсан баялгаа буцаан авч, өгөөж дээжийг нь өндөр настан ахмад буурлууддаа, ачийг нь санаж хүртээх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлаас гаргалаа.
Монгол хүн эх орон, эрдэс баялгийнхаа жинхэнэ эзэн нь байж, хариуцлагатай-хяналттай төр, тогтвортой-тэнцвэртэй засаглал, хараат бус-шударга шүүх, бие даасан-иргэндээ ээлтэй нутгийн удирдлагыг төлөвшүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал цаашид тууштай хэрэгжих болно.
Ингэж байж улс маань улсын дайтай хөгжиж, иргэд маань хүний дайтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шинэ Монголын Шинэ ирээдүйн суурь тавигдсан гэж үзэж байна. Энэхүү өөрчлөлтөөр улбаалан эрх зүйн томоохон шинэтгэл хийгдэх учиртай. Тогтвортой өсөлтийг цогцлоох эдийн засгийн шинэчлэл, хуулийн засаглал, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл, хүний хөгжлийг тэтгэж, иргэдийнхээ чинээлэг амьдрах нөхцөлийг хангах нийгмийн бодлогын шинэчлэл бидний зорьж буй Шинэтгэлийн гурван тулгуур байх болно.
Энэ бүхэн өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаж, дэлхий нийтийн түгээмэл хөгжилтэй эн зэрэгцэн алхах шинэ 30 жил буюу Сайн цагийг авчрах эрхэм зорилго билээ.
Улс, нийгмээрээ цэгцрэх, шинэчлэлийн шинэ ирээдүйн төлөө монгол хүн бүр хичээн зүтгэхийг Үндсэн хуулийн энэ өдөр Та бүхэндээ хандан уриалъя.
Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, золбоо хийморь төгөлдөр байх болтугай.
Төрийн мэлмий тунгалаг, түмний сэтгэл амгалан байг ээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар
Холбоотой мэдээ