Тэтгэврийн зээлийг тэглэж, ОУВС-ийн гэрээгээ зөрчсөн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэж, ОУВС-ийн гэрээгээ зөрчсөн долоо хоног

Тэтгэврийн зээлийг тэглэж, ОУВС-ийн гэрээгээ зөрчсөн долоо хоног

УИХ өнгөрч буй долоо хоногт тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр 230 мянган ахмад настан тэтгэврийн зээлээс чөлөөлөгдөх боломжтой болж байгаа юм. Тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд нийт 776 тэрбум төгрөг зарцуулна. Харин тэтгэврийн зээлгүй ахмад настнуудад нэг сая төгрөгийн ваучер болгохоор болов. Мөн  Монголбанкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглов.

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Улаанбаатар дахь Олон Улсын Валютын сангийн суурин төлөөлөгч Жефф Готтлиб Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчлөө гэж өнгөрсөн Баасан гаригт мэдэгдлээ.

Тэрбээр "УИХ-аас гарсан шийдвэр нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн дор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй" хэмээжээ.

Монгол Улс 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, түүхий эдийн экспортын орлого буурснаас төгрөгийн ханш унаж, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын багц саналыг ОУВС болон бусад түншүүдэд гаргасан юм.

Мөн энэхүү саналын хүрээнд Монгол Улсын Засгийн газар зарлагаа бууруулж, татварыг нэмэхээр тохиролцон, төсвийн шинэчлэл хийн сахилга батыг сахиулан, банк санхүүгийн салбарт тавих хяналтаа сайжруулахаа амлаж байжээ.

АИ92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.

АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:

  1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
  2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
  3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.

Үүнээс гадна, Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

–  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо.

–  Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов.

–  Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно.

–  Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон явуулж, дүнг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.

–  Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад хариуцлага тооцох болов.

–  Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явуулсан байна. Улсын хэмжээнд археологийн олдвор долоон хувь, байгалийн түүхийн үзмэр 13, угсаатны зүйн үзмэр 16 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Цаашид эд өлгийн зүйлсээр баяжуулах, үндэсний хэмжээний археологийн судалгааны багийг дэмжих, үзмэр худалдан авах санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзлээ.

–  “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг батлав. Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Жагсаалтад 182 дурсгал багтсан байна

МИАТ: ДӨРВӨН ЧИГЛЭЛД ТИЙЗЭЭ ХЯМДРУУЛЛАА

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн тийзийн үнэ 15-37 хувиар хямдарчээ. Гэхдээ энэ хямдрал нь дөрвөн чиглэлд л үйлчлэх юм байна. Тухайбал,

  1. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2018 онтой харьцуулахад 32-37% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Одоогоор МИАТ-ийн тийзийн үнэ хамгийн хямд нь хоёр талдаа 864 мянга 900 төгрөг байна.
  2. Улаанбаатар-Бусан чиглэлд 2018 онтой харьцуулахад тийзийн үнэ 35% хувиар хямдарчээ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 773 мянга 800 төгрөг байна.
  3. Улаанбаатар-Хонгконг чиглэлд 2018 онтой харьцуулхад 44% хувиар хямд урамшуулалт тариф зарласан байна. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 1 сая 35 мянга 800 төгрөг байна.
  4. Улаанбаатар-Берлин чиглэлд 2019 онтой харьцуулхад 20% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Энэ тариф нь эхний нислэгээ зөвхөн бүтэн сайн өдрийн нислэгээр зорчсон байх ёстой бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 19-ны өдрөөс тээвэрлэлтэд мөрдөж эхлэнэ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 2 сая 61 мянга 500 төгрөг байна.

Ингэж тийзний үнэ хямдруулах болсон шалтгаан нь дээрх дөрвөн чиглэлд өрсөлдөөн бий болж байна гэдгийг албаны хүн тайлбарлав.

Үүнээс гадна МИАТ компанид нислэгийн шинэ чиглэлүүд нэмэгдсэн байна. Тодруулбал, Лхагва, Бямба гаригт Шанхай руу нисэх нислэг нэмэгджээ.

Мөн одоогоор нислэг үйлдээгүй боловч зуны нислэгийн цагийн хуваарийн хугацаанд улирлын чанартай үйлддэг нислэгийн чиглэлүүд:

  • Осака(Лхагва, Ням)
  • Гуанжоу(Пүрэв, Ням)
  • Франкфурт(Лхагва, Бямба, Мягмар) байгаа ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж