Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Иран, АНУ-ын хооронд золтой дэлхийн гуравдугаар дайн гарчихаагүй. Төлөөсөнд нь 176 хүнтэй Украины онгоц сүйрэв. Дэлхий дахиныг шуугиулсан энэхүү үйл явдлын араас өөр нэг дуулиан дэгдсэн нь Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнтэй холбоотой мэдээлэл байлаа. Сассексийн гүн Харри болон түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нар албан үүргээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэр гаргаснаа зарласан нь хааны ордонд томоохон асуудал үүсгэж,  II Элизабет энэ асуудлаар хунтайж Харригийн гэр бүлтэй өнөөдөр /2020.01.14/ нүүр тулан уулзахаар болсон байна. Гүнгийн авхай Меган одоохондоо Канадад өөрийн ээжийндээ байгаа учир уг уулзалтад биечлэн очихгүй, видео дуудлагаар оролцохоор болжээ.

Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хэн ч тааварлаж чадахгүй байна. Ямартай ч хатан хааны гэр бүлээс зайгаа барих ханхүүгийн гэр бүлийнхний мэдэгдэл олон хүнд хунтайж Харриг Америк эхнэртээ “базуулсан” эр мэтээр харагдуулж буй талаар хэвлэлүүд бичжээ.

Америкийн жүжигчин Меган Маркл нь хунтайж Харригаас гурван насаар ах бөгөөд 1981 оны наймдугаар сарын 4-нд Калифорни мужийн Лос Анжелес хотноо төржээ. Түүний ээж Дориа Рагланд нийгмийн ажилтан, йогийн багшаар, аав Томас Маркл телевизийн салбарт гэрэлтүүлэгчээр ажилладаг байж. Эцэг, эх нь зургаан настайд нь салсан Меган 2016 онд “Elle” сэтгүүлд өөрийгөө Африкийн боол гаралтай хэмээн ярьж байжээ. Учир нь, түүний эцэг цагаан арьстан бол ээж нь африк гаралтай хүн юм. Их сургуулиа төгсөөд удаагүй түүнд жижиг дүрүүд  олддог байв. 2011 онд Торонтод төвтэй нэгэн телевизийн “Suits” цувралд гол дүр бүтээж, тэр жилдээ жүжигчин, продюсер Тревор Энгельсонтой гэрлэж, 2013 онд салсан байна.

Харин хунтайж Харри 1984 оны есдүгээр сарын 15-нд алдарт Гэгээн Мэригийн эмнэлгийн Линдо жигүүрт мэндэлжээ. Энд үе үеийн хааны удмынхан мэндэлдэг. Түүний аав, ханхүү Чарльз хаан ширээ залгамжлагч байсан бөгөөд ээж, гүнж Диана нь “ард түмний гүнж” нэрээр алдаршсан ахайтан байв. Этон коллежид сурсныхаа дараа Харри хааны цэргийн академид элсэн орж, Их Британийн зэвсэгт хүчинд алба хааж, Афганистанд 30 долоо хоног үүрэг гүйцэтгээд 2015 онд халагдсан байна. Тэрбээр Меганаас өмнө хувиараа бизнес эрхлэгч Челси Дэви, Британийн жүжигчин Крессида Бонас нартай нэр холбогдож байсан.

Тэд анх 2016 онд танилцаж, 2017 онд сүй тавиад, дараа жил нь гэрлэсэн билээ. Ингээд тэд 2019 оны тавдугаар сард Арчи хүүгээ өлгийдөн авсан.

Гэвч хатан хааны ордны ёс жаягаар тэд анхнаасаа уулзаж, учрах ёсгүй байсан. Учир нь Меган өмнө нь гэрлэж байсан, Харригаас гурван насаар эгч, гарал угсааны хувьд хэтэрхий ялгаатай, дээр нь католик шашинтан. Меган Маркл бие давхар болсон тухай мэдээ Британийн хатан хааны ордны дэгийн чухал заалтуудын нэгийг хэдийнэ зөрчиж, дээдсийн хүрээллийнхний дургүйцлийг хүргэж байв. Яагаад гэвэл хатан хааны гэр бүлийн гишүүдийн хуримын өдөр өөр чухал мэдээлэл хийдэггүй ёстой. Гэтэл хатан хааны ач охин, гүнж Евгениягийн хуримын өдөр Меган Маркл бие давхар гэсэн мэдээлэл тарж, хуримлагч хосоос илүүтэй олны анхаарлыг татжээ. Үүнийг болиулахын тулд сүйт бүсгүйн гэр бүл Меганыг хөл хүнд гэсэн мэдээллийг няцаахад хүрсэн байна.

Ингээд Меган, Харри нарын дуулиантай амьдрал албан ёсоор эхэлж, хаана ч өөрийнхөөрөө байдаг байсан Меган нэг л өдөр хатан хааны гэр бүл дэх нөхөртэй эмэгтэйчүүдийн адил зөвхөн биеийн өнгөтэй трико өмсөж, британи аялгаар ярьдаг болж, төрөл төрөгсөд, хуучин танилуудаа амьдралаасаа бүрмөсөн хасч, Английн язгууртнуудын мөрддөг чанга хатуу дүрэм журамд дасах шаардлагатай болсон билээ.

Гэхдээ тэр ордны энэ олон “ядаргаатай” дүрэм журмаас залхдаг тухайгаа цухуйлгаж байлаа. Тэр ордны бусад эмэгтэйчүүдийн адил бүдэг ягаан өнгөөр хумсаа будах ёстой байсан ч нэгэн үдэшлэгийн үеэр хар даашинзтайгаа хослуулан хар өнгөөр хумсаа будсан нь шүүмжлэлд өртсөн. Мөн айлчлалын үеэр трико өмсөлгүй гуяа гаргасан даашинз өмсч, бүр машиныхаа хаалгыг өөрөө хаасан зэрэг үйлдэл бүр нь ордны дэгтэй зөрчилдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлж байв.

Түүнчлэн Меганы үндэс угсаанд хүмүүс маш их анхаарал хандуулж байгаад Харри эртнээс санаа зовнидог байжээ. Эхнэрийг нь элдвээр гоочилж, бичиж ярьж байгаад тэр ихэд эмзэглэн залуугаараа хорвоог орхисон ээж Диана гүнжийнх шиг хувь заяа эхнэрийг нь тосох вий гэхээс эмээж буйгаа ч илэрхийлж байсан удаатай. Ялангуяа тэдний хүү мэндлэхээс өмнө хэвлийдээ бойжиж байгаа хүүгийн арьсны өнгөний талаар маш олон таамаглал дэвшүүлж байсан нь тэдэнд их дарамт болж байжээ. Меган амаржсаныхаа дараа ч энэ олон хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараа хяналтад байх өөрт сэтгэлийн дарамт болж байгааг мэдэгдсэн юм.

Меган Маркл хатан хааны гэр бүлээс “зугтах” өөр нэг шалтгаан бол нөхрийнхөө ахын эхнэртэй тийм ч сайхан харилцаатай байгаагүй явдал. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Кэмбрижийн гүнгийн авхай, язгууртан гаралтай Кэйт Миддлтон, Африк-Америк гаралтай Меган Маркл нарыг үргэлж харьцуулан, Меганыг Кэйт Миддлтоны зиндаанд хүрэхгүй байгаа тухай бичдэг байсан.

Кенсингтон ордонд хунтайж Уильям болон Харри нарын гэр бүл хамт амьдардаг байсан. Кэйт Миддлтон Меган Марклыг туслахуудтай нь бүдүүлэг харьцсан хэмээн уурлаж, Меганыг алгадсан гэсэн яриа гарав. Харин Кенсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч “Ийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч хааны гэр бүлийн гишүүдтэй холбоотой цуу ярианд ордны зүгээс тэр бүр залруулга хийгээд байдаггүй тул ийнхүү мэдэгдэл гаргасан ч тэдний хоорондын зөрчил, маргаан гүнзгийрсэнтэй холбоотой хэмээн хүмүүс таамаглаж байлаа. Ээж Диана гүнж нь нас барснаас хойш Уильям болон Харри ханхүү хоорондоо маш дотно байсан боловч тэд ирэх жилээс тусдаа амьдрахаар болсон байна. Эхнэрүүдийн нь харилцаа муудахын хэрээр ах дүү хунтайж нар ч нэг нэгнээсээ хөндийрсөн нь илт байсан билээ.

Кэйт Миддлтон, Меган Маркл нар маргалдсан гэх цуу яриа тархаж байгаа нь ганц удаагийн дуулиан биш байв. Гүнгийн авхай нар хоорондоо зөрчил маргаантай байдаг гэх асуудал намжаагүй байтал хунтайж Харри, хөл хүнд эхнэрээ аваад Кенсингтон ордноос нүүх гэж буйгаа тухайгаа зарласан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. Үүнийг хүмүүс Кэйт Миддлтон, Меган Маркл хоёрын харилцаанаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа боловч Харри ханхүү багаасаа Виндсор дахь эдлэнд байх илүү дуртай байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн няцаасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж