БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдлаа. Ингэснээр зургаан сая хүртэлх ахмадын зээлийг төрөөс нэг удаа тэглэх, харин зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр болсон. Гэтэл ОУВС-гаас Монгол Улс гэрээгээ зөрчлөө хэмээн мэдэгдэл гаргачихлаа. Энэ нь манай улсын нэр хүнд, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? Ер нь тэтгэврийн зээл тэглэх боломжтой юу?

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лагшми

-Тэтгэврийн зээл харилцан адилгүй тэглэж буй нь шударга бус. Үнэндээ УИХ ямар шалгуураар зургаан сая хүртэлх төгрөгийг тэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Шударга хүмүүс буюу авсан зээлээ цагт нь эргэн төлсөн, эсвэл бүр аваагүй хүмүүс нь хохирч үлдэж байна. Зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээл авах чадвартай байна гэдэг чинь тэтгэвэр нь өндөр тогтоогдсон хүмүүс шүү дээ. Үнэхээр зээл тэглэмээр байгаа юм бол өндөр настнуудаа алагчлахгүй, бүх тэтгэврийн хүмүүстээ тэгш хуваагаад өгөх хэрэгтэй. Ядаж тэтгэврийн насны бүх хүндээ тус бүрт нь гурван сая төгрөг өгөх замаар асуудлыг шийдсэн бол арай шударга байх байлаа. Насны хишиг гээд Цагаан сараар 80 мянган төгрөг өгдөг. Хөөрхий өндөр настнууддаа өгөхдөө хэдэн цаг өдрөөр дараалалд зогсоож, зовоодог. Одоо бас нэг сая төгрөгийн ваучер өгөх гэж бөөн дараалал болно доо. ОУВС-гийн гэрээ энэ жилийн таван сард дуусахаар байгаа. Сүүлийн төлбөр нь орж ирээгүй байна. Тэгэхээр уг төлбөр нь орж ирэхгүй байх магадлалтай. Тиймээс төгрөгийн ханш улам сулрах, инфляцийг өсгөнө. Энэ оноос ихээхэн хэмжээний гадаад өр төлөхөөр байгаа. Харамсалтай, нь энэ өрөө төлөх нөөц байхгүй учир дахин өрийг өрөөр дарахаар байгаа юм. Ингээд дахиад л ОУВС-д хандах болно. Гэтэл Монгол Улс гэрээгээ биелүүлдэггүй, өрийн тааз нилээн өндөр байгаа болохоор ОУВС-гаас сүүлийн төлбөрийг оруулахгүй байх магадлалтай. Зээлийг зээлээр дарахгүй гэвэл бид томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Багадаа арван төсөл. Мөн дээр нь дэлхийн түүхийн эдийн үнэ ханш унавал Монгол Улс тун хэцүү байдалд орно. Гадаад нөхцөл байдал ер нь бас хэцүү байгаа шүү дээ. Тиймээс цаашдаа яахыг өнөөдөр таамаглахад хэцүү. Монгол Улсын гол экспортлогч орон болох БНХАУ-ын эдийн засаг 2019 оны эцсээр бууралттай гарлаа. Тэгэхээр энэ жил бидний хувьд амаргүй байх болов уу. Төгрөгийн ханш суларч, инфляци өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн илүү үнэтэй болно гэсэн үг. Энэ нь иргэдийн хувьд ялангуяа дундаас бага орлоготой хүмүүсийн амьдралд нэлээн хүндээр тусна.

Голомт банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг

Популизм ч бай, юу ч бай бид эндээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр зээл тэглэлээ, гэтэл дараа жил яах вэ? Дахиад дараа жил нь бас яах вэ? Дахиад л тэглээд байх уу? Тэтгэвэр багатай иргэд маань дахиад л зээл авна шүү дээ. Бид уг нь асуудлаа уг үндсээс нь шийдээд, дахин хэн ч тэтгэврийн зээл авахгүй байх хэмжээнд хүргэх хэрэгтэй. Тэтгэврийн системдээ реформ хийж, олон улсын жишигт хүргэхгүй атлаа тэрнээс хэд дахин илүү мөнгөөр гал унтраах үйл ажиллагаа хийж байгаа нь харамсалтай. Манай улс хэр удаан энэхүү хоцрогдсон тэтгэврийн системтэйгээ явах юм, бүү мэд. Гайхаад бардаггүй юм. Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо л хамгийн сайн байна гээд бусад улсуудын 100 гаруй жилийн туршлага баталчихаад байхад л бид буруу харж суучихаад, эсрэгээрээ зээл тэглэнэ гээд байж байдаг. Уг нь манай иргэд нийгмийн даатгалын шимтгэл улсдаа хураалгадаг бус, тэр мөнгөөрөө өөртөө тэтгэврийн хуримтлал үүсгэдэг баймаар байна. Үүний тулд хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийгээд өгчихвөл юун зээл, бүр гадаадад зугаална шүү дээ, ахмадууд маань. Олон улсын валютын сангийн мэдэгдлийн хувьд, өмнө нь дөрвөн тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байсан үеийг бодоход манайд одоо Оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалтгүй болчихлоо. Тэгэхээр миний хувьд энэхүү зээл тэглэлтийг олон улс талаасаа том эрсдэл гэж харахгүй байна. Харин дотоод эдийн засагтаа бол төгрөгийг үнэгүйдүүлж байгаа юм. Дээр нь нэмээд одоо өрнөж буй худалдааны дайн, АНУ-ын амбиц зэрэг нь алтнаас бусад таваарын ханшид муу нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Мөн манай улс их хэмжээний гадаад өртэй, төлөх хугацаа ойртож байна. Энэ бүхэн нь тэтгэврийн зээл тэглэлттэй нийлээд манай улсын эдийн засагт багагүй цохилт болохоор харагдаж байна. Ерөөсөө бид эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулъя гэвэл маш олон суурь асуудлуудаа л шийдэх хэрэгтэй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж