Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдав (1992.01.13)

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдав (1992.01.13)

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдав (1992.01.13)

“NEWS” агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1931.01.19 Улсын XIV бага хурал хуралдав.

1935.01.15 Баргын морьт цэргүүд ба Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзлэв.

1951.01.16 Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагдав.

1953.01.16 Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

1957.01.17 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтов. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг Хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ. Энэхүү дөрвөн хэсэг газрын нийт хэмжээ нь 335 кв.км, бэлчээрийн өргөн 5-35 км ба нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын сүүл хүртэл ашиглахаар болов. Үүний өмнөхөн Монголын 100 мянган толгой мал Шилийн голд өвөлжихөөр очжээ.

1958.01.15 Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1958.01.17 “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1966.01.15 ЗХУ БНМАУ-ын найрамдал, хамтын ажиллагааны харилцан туслах гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болов.

1967.01.17 БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1976.01.14 Улаанбаатар хотод шинжлэх ухаан, соёлын ордныг нээх ёслол болов.

1992.01.13. Энэ өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр. Одоогоос 28 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байв.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

1993.01.15 Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

2001.01.14 Монгол Улсын Иргэний агаарын тээврийн МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдэв.

2012.01.17 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж