Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.
Энэ жил гарч буй ханиад, томууны онцлог нь маш өндөр халуурч байгаа аж. Хэрэв хүүхэд халуурсан бол халуун буулгах эм өгөх зэрэг анхан шатны арга хэмжээ аваад эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай аж. Энэ тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа ярихдаа
"Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11,8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Харин өнгөрсөн жилийн мөн үеэс 6,8 хувиар нэмэгдсэн байгаа юм. Учир нь өнгөрсөн жил томуугийн вирус он гарсан хойно нэг сард эргэлтэд орж байсан бол энэ жил эрт эхэлсэн. Арванхоёрдугаар сарын дунд гэхэд томуугийн вирус эргэлтэд орчихсон байсан. Амбулаторийн үзлэг улсын дунджаар 12,7 хувьтай байна. Өвчлөл буурахгүй байгаа учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулж, шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг сануулж байна" гэсэн юм.
Энэ жил уг нь утаа багаслаа гэж байгаа боловч ханиад, томууны үзүүлэлт өнгөрсөн жилээс өссөн байгаа нь хачирхалтай. Нүдэнд ил үзэгдэх утаа багассан боловч, хүнд нөлөөлөх хор уршиг нь нэмэгдсэн гэж хардах үндэслэлтэй байгаа юм. Юутай ч Засгийн газраас сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах шийдвэр гаргаад байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл:
Ажлын өдөр 17.30-19.00 цаг
Амралтын бүтэн сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”
Ажлын өдөр 16.00-22.00 цагт
Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.
Холбоотой мэдээ