Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам Швейцар улсын Лозанн хотноо нэгдүгээр сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд болж байгаа билээ. "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөлөө. Монголын багийн тугчин биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлсэн нь өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичлээ.
Биатлоны эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Тамирчин залуу 17 настай гэнэ.
Харин эмэгтэйчүүдийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оров.
Биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд нөгөөдөр /01.14/ Улаанбаатар хотын цагаар 17.30 цагт зохион байгуулагдах бөгөөд “MNB Sport” сувгаар шууд дамжуулан хүргэх болно. Монгол Улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ авч оролцож байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1.800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ