Монголд ирж буй гадны жуулчид манай гэр хорооллыг хараад их баян улс юм гэж боддог гэнэ. Учир нь айл бүр хашаандаа хаустай, эдлэн газартай, бас унаа машинтай харагддаг. Харин дараа нь хашаандаа дулааны шугам, боловсон нойл, душгүйг мэдээд монголчууд арчаагүй юм гэж боддог биз ээ.
Улсынхаа нийслэлд олноор бөөгнөрсөн монголчууд бид өвөлдөө “утаа үйлдвэрлэгч” болж уушгаа хордуулна. Харин зундаа хөрсөө гэмтээж, агаар бохирдуулна.
Ийм байдлаар бид олон жилийг ардаа үдэж буй. Хөдөө орон нутаг байтугай хотынхоо дунд дэд бүтцээ шийдэж чадаагүй улс. Хот дотроо гэр хороолол гэх “хөдөө нутагтай”-тай. Тэр хөдөө нутгаас өвөлдөө нүүрсний утаа суунаглана. Малгүй л болохоос бараг малчин айлаас ялгаагүй. Гэм нь үйлдвэрлэж буй утаа нь аргалынх бус нүүрснийх. Тиймээс хүний эрүүл мэндэд маш хортой. Улаанбаатрын иргэдийг тэр чигээр нь хордуулж байгаа юм.
Үүнийг шийдэх мэргэн арга Засгийн газар бодож олсон нь сайжруулсан түлш. Гэвч энэ нь тийм ч үр дүнтэй арга биш ажээ. Хэдий энэ жил утаа багассан гэж байгаа ч ханиад томуугаар өвчлөх хүүхдүүдийн тоо буурсангүй. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11,8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6,8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнээс харахад агаарын чанар энэ жил сайжрах бус улам дордсон гэлтэй. Амралтын өдрөөр агаар салхинд гарч, нийслэл хотоо холоос тольдоход суунаглаж, сааралтсан утаа битүү харагдана.
Тэгэхээр утаатай бид өөрөөр тэмцэх хэрэгтэй болж байгаа юм. Ядаж л дэд бүтцээ сайжруулж, гэр хорооллын яндангаа цөөлмөөр байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 380 мянган өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн хүн амын бараг 60 хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх сууцанд амьдарч буй юм.
Эдгээр 216 мянган өрх айлыг яндангүй болгохоос л утааны тэмцэл эхэлнэ.
Ийм туршилтыг Сонгинохайрхан дүүрэгт хийгээд эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Япон улстай хамтраад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хорооны нэг гудамжны 10 айлын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдсэн байна. Энэ хүрээнд өнгөрсөн оны 1-6 дугаар сарын хооронд тус дүүргийн айлуудад судалгаа хийжээ. Ингэхдээ аль болох нэг гудамжны байшинтай айлуудыг хамруулахыг зорьсон байна.
Үүнд хамгийн эхэнд хамрагдсан айл бол тус хорооны иргэн Б.Халиуных. Эднийх 60 м.кв байрандаа тавуулаа амьдардаг. Хийн халаалтаа тавиулаад долоон сар болж байгаа аж. Япон мэргэжилтнүүд өөрсдөө ирж, суурилуулж өгчээ. Суурилуулах үнэ нь долоон сая төгрөг.
Харин сард гарах хийн төлбөр нь дунджаар 150 мянган төгрөг болдог байна.
Өмнө нь эднийх байшингаа нүүрсээр халаадаг байхад түлшинд ойролцоогоор сард 180 мянган төгрөг зарцуулдаг байжээ. Харин одоо хийн халаагууртай болсноор сард 30 мянган төгрөг хэмнэх болсон байна. Дээр нь даарч хөрөх, шөнө босож галлах, угаартахаас айхгүй амар болжээ. Энэ тухай гэрийн эзэн Б.Халиун ярихдаа “Өмнө нь ажилдаа явахдаа гурван хүүхдээ даарч байгаа болов уу гэж их санаа зовдог байсан. Одоо орон сууцанд орчихсон юм шиг л тухтай байна. Товчлуур дараад л бол оо. Хүмүүс хий дэлбэрнэ гэж айх юм. Гэтэл энэ төхөөрөмж өөрөө ухаалаг шийдэлтэй. Арван секунд болоод л автоматаар унтарчихна. Угаартана гэж айлтгүй. Хүн өөрөө л зөв хэрэглээд сурчихвал ямар ч аюулгүй” гэсэн юм. Б.Халиуных хийн халаагуураа өглөө, оройдоо асаадаг байна. Цагаа тохируулаад тавьчихаар халаагуур өөрөө автоматаар асаад, халуун тохирсон хэмдээ ихэрээр мөн л өөрөө унтарчихна. Эднийх халууны хэмээ 21-23 градус дээр тавьдаг. Хөдөө явсан ч халаалтаа тохируулаад явчихдаг байна. Удахгүй хөрсний бохирдлоо шийдэхийн тулд боловсон нойл, душтэй болохоор зэхэж байгаа аж.
Нэг хорооны арван айлыг яндангүй болгоно гэдэг зөв эхлэл. Энэ эхлэл цааш үргэлжлэх үгүйг Сонгинохайрхан дүүргээс тодруулахад “Иргэд үүнийг маш их сонирхож байгаа. Гэвч төхөөрөмж суурилуулах төлбөр өндөр байна гэж байна. Эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Юутай ч хийн халаагуур хамгийн эхэнд тавиулсан айлаас харахад үр дүн сайн байна. Сард зарцуулах төлбөр нь түлээ, нүүрс түлэхтэй адил байна. Тиймээс цаашид уг төслийг хэрэгжүүлэх талаар авч хэлэлцэх байх” гэв.
Хийн төхөөрөмж айлын байшинд суурилуулахад үнэ нь м.кв-аас хамаардаг. Тухайлбал, 30-60 м.кв бол 7 сая, 60 м.кв-аас дээш бол 11 сая төгрөгийн үнэ хөлстэй байдаг байна.
Сонгинохайрхан дүүрэг эхний удаа жишиг болгож, арван айлыг хийн халаагуурт үнэ төлбөргүй холбожээ. Харин цаашдаа хэрхэхийг төр засгийн түвшинд авч хэлэлцэх биз ээ. Яндангийн тоо цөөрч л байвал утаа багасна гэсэн үг. Түүнээс биш иргэдээ хэмжээтэй түлшинд дугаарлуулаад үр дүнд хүрэхгүй л болов уу. Ядаж байхад сайжруулсан шахмал түлшний орц, найрлага нь эргэлзээтэй. Тиймээс ирэх жил утаагаа улам багасгахын тулд төр засаг илүү их ухаан зарах хэрэгтэй болж байна. Дээр нь замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй оролцож буй автомашинуудыг журмалчихвал ч утаа аяндаа арилаад өгнө дөө. Үгүй бол Улаанбаатар хотын утаа суунагласан хэвээр байх нь.
Холбоотой мэдээ