Хуучин орон сууцны үнэ унаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Хуучин орон сууцны үнэ унаж байна

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн өнгөрсөн есдүгээр сарын судалгаагаар орон сууцны үнийн индекц 9.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас  орон сууцны үнэ 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад   орон сууцны үнэ 8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 11.1 хувиар буурчээ. Өнгөрсөн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны  үнэ огцом буурсан, мөн хуучин орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны дундаж үнэ буурахад нөлөөлж байна гэж “Тэнхлэг зууч”-ийн мэргэжилтнүүд хэллээ.

Жишээлбэл, Баянгол дүүрэгт байрлах “Голден Парк” хотхоны орон сууцны нэг метр квадрат нь өнгөрсөн оны есдүгээр сард  1,957,000 төгрөг байсан бол 2015 оны есдүгээр сарын байдлаар  1,729,000 төгрөг болж 11.7%-иар буурчээ.  Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд оны эхэн үеэс  шинэ орон сууцны үнэ 6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ нь өнгөрсөн есдүгээр сарын байдлаар хоёр сая 47 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар  буурсан үзүүлэлт юм.  Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ  хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж нь 2.7 сая, СХД-т баригдаж байгаа шинэ орон сууцны метр квадрат нь дунджаар 1.5 сая төгрөг байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 3.7 хувьтай гарлаа. Энэ нь хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, оны эхэн үеэс 10.7, өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар буурсан гэсэн үг юм.  Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны есдүгээр сарын байдлаар 88 сая төгрөг болж өмнөх сараас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус  буурчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр  өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт  хамгийн бага байна.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

9.3%

18.8%

3.7%

Өмнөх сартай харьцуулахад

-2.2%

-3.3%

-1.6%

Оны эхэнтэй харьцуулахад

-8.1%

-6.3%

-10.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.1%

-7.1%

-13.4%

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж