News агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Б.ЖАВХЛАН: ХАЛАМЖ ИХСЭХ ТУСАМ ПОПУЛИЗМ ГААРДАГ
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг эрх баригчид дэмжсэн. Таны хувьд тэтгэвэрийн зээлийг тэглэх шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудал цэвэр улс төрийн шийдвэр. Энэ нь өөрөө халамжийн нэг хэлбэр шүү дээ. Уг нь бид халамж ихсэх тусам популизм гаардаг гашуун түүхээс салаад удаагүй л байгаа. 2004, 2008, 2012 онуудад их мөнгө амлаж улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж гарч ядаж байгаа. Ялангуяа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн сахилга баттай болж ирж байна. Эдийн засаг харьцангуй тогтворжиж байгаа. Цаашид эдийн засаг өсөх хандлагууд ч бий болж байна. Ийм үед бид ийм гэнэтийн шийдвэр гаргаж буцаад халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орж болзошгүй байдлыг үүсгэх үр дагавартай. Буцаад нийгэмд үүнийг дагасан олон хүлээлт, улс төрийн амлалтууд цуврахыг үгүйсгэхгүй. Энэ нь тогтож ядаж байсан төсвийн ч мөн иргэдийн санхүүгийн сахилга батыг эвдэх хор уршигтай. Нэг талаар өр зээлтэй ахмадууддаа туслаж байгаа мэт боловч алсуураа эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.
-Дахин ийм халамжийн бодлого гарах вий гэх болгоомжлол байна гэсэн үг үү?
-2004-2012 оны хооронд мөнгө, халамж амладаг улс төрийн уралдаан зарласан. Энэ нь эдийн засагт маш их хохиролтой байдаг. Халамжийг тэлэх нь популизмыг дэврээдэг. Энэ тойрог руу орох вий гэх болгоомжлол байна. Үүнээс үүдэн дахин халамжийн уралдаан эхэлж, мөнгө амлах үйл явц өрнөх вий. Ер нь макро эдийн засгийг удирдана гэдэг эдийн засагт оролцогчдын хүлээлтийг удирдах л асуудал байдаг. Тиймдээ ч хариуцлагатай болж ирж байсан нийгмийн сэтгэлзүйг эвдээд өөр хүлээлт рүү аваачиж байгаа нь л буруу байгаа юм. Угтаа бид эдийн засагт ийм хэмжээний боломж гарч ирж байгаа үед нөөцөлж, эсвэл иргэдийн орлогыг дэмжих тал дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Зарлагыг нь тэглэх бус орлогыг нь нэмэх нь илүү өгөөжтэй. Жишээ нь, тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэт.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ БОНД БОСГОХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ АЮУЛТАЙ"
Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг Засгийн газар дэмжиж, хуулийн төсөл өргөн барьсан. Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхийг та дэмжиж байна уу. Ер нь тэтгэврийн реформ чухал уу эсвэл нэг удаа тэглэх нь чухал уу?
–Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудал оруулж ирснийг би хувьдаа дэмжихгүй байгаа. 10 сая төгрөгөөс дээш хүртэлх тэтгэврийн зээлтэй 10 мянга гаруй ахмад, 15-20 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5000 орчим ахмад байна. Энэ хүмүүсийн хувьд өндөр цалин авч байсандаа гол биш хуулийн цоорхой ашиглаж сүүлийн таван жил өндөр даатгал төлөөд, өндөр тэтгэвэр тогтоолгосон учраас тэтгэврийн зээлийн хэмжээ нь өндөр байгаа гэсэн үг. Бага тэтгэвэртэй түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг бол өөр хэрэг. Гэтэл сүүлийн таван жилийнхээ даатгалыг зориуд өндөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн зээлийг хавтгайруулж тэглэх нь буруу. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд энэ тухай ч яригдах байх. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд заасан тэгш, шударга зарчим алдагдана.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Н.ЭНХБАЯР: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭЛТ БОЛ АРГАЦААСАН ШИЙДВЭР
ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-д оруулж ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээд буй. Ингэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан саяас доош хэмжээтэй зээлийг тэглэнэ гэж буй. Тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж болох, эрсдэл нь юу байх талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжихээр боллоо. Тэтгэврийн зээл тэглэж байгаа нь амьдралд нийцсэн шийдвэр мөн үү?
-Бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гэхэд зөвхөн санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс үл хамаарах шалтгаанаар өрөө төлөх боломжгүй болсон нөхцөлд өрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг авч үзэж байжээ. Гэтэл өнгөрсөн жилүүдэд манай иргэдийн авсан тэтгэврийн зээл нь хэвийн төлөлттэй явагдаж байгаа зээл юм. Хэрвээ өндөр настнууд тэтгэврийн зээлийг төлөхөд хүндрэлтэй байна гэж үзсэн бол эхлээд тэтгэврийг барьцаалсан зээл олгож байгаа явдлыг зогсоож, үүний оронд халамжийн бодлогоо нэмэгдүүлэх ёстой. Зээлийн өрийг чөлөөлөх асуудлыг авч үзэхээр бол их хэмжээний зээл авсан нь илүү хожих бус, зээлийн үлдэгдэлтэй байгаа бүх өндөр настан ялгаваргүй адил хэмжээний хөнгөлөлт эдлэх тийм нөхцөлөөр шийдвэрлэж болох юм. Манай ойрын хөршийн нэг
Казахстан улс өнгөрсөн 2019 онд иргэдийн зээлийн үлдэгдэлд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ зөвхөн бага орлоготой иргэд, өрх толгойлсон эхчүүд, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нийгмийн тодорхой бүлэгт л чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Одоо Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд тусгагдсанчлан нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх байдлаар шийдвэрлэх гэж байгаа нь алдаатай, сөрөг үр дагавар ихтэй шийдвэр болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"УЛСТӨРЧДИЙН ПОПУЛИЗМ ТЭТГЭВРИЙН РЕФОРМЫГ ЗАМХРУУЛАХ ВИЙ"
"Тэтгэврийн реформ" хөдөлгөөнийг санаачлагч, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, "Ард капитал"-ын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр энэ сэдэв нийгмийн "халуун" сэдэв болж хувирлаа. Тэтгэврийн тогтолцоог өөрчилье гээд та бүхэн байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийн хүүг тэглэнэ гээд мэдэгдчихсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр социалист нийгмийн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байна. Энэ нь мерит зарчим байхгүй, хүнийг урамшуулдаггүй, хийснийг нь үнэлдэггүй зүгээр л бүгдэд нь адил тэгш хуваарилдаг тогтолцоо. Мөн 100 гаруй жилийн өмнөх буюу хоцрогдчихсон тогтолцоо. Өнөөдөр социалист дэглэмтэй байсан бүхий л улс орон тэтгэврийн тогтолцоогоо өөрчилсөн төдийгүй хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулж байна. Тухайлбал, ОХУ 1996 онд тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөөд 2005 онд сайжруулаад явсан. Мөн Польш, Латви, Литва, Эстони, БНХАУ хүртэл тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна.
Гэтэл өнөөдөр би тэтгэвэрт гарахдаа яг хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэдэхгүй байна. Яагаад гэвэл, энэ нь тухайн үеийн улстөрчдийн шийдвэрээс шалтгаална. Өнөөдөр улстөрчид яаж поп амлалт өгч, түүнийгээ яаж сошиал орчинд сэвж байгааг бид бүгд харж байна. Тэтгэврийн сан одоо 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Өнөөдөр бид цалингийн 24 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд /НДШ/ төлдөг. Үүний 17 хувь нь тэтгэврийн санд хуваарилагддаг. Гэтэл Монгол бол залуу улс гэгддэг. Залуучууд нь ажиллаад, төлөөд байхад л тэтгэврийн сан нь алдагдалтай байгаад л байдаг. Цаашид Монгол Улсын хүн ам хөгширнө. Залуучуудын тоо цөөрнө. Хүн амынх нь ихэнх нь залуучууд байгаа өнөө цагт тэтгэврийн сан нь алдагдалтай байхад хөгширчихвөл цаашид энэ сан яахыг бид мэдэхгүй.
Өнөөдөр улстөрчид энэ мөнгийг удирдахаараа хамгийн эрсдэлтэй банкинд аваачиж, байршуулж байна. Гэтэл нөгөө банк нь дампуурчихсан. 200 гаруй тэрбум төгрөг хаачихсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Сонгуулиас сонгуулийн хооронд поп амлалт өгч, энэ хөрөнгийг үрэн таран хийж байна. Саяхан 1995-2019 он хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүст өршөөл үзүүлж, нэг удаа нөхөн төлөх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, иргэн 25 жил НДШ төлөөгүй явж байгаад, нэг удаа 5 сая төгрөг төлөөд насаараа тэтгэвэр авна гэсэн үг. Сар бүр 340 мянган төгрөг тэр хүн авахад нэг жилийн дотор нөгөө төлсөн 5 сая төгрөгөө олоод авчихна. Гэтэл 25 жил ажил хөдөлмөр эрхлээд НДШ төлсөн хүн хохироод үлдэж байна.
Аж ахуй нэгжүүдийн хувьд бүр гомдмоор, тэд НДШ-ийг төлөлгүй хэдхэн хоног хэтэрвэл нийгмийн даатгалын газраас утастдаг, НДШ-ийн өртэй бол шууд харилцах дансыг нь хаадаг, зээлийн мэдээллийн санд оруулдаг. Нөгөө хэдэн бүртгэлтэй нөхдүүдийгээ ингэж дарамталдаг хэр нь нөгөө төлдөггүй, бүртгэлгүй яваад байдаг нөхдийн толгойг нь илээд байдаг. Үүнийгээ л больё. Тэтгэврийн тогтолцоогоо шинэчилье.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
О.ЦЭНД-АЮУШ: ЦОМЫН ЭЗЭН БОЛНО ГЭСЭН УЛАЙРСАН ШУНАЛ БАЙХГҮЙ ЭЭ
“Болор цом-37” яруу найргийн наадмын тусгай байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцлаа. Тэрбээр оюутан байхдаа “Болор цом”-д оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ жил 11 дэх жилдээ “Болор цом”-д оролцож байгаа, чансаатай шүлгээрээ үзэгчдэд танигдсан найрагчдын нэг юм.
-“Болор цом-37” наадамд та оролцож, тусгай байр эзэлсэн. Энэ жилийн наадмын онцлог бас шүүмжлэлтэй зүйл нь юу байв аа?
-Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд залуучууд хүч түрэн орж ирлээ. Сайхан наадам болсон. Их зохиолч Д.Нацагдоржийн унасан нутаг, угаасан ус Гүн галуутайд яруу найрагчид чуулсан нь их сайхан байлаа. Надад хэлэх шүүмж алга.
-Оюутан байхдаа “Болор цом”-д оролцож, дэд байранд шалгарч байсан. Түүнээс хойш олон жил айрагдсан байна. Таныг “Болор цом” авах болов уу гэсэн хүлээлт яруу найраг сонирхогчдын дунд их байдаг. Уншигчдынхаа ийм том итгэлийг алдахад хэцүү юу.?
-Ямартай ч тэргүүн байрт орохгүй гэдгээ мэдэж байсан. Надад заавал “Болор цом”-ын эзэн болно гэсэн улайрсан шунал байхгүй ээ. Энэ наадамд иртэйхэн шүлэг унших юмсан л гэж бодож явдаг даа. Би 11 дэх жилдээ “Болор цом”-д оролцож байна. Үүнээс есөд нь айрагджээ. Цаг хугацаа бүхнийг харуулна байх даа. Хэзээ эзэн болохыг нь би яаж мэдэх вэ. “Би-гийн өвчин минь арилчихаж дээ. Би тэгэхээр нэг өдөр болох л биз дээ. Болох ёстой гэж орилоод байж болохгүй. Тэр цомыг авсан ч, аваагүй ч Цэнд-Аюуш Цэнд-Аюушаараа л байна. Таньдаг байснаа мартаж, чаддаггүй байснаа гэнэт чадаж, мэддэггүйгээ мэддэг царайлахгүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Э.ЭНХБОЛД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ “TARА ENDO” БРЭНДЭЭ ГАРГАНА
Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн. Загвар өмсөгч залуу энэ удаа эрчүүдэд зориулсан өөрийн брэндийг гаргахаар тун завгүй явна. Ингээд түүнтэй загварын салбар болоод хийж буй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Өдрийн мэнд хүргэе. Өөрийн брэндээ гаргахаар ажиллаж байгаа юм байна. Мөн шинэ оны өмнө та өөрийн бие даасан анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэсэн гээд олз омог, ажил төрөл ихтэй байгаа бололтой?
-Загварын салбартаа өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ирлээ. Модель болсон цагаасаа өөрийн брэндийг бүтээх хүсэл мөрөөдөл тээж явсаар 14 жил болжээ. Мөрөөдлөө биелүүлэхээр “Tara Endo” гэсэн эрэгтэй брэндийг гаргаж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “O Couture” брэндийн “Есөн эрдэнэ” шоуны үеэр өөрийн брэндийнхээ анхны коллекцийг танилцуулсан. Одоогоор шинэ брэндийнхээ төлөвлөлт, судалгаагаа хийгээд явж байна. Энэ онд багтаж хэрэглэгчдэдээ хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Урлагийн карьераа эхлүүлж, анхны бие даасан уран бүтээлээ сонсогчдод хүргэлээ.
-Монголд өөрийн нэрээр брэнд гаргах нь олширлоо. Эрэгтэйчүүдийн гоёл гэхээр ганцхан костюм санаанд буудаг. Энэ ойлголтыг эвдсэн загвар байх уу. Таны брэнд бусдаас юугаараа ялгарч чадах вэ?
-Брэндээ 100 хувь танилцуулаагүй байгаа. Гэхдээ арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Есөн эрдэнэ” загварын шоуны үеэр “Tara Endo” брэндийн зарим загвараа танилцуулсан. Миний хувьд өрнө, дорнын хувцасны хэв маягийг хослуулж, монгол уламжлалт гүн утга агуулгатай билэгдлүүдийг шингээж өгснөөрөө ялгарах болно. Манай брэндийг эрчүүд маань өдөр тутам болон ажил алба, гоёлд ч өмсч болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ