Өнгөрсөн долоо хоногт шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс хүргэе.


ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ Б.ТӨГСБИЛГҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ

Дөрвөн жилийн турш эхнэрээ зодож, хоёр ч удаа хүүхдээ зулбуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Төгсбилгүүнийг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 8-ны 10.00 цагаас товлогдоод байв. Гэвч шүүгчдэгч Б.Төгсбилгүүний хоёр өмгөөлөгчийн нэг болох Б.Батцэнгэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримтаа шүүхэд ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан тул энэ сарын 16-ны өдрийг хүртэл хойшилсон байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч Ж.Одгэрэл нь анх ТВ5 телевизийн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ гэр бүлийн хүчирхийлэлд дөрвөн жилийн турш байсан. Уг хэргийн улмаас хоёр ч удаа хүүхэд нь зулбасан хэмээн хэлснээр энэ хэрэг олны анхаарлын төвд орсон юм.

Прокурорын зүгээс Б.Төгсбилгүүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-1, 2-2 буюу “Жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ хэргийг асрамжийн үйлчилгээ үзүүлэх ажилтан үйлдсэн” хэмээх зүйлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа юм.

Хэрвээ шүүхээс Б.Төгсбилгүүнийг гэм буруутай гэж үзвэл зургаан сараас хоёр жил хүртэл хорих ял оноох юм байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Г.БУМ-ЭРДЭНЭД ОНОГДУУЛСАН ЯЛ ХӨНГӨДСӨН ТАЛААРХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

2018 оны аравдугаар сард Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байдаг. Тодруулбал, Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутган АТГ шалгаж эхэлсэн юм.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцжээ.

Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд, Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

  • Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял,
  • А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн, Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.

СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэсэн юм.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна.

"ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРӨӨС ХАХУУЛЬ АВДАГ БАЙСАН АЛБА ХААГЧДЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ

Өнгөрсөн 2018 онд Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн асан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Улмаар түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг хамт шалгаж буй.

Тэд дээрх мөнгийг хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 9-ний өдөр 09.00 цагт  Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн боловч өмгөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгч Ц.Ариунзул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүгдэгч Э.Энхзаяа мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж