"Боинг" компани асуудал дагуулж буй "Боинг 737 макс" онгоцтой холбоотой 100 гаруй хуудас бүхий дотоод бичиг баримтаа нийтэд дэлгэлээ.
Бичиг баримтыг нэгдүгээр сарын 9-нд цагаан ордон болон "Боинг" онгоцны загварыг хянаж буй сенатын хороо руу илгээж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд дэлгэсэн байна. Ингэхдээ компанийхан бичиг баримтад дурдагдах зүйлсийн өмнөөс уучлал гуйжээ.
"Энэ мэдээлэл манай компанийн чанарт нөлөөлөхгүй. Гэвч бид энэ мэдээлэлд тун харамсаж байгаа бөгөөд холбооны агаарын тээвэр, Конгресс, үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйж байна" хэмээн тэд мэдэгджээ.
Бичиг баримтын нэлээд хэсгийг 2017, 2018 оны "Боинг 737 макс" онгоцын хөгжүүлэлт, сайжруулалтын үеийн туршилтуудтай холбоотой мэдээлэл эзэлжээ.
"Боинг" компанийн зүгээс мөн "Эдгээр мэдээллүүдэд бүдүүлэг үг хэллэг болон зарим хэсэгт "Боинг"-ийн хөгжүүлэлт, сайжруулалтын явцтай холбоотойгоор холбооны агаарын тээврийн удирдлагатай хэрхэн харьцсан талаар эргэлзээтэй асуудлууд гарч ирнэ. Гэвч эдгээр нь хөгжүүлэлт, сайжруулалтын үед тохиолддог л зүйл" гэжээ.
Өнгөрсөн хугацаанд "Боинг 737 макс" онгоцтой холбоотой хоёр ч том осол болж, 346 хүний алтан амь үрэгдсэн билээ. Улмаар гуравдугаар сараас хойш онгоцны нэр хүнд унаж, компани нь тэрбум тэрбум долларын алдагдалд орсон гэнэ. Тийнхүү "Боинг"-ийн гүйцэтгэх захирал Деннис Мюленбург ажлаа өгч, Дэвид Калхун түүнийг даваа гаригаас эхлэн залгамжлахаар болжээ.
Ямартай ч үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд "Боинг" компани "Боинг 737 макс" онгоцоо дахин нэг нисгэх зөвшөөрөл авахын тулд арван сарын турш чармайн ажилласан нь дахин хойшлогдох бололтой.
"Бид холбооны агаарын тээврийн удирдлагаас болон Конгрессоос энэхүү материалтай холбогдуулан зохистой гэж үзсэн бүх зөвлөмжийг хүлээн авч, дагаж мөрдөх болно" хэмээн "Боинг" компани мэдэгджээ.
Эх сурвалж: CNN.COM