Одоогоос 28 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан баталсны өдөр өнөөдөр /2019.01.13/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжавтай ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм" гэж Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид гуай онч, мэргэн тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн эл өдөр монгол хүн юу санаж бодож, мэдэж байх ёстой вэ?
-Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийнхаа ач холбогдлыг нь ухаж бодох ёстой өдөр өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийнхаа үзэл, баримтлал түүнд орсон заалт бүрийг сайн судалж, мэдэх ёстой баримт бичиг гэдгийг энэ өдөр бид санах ёстой. Үндсэн хуулийн тухайн заалт миний амьдралд яаж тусч байна, ямар үр нөлөө үзүүлж байна гэдгийг бодож эргэцүүлэх ийм л өдөр.
-Шинэ Үндсэн хуулийг батлах тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал ямар байв?
-1980-аад оны сүүлээр хуучин социалист системийн орнуудад гарсан хамгийн том өөрчлөлт болох Зөвлөлт холбоот улс задарснаар бүхэлдээ социалист систем задарсан. Улс орнуудад ардчиллын давалгаа эхэлж, БНМАУ социалист системийн нэг хэсэг байсны хувьд дээрх өөрчлөлтүүд манай улсад нөлөөлөхөөс өөр аргагүй ийм үйл явц болсон. Ардчилсан хувьсгалыг Монгол Улс харьцангуй тайван замаар хийж, улс төрийн болон эдийн засгийн эрс шинэчлэлийг зэрэг хэрэгжүүлэх үндсийг тавьсан шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Эрдэмтэн, судлаач, сэхээтнүүд олон намын тогтолцоо, олон урьгалч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, халдашгүй чөлөөтэй байх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох зэрэг иргэний эдийн засаг, нийгэм, улс төрийн эрхийг жинхэнэ ёсоор нь баталгаажуулах асуудлыг тусгасан шинэ Үндсэн хуулийн төслийг санаачилж, Ардын Их Хуралд ирүүлж байсан. Нийгмийн эрс өөрчлөлт зайлшгүй гэдгийг нийтээрээ ойлгож, дэмжиж байсан нь тухайн үеийн онцлог байв.
-Шинэ Үндсэн хуулийг олон талын зөвшилцлөөр баталсан гэдэг. Энэ тухай тодруулж ярихгүй юу?
-1992 оны Үндсэн хуулийг нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр баталсан юм. Тухайн үед ард түмэн хуучин систем, тогтолцоогоороо амьдарч болохгүй шинэ тогтолцоо руу орохоос аргагүй байсныг бүгд ойлгосон. Тиймдээ ч 1992 оны Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Нийгэм тэр чигээрээ нэг зүгт харж байсан учраас жинхэнэ утгаараа ард түмний бүтээл болсон. БНМАУ-ын Ардын Их хурлын 430 депутат 75 хоног хэлэлцэн, шинэ Үндсэн хуулийг баталсан. 1992 оны Үндсэн хуулийг бусад улс орны эрдэмтэн, судлаачид ардчилсан нийгмийн гол зохицуулалтуудыг бүрэн тусгасан сайн Үндсэн хууль болсон гэж үнэлсэн байдаг.
-1992 оны Үндсэн хууль өөрийн үүргээ хэр гүйцэтгэсэн бэ?
-1992 оны Үндсэн хууль одоо ч үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр энэ Үндсэн хууль цаашид хэрэггүй болсон гэж Үндсэн хуульд хандаж болохгүй. Саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тодорхой хүрээний цөөн асуудлыг хөндсөн юм. Бүхэлдээ 1992 оны Үндсэн хууль Монгол Улсад үйлчилж, үр өгөөжөө өгөөд л явж байгаа. Цааш цаашдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд 1992 оны Үндсэн хуульд суулгасан үзэл баримтлал зарчмыг тодотгоод л явна гэсэн үг. Шинэ Үндсэн хуулийн талаар ярих цаг болоогүй.
-1992 оны Үндсэн хуулийг баталснаар нийгэмд гарсан ололт амжилт юу байв?
-Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд дэвшил авчирсан. Манай орны нийт хүн амыг нийгмийн анги давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж үздэг. Шинэ Үндсэн хуулийн 16 дугаар бүлэг хүний эрхийн баталгааг хангах олон улсын жишиг баримт бичгүүдэд маш сайн нийцсэн гэж олон улсын судлаач, эрдэмтэд дүгнэдэг. Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмчтэй байх, эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах эрх зэрэг хүний эрхийг хангахад үсрэнгүй дэвшил болсон.
Эдийн засгийн хувьд иргэн хувийн өмч хөрөнгөтэй байх суурийг нь тавьж өгсөн. Улс төр талаасаа олон намын тогтолцоо, олон ургалч үзэл Үндсэн хуулиар баталгаажсан. Өнөөдөр 30 гаруй улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Мөн төрийн бус байгууллагууд олноор байгуулагдсан нь иргэд, олон нийт эвлэлдэн нэгдэх эрхээ бодитой хэрэгжүүлж байгааг харуулсан жишээ. Энэ мэтчилэн шинэ Үндсэн хуулийн үр өгөөж олон бий.
-Үндсэн хуульд 2000 онд нэмэлт оруулсан. Эдүгээ түүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлээд сурчихсан. Энэ нэмэлтэд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй олон зүйл, заалт багтсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгэм, улс төрийн амьдралд тулгамдсан асуудал болон институт хоорондын харилцан ажиллагааны явцад гарсан саатлыг засахад чиглэгдсэн. Дордуулсан зүйл ч бий. Зайлшгүй засч, сайжруулахаас аргагүй зүйл ч мөн байсан. Тухайлбал, парламентат ёстой улсад сонгуулиар олонх суудал авсан улс төрийн хүчин нь Ерөнхий сайдаа тодруулах зарчим баримталдаг. Гэтэл энэ механизм хуучин Үндсэн хуулийн заалтаар Ерөнхийлөгч, эсвэл тухайн намаас Ерөнхий сайдыг тодруулах уу гэдэг маргаан үүсч байсан. Энэ маргаан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөж ирсэн 1992 онд үүсч байсан юм. 1992 оны Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч П.Очирбат болон тухайн үеийн МАХН-ын Бага хурлын байр суурь зөрчилдөхөд хүрсэн. Үндсэн хуулийн заалтыг харахад Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг санал болгож, олонх суудал авсан намтай зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулна гэсэн ойлголт нэг талаасаа байсан. Нөгөө талаасаа олонх суудал авсан улс төрийн нам нь Ерөнхий сайдаа санал болгох ёстой гэдэг ийм зөрчил байсан. Энэ зөрчилдөөнийг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр засаж парламентынхаа нийтлэг жишиг рүү хандсан өөрчлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, олонх болсон улс төрийн хүчин Ерөнхий сайдын нэрийг тодруулж, түүнийг нь Ерөнхийлөгч парламентад оруулах энэ зохицуулалтыг хийсэн нь парламентат ёсны зүй тогтолд нийцсэн гэж би хувьдаа үздэг.
Дордуулсан гэх шүүмжлэл дагуулсан өөрчлөлт бол гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын зааг ялгааг сулруулсан буюу парламентын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх тэр заалтыг оруулснаар “давхар дээл” гэсэн шүүмжлэлийг өнгөрсөн хугацаанд дагуулахад хүргэсэн. Энэ нь үе үеийн Засгийн газрыг тогтворгүй ажиллуулах суурь нь болсон.
Яагаад гэвэл Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь болон танхимын сайд нарыг нь огцруулах замаар УИХ-ын гишүүд Засгийн газарт сайдын суудалд суух боломжийг бий болгосон нь Засгийн газраа тогтвортой ажиллуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь харьцангуй цөөн гишүүнтэй парламенттай манай улсын хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцан хяналт, тэнцлийг муутгахад хүргэсэн юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх байдлыг засч, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж хязгаарласан.
–Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентат ёсоо хэр сайжруулж чадсан бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сайн, муу, дунд гэж үнэлж дүгнэх боломжгүй. Ер нь Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, агуулгын дагуу парламентат ёсныхоо зарчмыг хангах чиглэлээр ахиц дэвшил гаргасан өөрчлөлт болсон. Энэ нь хэр хэмжээний үр дүн, өөрчлөлт бий болгов гэдгийг цаг хугацаа харуулна.
-Сайжруулсан сайн заалтаас нь онцолбол?
-Энэ нь сайн, тэр нь муу өөрчлөлт болсон гэж ярих боломжгүй. Үндсэн хуулийн заалт бүр, цэг, таслал болгон ач холбогдолтой байдаг учраас бүгд л чухал заалт.
-Өнгөрсөн хугацаанд засаглал, төрийн алдаа, оноог Үндсэн хууль руугаа чихэх явдал их гарсан. Үнэхээр Үндсэн хуульдаа асуудал байв уу, эсвэл хүндээ байсан уу?
-Ийм шүүмжлэл байсан нь үнэн. Судлаачид ч хэлдэг. Үндсэн хуулиа ноолж хуулиас алдаагаа хайгаад байна гэж. Нийгэмд болж, бүтэхгүй зүйлийн шалтгаан нь хуулиасаа гэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлж байгаа, институтүүдийн үйл ажиллагаатай шууд хамааралтай. Тэд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, агуулгыг гуйвуулж хэрэглэснээс эхлэлтэй гэж ойлгодог. Үндсэн хуулиар бус бусад органик хуулиараа засаад явах боломжтой зүйлүүд ч Үндсэн хуульд туссаныг үгүйсгэхгүй. Гэхдээ ийнхүү тусгаж байж өнөөгийн амьдралд оршиж буй зарим зөрчил, дутагдлыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж УИХ үзсэн.
Холбоотой мэдээ