Эмч нарын цалинг хасахгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Эмч нарын цалинг хасахгүй

Төсвийн хэмнэлт нэрийдлээр халдварт, сүрьеэ, сэхээн амьдруулах зэрэг хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагчдын урамшуулалт цалинг хасч эхэлсэн тухай эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж, салбарын сайддаа асуудлыг эерэгээр шийдэх шаардлагыг энэ долоо хоногийн эхээр хүргүүлсэн билээ.

Тэгвэл талууд тохиролцоонд хүрч, эмч нарын цалингийн нэмэгдлийг бууруулахгүй гэсэн байр сууринд хүрсэн байна. 2010 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилчдын цалин дээр цалингийн 50 хувийг нэмэгдэл болгон олгохоор болсон байдаг ч огт хэрэгжээгүй гэх эл тушаалыг одоогийн Эрүүл мэнд, спортын сайд цуцалснаас үүдэн энэ маргаан, үл ойлголцол гарсан юм.

  • Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар ингэж ярилаа.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр бол өнгөрсөн хугацаанд хүнд нөхцөлд ажилладаг гэх 10 мянга орчим эмч, сувилагч нар нэмэгдэл болгож нэг ч төгрөг гар дээрээ аваагүй бөгөөд дээрх тооцоолол дөрвөн жилийн турш эмнэлгүүдийн төсөвт өр болон хуримтлагдаж иржээ. Тиймээс өмнөх тушаалыг Г.Шийлэгдамба сайд хүчингүй болгож, эмгэг судлал, сэхээн амьдруулах тасаг, эх барих, эмэгтэйчүүдийн эмч зэрэг эмнэлгийн хүнд нөхцөлд ачаалалтай ажилладаг эмч, сувилагч, асрагч нарын цалин дээр 20 хувийн нэмэгдэл өгөх тушаалыг дангаар нь хэрэгжүүлэхээр болсон хэмээн тайлбарлав.

  • Энэ тухай Эрүүл мэнд, спортын сайд ингэж ярилаа.


Өнгөрсөн хавар гарсан "Улаан бурхан" өвчний дэгдэлтийн үед ХӨСҮТ-ийн эмч, ажилчид илүү цагаар, ачаалалтай ажилласан тухайгаа өмнө нь хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдэж байв.

Засгийн газраас дээрх хугацааны илүү цагийг үнэн бодитойгоор тогтоож, олго гэсэн заавартайгаар 100 сая төгрөгийг улсын төсвөөс хувиарласан ч одоог хүртэл эмнэлгийн ажилчид зургаан сарынхаа илүү цагийн хөлсийг авч чадаагүй тухайгаа ҮЭХ-ноос мэдэгдэж, уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаасаа хүссэн юм.

Энэ хүсэлтэд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба "ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг шалгаж, албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон. Бид илүү цагийг эмч, ажилчдад олгоход дутагдсан 52 сая төгрөгийг яамныхаа хөрөнгөөс гаргаж, төсвийн эрх нээгдэхээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн" гэсэн хариулт өгөөд байна.

 

Ямартай ч төсвийн хэмнэлт, таналт, хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмч, ажилтнуудын цалин, урамшууллыг бууруулахгүй байх албан даалгаврыг сайд Г.Шийлэгдамба эмнэлгийн дарга нарт хүргүүлж эхэллээ. Хэрэв ямар нэгэн байдлаар эмнэлгүүд дотоод журам гарган, цалин хасвал Үйлдвэрчний хорооддоо мэдэгдэх шаардлагатайг ЭМЯ-ныхан санууллаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж