“Хөдөөний парламент”

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

“Хөдөөний парламент”

Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталж, тойргоо тогтоолоо. Хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад 76 мандатын 26 нь нийслэлд 50 нь хөдөө, орон нутагт оногджээ.

Түүхийг нэхэн санахад, 2012 онд хотын дарга болсон Э.Бат-Үүл Лондон хотын даргатай дотносож түүнийг үлгэрлэх оролдлого хийж байсан нь саяхан. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь өдгөө нийслэлдээ төвлөрсөн Улаанбаатар хотын хувьд түүнийг удирдах явдал Засгийн газраас илүү “стратегийн ач холбогдолтой” байх нь хэнд ч тодорхой бизээ.

Дэлхийн олон нийслэл хотуудын дундаас яагаад чухам Лондонг манай ардчиллыхан сонгосон юм бол гэх асуулт урган гарна. Их Британи парламентын засаглалтай эртний түүхтэй орны хувьд вестминстерын ардчиллын загвар хэмээх нэгэн хувилбарыг хүн төрөлхтөнд төрүүлсэн гавьяатай. Лондон одоо ч тэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан хэвээр.  Энэ хот дэлхийг хамарсан санхүү, улс төрийн доргионд тэсвэртэй үлддэг нь гайхмаар. Үүний шалтгааныг Резерфордын бичсэн ”Лондон” хэмээх номыг уншаад ойлгох бизээ. 32 дүүрэгтэй Лондон хотын хамгийн үнэ цэнэтэй хэсэг бол 12 дүүрэгт байрлах “дотоод” Лондон буюу Сити юм. Энд л дэлхийн санхүүгийн нэгэн хүчирхэг оньс, үндэстэн дамнасан корпорациуд, томоохон компанийн төлөөлөгчийн газрууд байршиж, үйл ажиллагаагаа явуулна.

Вестминстерийн загвар хааны эрх мэдлийг  хязгаарлахад чиглэсэн олон зууны тэмцлийн үр дүн бөгөөд үүнд Лондон хотын иргэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Туйлын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх эрмэлзэл бүхий л хаадын үед байсан. Эдгээр эрх мэдлийг хязгаарлах институциудыг бүрдүүлэхийг хүн төрөлхтөн эрмэлзэж ирсэн. Хааны сэнтийд залрахын төлөөх амь эрсэдсэн тэмцэл, заларсныхаа дараа хаадын тансаглал, энэхүү амьдралын хэв маягийн санхүүжилтийн эх үүсвэрийг олох арга ч тодорхой – дайлаар мордож олз омог олох, тэр бүрт зардлыг даах  олон төрлийн татварыг бий болгох, сүсэг бишрэлийг тугаа болгон өөр үзэлтнүүдийг хяхан хавчиж хөрөнгө мөнгийг нь хураах, эздийг нь цөлөх, цаазаар авах.

21 дүгээр зуунд амьдарч буй Монгол Улсын иргэн надад өөрийн эрхгүй ямар танил зураг вэ хэмээн бодогдохоор. Их Британи өнөөдөр Үндсэн хуульт хаант засаглал бүхий орон бөгөөд төрийн тэргүүн  хатан хаан нь үндсэндээ билэгдлийн шинжтэй, харин бүх эрх мэдэл парламентад төвлөрсөн байдаг.

Европ тивд XI-XVIII зуун хүртэл үргэлжилсэн эл байдлыг Францын Аугаа Их Хувьсгал өөрчилсөн. Францын хувьд мөнхүү өөрийн үндэстний онцлог бүхий засаглалын хэлбэр тогтоосон. Парис бол хэзээнээс эсэргүүний үүр байв. Тиймээс ч хүний эрх, эрх чөлөөг тунхаглан боссон хувьсгалчид эзэн хаанаа цаазын тавцнаа аваачиж, төд удалгүй өөрсдөө хувьсгалынхаа золигт явсан түүхтэй. Хардлага сэрдлэгээр дүүрэн Парист нэг хувьсгалч эмэгтэйн мэдүүлгээр язгууртан гэсэн үүсэл гарлынхаа төлөө цаазаар авахуулж буй нэгэн гэр бүлийн дүр зураг өдөр бүр манай Үндэсний телевизээр “Та яг одоо 111 утас руу залга” гэсэн АТГ-ын суртал ухуулгатай агаар нэгэн мэт.  Шударга ёс, тэгш байдал зэрэг ариун гэгээн уриаг үеийн үед эрх баригчид тугаа болгон ашиглаж өрсөлдөгчдөө зайлуулж байсан нь ганцхан монголын тохиолдол ч биш болов уу даа. Францчууд цуст яргалал, эцэс төгсгөлгүй улс төрийн тэмцлийн горыг амсаж эл бүгдийг даван туулах засаглалын хэлбэрээ олох гэж бараг хоёр  зууныг дамнасан билээ. Орчин үеийн Франц улсын засаглалын хэлбэр нь холимог хэлбэрт хамаарах бөгөөд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч  болон парламентын олонхийг бүрдүүлэх улс төрийн нам нь хоёр өөр улс төрийн хүчний төлөөлөл байх аваас Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн Засгийн газрын Ерөнхий сайд нь эрх мэдэл багатай, үндсэндээ Ерөнхийлөгчийн тодорхойлсон бодлогыг хэрэжүүлэгч л байна. Харин хоёулаа нэг нам байх тохиолдолд Ерөнхий сайд нь ялсан намын дарга гэсэн утгаар хүчтэй, эрх мэдэлтэй байх жишээтэй. Франц улс “Төр бол би” гэж хэлсэн ХIV Людовик хаан, дэлхийг эзэгнэхийг хүссэн Наполеон Бонапарт, ХVI Людовик хаанаа цаазлаж Бүгд найрамдах хэлбэрийг тогтоосон хувьсгалчдын толгойлогч Робеспьер хэнд ч дийлдэшгүй дарангуйлагч болсон түүхээ сургамж болгон авч үздэг тул ийнхүү хэт хүчирхэг ерөнхийлөгчөөс ч болгоомжилдог, хэт хувьсгалчдаас ч жийрхдэг тул аль аль талыг хазаарлах “холимог” гэсэн засаглалын хэлбэрийг бий болгожээ.

Бид 2020 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулж парламентын засаглалыг сонгосны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Мөн ээлжит 9 дэх удаагийн парламентаа бүрдүүлэх бүх нийтийн сонгууль болно. УИХ-ын анхны сонгуулийг 1992 онд явуулахдаа томсгосон, олон мандаттай 26 тойргоор явуулж МАХН /тэр үеийн хуучин нэрээр/ 56.9 хувийн сонгогчдын санал авсан боловч 92.1 хувийн буюу 70 суудал авсан, 2008 онд мөн энэ хувилбараар сонгуулийг явуулахад МАХН /хуучин нэрээр/ – 45, АН-28, Иргэний эвсэл -1, бие даагч -1 тус тус УИХ-д суудал авчээ. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН, АН болон бусад нам ямар дүнтэйгээр оролцох нь хагас жилийн дараа мэдэгдэнэ. Ямартай ч өнөөгийн УИХ-ын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН “Хөдөөний парламент” бүрдүүлэх нь тодорхой боллоо. Жэрримандерийг гайхалтай сайн тооцоолон ашиглаж буй нь хэнд ч илт байна. Түүнийг хүчтэй намын тогтолцоо бүхий мажоритар сонгуульд эрх баригчид өргөн хэрэглэдэг. Эл нэр томъёо 1812 онд АНУ-ын Массачусетс муж улсын захирагч Э.Жэрри өөрийн сонгуульдаа тойргийн нутаг дэвсгэрийг чадварлаг хуваарилсны ачаар Сенатад түүний тэргүүлсэн нам 40 суудлаас 29-ийг нь авч, газрын зураг дээр тойргийн хуваарилалтыг харахад саламандр гүрвэлтэй төстэй байсан тул шог зураач “Жэрримандэр”  буюу Жэрригийн саламандр хэмээн шоглон зуржээ. Ийнхүү улс төрийн хэллэгт дээрх сонгуулийн технологи буюу тэгш бус сонгогчдын тоо, авцалдаагүй нутаг дэвсгэрийн хуваарилалт бүхий тойрог “зурах”-ыг  ойлгодог болсон юм.

Би ч яахав нийслэлийн унаган хүн. Нийслэлдээ хотын төвийн буюу дөчинмянгатых. Энэхүү нийтлэлээ бичиж байхдаа “Хөдөөгийн парламент” хэмээн нэр өгсөн нь хөдөө нутагт төрж өссөн хүмүүсээ шоглох санаа агуулаагүй юм шүү. Зүгээр л шударга ёсыг их ярьдаг УИХ-ын зарим гишүүд  58 мянган хүн амтай Говь-Алтай, 46 мянган хүн амтай Дундговь зэрэг аймагт мандатын тоог 2 болгож нэмэгдүүлснээ хүн амын тоо даруй 3 дахин их буюу 157 мянга гаруй оршин суугчтай Чингэлтэй, 145 мянга гаруй оршин суугчтай Сүхбаатар дүүргийн мандатыг хасаж 3 болгохыг юу гэж ойлгох вэ. Хамгийн их 117112 хүн амтай Өвөрхангай гэхэд, мандатын тоо 4, тэгвэл мөнхүү түүнээс 3 дахин их буюу 321200 оршин суугчтай Сонгинохайрхан 5 мандаттай, Хөвсгөл 133964 хүн амтай, мандатын тоо 4, харин 343600  оршин суугчтай Баянзүрх дүүрэг  5 мандаттай, Увс хүн ам 84309, мандатын тоо 3, Хан-Уул дүүргийн оршин суугчид 178900, мандатын тоо 4 гэхчлэн шударга бус хуваарилалтын жагсаалтыг үргэлжлүүлж болно.  Жич: хүн амын тоог ҮС-ийн 2019 оны 3 сард гаргасан байдлаар авсан болно.

Францын Аугаа их хувьсгалын дараах он жилүүдэд нэгэн эрхэм  парламентынхаа бүрэлдэхүүнийг ёгтолж “Манай Парисыхан парламент дотроо хөдөө дэх элчин сайдын яам шиг л харагдах юм”  хэмээсэн гэдэг. Учир нь парисчууд аливаад шинэлэг, олон өнцөгөөс хөгжлийг хардаг, төр засгийн болж бүтэхгүйг шүүмжилж, эрх мэдэлтний зүй бус үйлдийг эсэргүүцэж чаддаг байсан тул Парист ногдох парламентын гишүүний мандатын тоог хамгийн багаар тогтоож, хуучинсаг үзэл бодлыг тээгч, хамгаалагч нь ямагт байдаг хөдөө орон нутгаас сонгогдох явдлыг хэт ихэсгэж байжээ.

Хоёр зууны дараа, 21 дүгээр зуунд эл байдал манайд бахь байдгаараа давтагдаж л байна. Улс орноо хөгжүүлэх, бидний цөөхөн монголчууд эрхэмсэг хангалуун амьдрахад хөгжлийн гарцыг харсан бодлого хэрэгтэй. Бодлого боловсруулагчид нь гурил будаа тарааж, диваажин амлаж сонгогддог УИХ-ын гишүүд биш харин чинээлэг амьдралыг бий болгоход татвараа төлж хүчин зүтгэж буй хувийн хэвшил, дэлхийн хаана ч очсон сайн цалин авах ажил хийхэд шаардлагатай боловсрол эзэмших оюутан залуус, эрүүл, баталгаатай хоол хүнс, амьдрах орчин бүрдүүлэх тийм төр засаг хэрэгтэй. Сүүлийн 30 жил алдаа, оноо, бэрхшээл, сорилттой бид учирлаа. Одоо болсон. Дараагийн 30 жилдээ хүнээ бодсон нийгмийг цогцлооё. Үүнийг УИХ-аас эхлэе. Нийтлэлээ Уинстон Черчиллийн үгээр өндөрлөе “Улс төрч ба төрийн зүтгэлтний хоорондын ялгаа нь улс төрч хүн дараагийн сонгуульд, харин төрийн зүтгэлтэн дараагийн үед санаа зовдогт байдаг”.

үргэлжлэл бий

Банзрагчийн ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж