УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Энэ нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, батлуулахын төлөө идэвхийлэн ажилласан үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон энэ хорооны гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, М.Батчимэг, Г.Батхүү, Л.Болд нарын түшээдэд хүндэтгэл үзүүлэв. Ирсэн зочдын дөрөв нь Батлан хамгаалах сайдаар ажиллаж байсан эрхмүүд байв. Тодруулбал, Ж.Энхбаяр, Л.Болд болон Ц.Шаравдорж, Ж.Батхуяг нар Батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдсантай холбогдуулан өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Тэд “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар түүнтэй уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндэс суурь болсон тухай онцлоод цаашдаа дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах ажлыг яаравчлах тухай дэлгэрэнгүй ярилцсан юм.