Хүсэмжит улстөрч, хүсэмжит төрийн урвуу хамаарал

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Хүсэмжит улстөрч, хүсэмжит төрийн урвуу хамаарал

Хүсэмжит улстөрч, хүсэмжит төрийн урвуу хамаарал

Ирэх зургадугаар сард товлогдох парламентын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй хэмээн эрх баригч МАН өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. МАН-ын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн хандивын босго тавьж байгаагаа эрт зарласан. МАН-ын энэ шийдвэр нь өмнөх 2016 оны сонгуулийн өмнө төрийн албаны албан тушаалыг шаталсан үнэ тогтоож, 60 тэрбумаар наймаалцсан дуулиан, сонгогдсон гишүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дэмжих гол зорилго бүхий сангаас эрх мэдлээ ашиглан мөн 60 гаруй тэрбум төгрөг завшсан ичгүүр сонжуургүй үйлдэл нь МАН-ын нэр хүндийг унагасан гэдгийг тооцоолсон болохыг нотолж байна.

Нөгөө талаас эрх баригч нам сонгуульд оролцох нь ямагт давуу талтай байдаг. Яагаад гэвэл сонгуулийн жилийн төсөв эрх баригчдын сурталчилгааны өнгөлөн далдлалт байдаг. Энэ жишгээс ч 2020 оны төсөв гажилгүйгээр батлагдсан.

Бид сонгуулийг мөнгөөр хийхгүй гэсэн ариун мессежийг МАН өгч байгаа ч сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахын тулд орон даяар суурь судалгаа явуулахад гишүүдээсээ мөнгө татах ажээ. Энэ судалгаагаар ард түмэн хэнийг сонгохыг хүсч байна тэр хүнийг нь нэр дэвшүүлэх бөгөөд судалгааны зардлыг харин гишүүд гаргах ёстой хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Судалгаагаар тус намаас УИХ-д нэр дэвших ёс зүй, нэр хүндтэй гэж иргэдийн үзэж байгаа хүсэмжит улстөрч л нэр дэвших мандат авах ажээ.

Харин ард иргэд ямар улстөрчийг хүсэмжит хэмээж байна вэ? “Сант марал” сангийн судалгаагаар

2019 онд хамгийн өндөр чансаатай улстөрчийн жагсаалтыг У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, С.Жавхлан, Р.Амаржаргал, С.Ганбаатар, Т.Аюурсайхан,

2018 онд Х.Баттулга, Н.Энхбаяр, С.Ганбаатар, У.Хүрэлсүх, С.Жавхлан, Р.Амаржаргал, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ,

2017 онд С.Жавхлан, Н.Энхбаяр, Р.Амаржаргал, Ц.Нямдорж, С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат Үүл, Н.Алтанхуяг,

2016 оны сонгуулийн жил С.Ганбаатар, Н.Энхбаяр, х.Баттулга, Г.Уянга, Р.Амаржаргал, С.Жавхлан, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарыг нэрлэж байжээ.

Энэхүү судалгаагаар улстөрчдийн нэрс өөрчлөгдөж байсан боловч иргэдэд хамгийн тулгамдаж байгаа, даруй шийдвэл зохилтой ямар асуудал байна вэ гэсэн асуултын хариулт огт өөрчлөгдөөгүй нь сонин. Энэ жагсаалтыг 2010 оноос хойш ажилгүйдэл, амьжиргааны буюу орлогын доройтол гэсэн хоёр үзүүлэлт тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүсэмжит улстөрчийн рейтинг, иргэдийн амьжиргаа хоёр огт хамааралгүй явж иржээ. Иргэдийн хүсэмжит нийгэм нь бүгд ажилтай, орлоготой байх тийм нийгэм.

Ажилтай, орлоготой байхыг хүсээд байгаа ч огт өөрчлөгдөөгүй 10 гаруй жил болж байгаа юм бол ядуурал яагаад өсөхгүй, 20-30 хувиас хэтрэхгүй байгаад байна вэ? 2020 оны төсөвт нийгмийн халамжийн сангийн зарлагыг 756.6 тэрбум төгрөг тооцсон бөгөөд зарим төрлийн халамжийн мөнгө нэмэгдсэн. Тухайлбал, хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж 10 хувь, халамжийн тэтгэвэр 18 хувь, цалинтай ээжийн тэтгэмж 14 хувь, асаргааны тэтгэмж 34 хувиар тус тус нэмэгдэж суужээ. Ямар ч төр ахмад настан, өвчин зовлонтой, аргагүйдсэн иргэдээ халамжлах үүрэгтэй ч бэлэнчлэх сэтгэлгээнд дасал болгох хавтгайруулсан халамжийн бодлогыг дэмждэггүй. Халамжийн бодлого хавтгайрч байгааг олон жил ярьж, шүүмжилж ирсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй өнөөг хүрсэн.

2020 он гарсаар хамгийн дуулиантай байгаа тэтгэврийн зээл тэглэлтийн цаана энэ л халамжийн бодлогын нэг сөрөг үр дагавар явж байгаа. Ахмадууд банкнаас авсан зээлээ хэдхэн зүйлд зарцуулсан байгаа юм. Үр хүүхэд, ач зээгийнхээ хэрэглээ, цагаан сар тэмдэглэх, эмнэлгийн төлбөр гэсэн тоймтой хэдхэн зүйлд. Ажилгүй, орлогогүй, амаа ангайж хоол нэхсэн ангаахай шиг бойжсон халамжинд дулдуйдсан үеийнхэнд зарцуулсан. Тэтгэврийн сангаас банкуудад бэлэн ороод ирдэг орлогыг барьцаалж, хүүн дээр тоглосон банкууд хожиж, аргагүйдсэн ахмадуудын нулимсан дээр тоглосон улстөрчид л өнөөдрийн хамгийн хүсэмжит улстөрчид боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж