Энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулсны 380 жилийн ой тохиож буй. Энэ ойн баярын өдрүүдэд түүхэн өв соёл болсон гурван ч барилгыг устгаж, нураасан талаар хөндөн сурвалжлага бэлтгэж байсан билээ.
Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард тэртээ 1930-1936 онд ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн хоёр давхар модон барилгыг нураасан бол Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга гэгддэг 1863-1865 онд Оросын консулд зориулан барьсан барилгыг мөн л зөвшөөрөлгүй буулгаж, устгасан байна. Үлдсэн барилга нь чамгүй хэл ам дагуулсан Байгалийн түүхийн музейн барилга юм. Эдгээр хуучны түүхэн дурсгалт барилгууд соёлын өвд бүртгэлтэй, нийслэлийн хамгаалалтад авсан түүхэн барилгууд байв.
Гэтэл 2020 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг буулгаж, шинээр барихаар болжээ. Үүнд,
- Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг
- Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг
- Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг
- Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг түүхэн барилгыг буулгаж, дахин шинээр барихад төсөвлөөд байгааг Монголын Архитекторуудын Эвлэлээс эсэргүүцэж байна.
Засгийн газрын энэ шийдвэр нь өнгөрөгч 2019 онд олон нийтийн дургүйцлыг хүргэж шүүмжлэл дагуулсан. Гэвч театрын уран бүтээлчдийн хувьд урлаг соёлын салбарын үе үеийн уран бүтээлчдийн нэгэн жарны турш хүлээсэн театрын шинэчлэлийг тул ойлгож дэмжихийг хүсч байсан юм.
Уг нь өнгөрсөн оны аравдугаар сард /2019.10.08/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэхдээ “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт сүүлийн 90 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улстөрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс эсэргүүцлээ илэрхийллээ. Тийм болохоор би энэ 12 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд зохицуулалт хийж, манай боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫГ 1931 ОНД БАЙГУУЛСАН ТҮҮХТЭЙ
Уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ.
Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатайгаар курс нээн ажиллуулсаны үр дүнд С.Буяннэхэмийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй.
Улсын драмын эрдмийн театрыг Залуучуудын эвлэлийн гишүүдийн хөрөнгөөр, Монголын ууган архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын зургаар 1957 онд сууриа тавьж, 1960онд баригджээ.
Ийнхүү Монгол оронд орчин цагийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлын түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн билээ. Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн хаана, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна.
ДУУРИЙН ТЕАТРЫН БАРИЛГЫГ 1950 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛСАН
Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тус театрын барилга ашиглалтад орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
Хөгжмийн театр нь нарийн мэргэжлийн дуурь балетын театр болох үндсэн нөхцөлийг хангасан учир МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын төв театрыг Дуурь бүжгийн улсын театр, Улсын драмын театр болгон хувааж биеэ даасан хоёр театр болгох шийдвэр гарчээ.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны долдугаар сарын 7-ны өдрийн 215-р зарлигаар тус театрт Академик театр гэсэн цолыг олгожээ. Тус театр нь симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажилладаг.
Урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет байдаг бөгөөд өөрийн урын санд байгаа жилдээ 26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэдэг.
АНХ 1921 ОНД СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш дөрвөн сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны арваннэгдүгээр сарын 9-нд Ардын засгийн газрын 24 дүгээр хурлын тогтоолын гуравдугаар зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.
Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна.
Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг 1940 онд баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн гурван давхар барилгад дөрвөн сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн гурван давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн түүхтэй.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ