Мянган төгрөгөөр хэдэн хүүхэд аварч болох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Мянган төгрөгөөр хэдэн хүүхэд аварч болох вэ?

Би жирийн л нэгэн ээж. Тэгвэл эх хүнд хамгийн зүрх зүсэм чимээ юу байдгийг та мэдэх үү? Хүүхэд уйлах. Тэгвэл эх хүний хувьд хамгийн тэсвэр­­лэшгүй зовлон юу вэ? Өвчин зовлондоо тарчлан уйлагнах үрээ тэвэрч аргадахаас өөрөөр тайтгаруулж, сэтгэл шимширэхээс өөрөөр тусалж чадахгүй байх. Тусалж чадахгүй байгаадаа, өвчнийг нь эдгээж хүчрэхгүй байгаадаа, өвдөлтийг нь өөртөө авч чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгах бол эх хүний хувьд хамгийн гашуун мэдрэмж. Гэтэл зуу зуун ээжүүд энэ гашуун мэдрэмжийг шөнө, өдөргүй мэдэрч, сэтгэлээ эмзэглүүлж байна. Мянга мянган аавууд эмчилгээний мөнгө олохын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, нулимсаа дотогш залгиж явна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг руу орохын төдийд нүд хальтарч, нулимс мэлтэлзэм дүр зураг угтдаг. Гомдолтойгоор уйлагнах дуу хананаас хана дамжин цуурайтаж, бинтээр бүхий л биеэ мумми мэт ороолгосон хүүхдүүд коридороор холхилдоно. Шархаа хөндүүлж, боолтоо солиулахаас зүрхшээсэн зарим нь ээжээсээ, ааваасаа, сувилагчаас зугтаан, амь тэмцэн гүйж яваад өрөөний хана, хэн нэгний биеийг шүргэхийн төдийд шархаа хөндөн, уйлагнана. Эдгээрийн хамгийн аймшигтай нь юу гээч. Шархыг нь хөндөхгүйн тулд үрийнхээ биед хүрч ядан халгаж, энэ бүхний буруутан нь зөвхөн би хэмээн өөрийгөө зэмлэж, уйлагнах дуунд нь сэтгэлээ чимх чимхээр эмтлэвч, хажуугаар нь өнгөрөх нэгэн рүү хүчлэн байж инээмхийлэх ээжүүд.

Үрдээ нулимсаа үзүүлэх­­гүйн тулд шүд зуун тэсч, энэ хорвоогийн хамгийн хөгжилтэй дууг үрдээ аялж, бяцхан үрээ инээлгэхийн тулд циркчин, алиа салбадай, гуйлгачинд “хувиран” элэглэх аавууд. Тэд үрийнхээ өөдөөс хараад хамгийн үнэнээр инээмсэглэдэг ч гэлээ, буруу харахынх нь төдийд хэтэрхий гашуун гуниг харцанд нь мэлтэлзэж байдаг… Ийм л өр өвдмөөр дүр зурагтай өдөр бүр нүүр тулгадаг эмч, сувилагчдын зүрх хэрхэн шархирдаг нь ч ойлгомжтой. Албан ёсны судалгаагаар Монголд жилд дундажаар 7000 хүн ахуйн болон гал түймрийн улмаас түлэгдэж байна гэсэн дүн гарчээ. Тэдгээрийн 80 хувь нь 0-3 насны хүүхдүүд. Энэ мэдээг сонсох бүртээ зүрх нь шимширч, сэтгэл нь өвддөг хүмүүс олон. Гэтэл бас “ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасаг түрээсийн байрнаасаа хөөгдлөө”, “Цусны нөөцгүй болжээ”, “Түлэнхийн тасаг ачааллаа даахгүй байна” гэх хар мэдээллүүд “дайран дээр давс нэмнэ”.

Гэтэл яагаад хүүхдүүд ийм олноороо түлэгдэн, эмнэлэгт хүргэгдэх болов? Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дээр сууж байгаа дарга нар биш, эцэг эхчүүд нь хамгаална гэдгийг юун түрүүнд ухамсарлах хэрэгтэй. Түлэгдэлтийн шалтгаант гэмтэл бол амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байгаа гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлаж чаддаггүй, хариу үйлдлийг гүйцэд үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас барах, өвчлөх, тахир дутуу болох тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлсээр байгаа.

ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасгийнхан ч мөн үүнтэй санал нэг байгаа бөгөөд “Түлэгдэлтийн улмаас хүүхдүүд амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Боломжоороо эмчилгээ үйлчилгээ үзүүлж буйгаа ч зарим тохиолдолд эмчилгээ авах аргагүй болтлоо түлэгдсэн хүүхдүүд ирж байна” хэмээн халаглаж сууна. Түлэгдэлтийн улмаас хүүхэд амьд үлдэж болох ч насан туршийн сорвитой, татанхай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, ирээдүйд идэвхигүй амьдралтай тэтгэмжийн иргэн болох эрсдэл өндөр бөгөөд үүний хамгийн гол “буруутан” нь эцэг эхчүүд л байдаг.

Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн асран хамгаалагч ганцхан минутын болгоомж алдахад л хүүхэд насан туршийн эмгэгтэй болдог гэсэн үг. Бүр тодруулбал, түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь гэртээ, халуун хоол цай хийж байх үед, буцалгасан ус, данхтай, халуун савтай цай гэх мэтийг татаж унагаснаас түлэгддэг байна. Хүүхдүүдийн олонхи түлэгдэх үедээ насанд хүрсэн хүнтэй хамт байхдаа, өдрийн цагаар, тоглож байх үедээ түлэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хүүхдийн амьдарч буй орчин ялангуяа гэрт амьдардаг байх тусам түлэгдэлтэд илүү өртдөг байна. Бидний уламжлалт сууц болох монгол гэрт ямар нэгэн өрөө тасалгаа байхгүй тул хүүхэд тоглох, идэх зэрэг үйлдэл хийх явцдаа түлэгдэх нь элбэг байдаг аж.

Тэгвэл бид үүнийг харж эмзэглээд, бодож шаналаад л явах уу? Бид бүх хүнийг аварч чадахгүй ч бүх хүн нийлээд аварч чадна гэдгийг танд дахин сануулахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, “25 дугадугаар суваг” телевизийн хамт олон ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасагт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч өгөхийн төлөө “1000 төг” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлүүлээд байна. Бидний үлгэр дуурайлал авдаг, олны танил бүсгүйчүүд болох топ модель Ч.Туяацэцэг, Д.Пүрэвсүрэн, жүжигчин О.Долгор, “25 дугдугаар суваг” телевизийн захирал А.Энхзул нар ч мөн энэхүү аянд нэгджээ. Тэд “Тэдний талаар бид зөндөө их сонсож байсан. Тэр болгонд сэтгэл сэмэрч зүрх эмтэрдэг… Хүүхэд бүхнийг гэрэлт ирээдүй хүлээж байгаасай гэж би боддог. Харамсалтай нь түлэгдэлтээс болж олон зуун хүүхдүүд өвчиндөө шаналж бас эндэж байна… Та бид хамтдаа их зүйлийг бүтээж чадна. Тийм ч учраас манай телевизийн зүгээс Мянган төгрөг сайн үйлсийн аяныг эхлүүлж байгаадаа баяртай байна. Түлэнхийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйн улмаас олон зуун хүүхэд эндэж, тахир дутуу болж байна. Тиймээс би Мянган төгрөг сайн үйлсийн аянд нэгдэж байна. Хэрвээ бид бүгдээрээ нэгдвэл том зүйлийг бүтээж чадна” хэмээн уриалж байна.

Уг хандивын аян энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ. Мянган төгрөг төслөөр цугларсан мөнгөөр арьс зүсэгч автомат төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгчийг дагалдах хэрэгслийн хамт авч өгнө. Мөн хандивын мөнгөний тодорхой хувиар эхний ээлжинд хэрэглэх хиймэл арьсны нөөцийг худалдан авах аж.

Дашрамд дурдахад, Солонгос, Хятадад хиймэл арьс 1 см куб нь 100 орчим ам.долларын үнэтэй байдаг бөгөөд манай улсад байдаггүй. Тиймээс хиймэл арьс суулгах хагалгаанд 150-400 сая төгрөгөөр ордог байна.

Түүнчлэн арьс зүсэгч автомат төхөөрөмж, дагалдах ир, хиймэл болон донор арьс хадгалах төхөөрөмж, эхний нөөц хиймэл арьсны хамт нийлээд 110 сая төгрөг. Тиймээс та бүхэн бяцхан үрсийн төлөө халаасан дахь 1000 төгрөгөө хандивлаарай. Бид өнөөдөр 1000 төгрөгөөр юу бүтээж чадах вэ? Энэ мөнгөөр хоёр хуушуур авч хүрэхгүй, ганц оймс аваад өмсчихөж ч чадахгүй, яахав хоёр удаа л автобусанд суух мөнгө. Тэгвэл таны бэлэглэсэн 1000 төгрөг хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэчнээн гэр бүлд аз жаргал, инээд хөөр бэлэглэж чадах вэ? Магадгүй, арав, цаашилбал зуу, бүр мянган хүүхдийн амийг ч аварч мэдэх юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хандивын данс:

Хаан банк: 5077353961
Голомт банк: 3305102570
ХХБ: 452587362
Төрийн банк: 106900461020
Харилцах утас: 88116238
Хүлээн авагчийн нэр: А.Намуужин

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж