У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг дэлгэх нь

Бид ардчилсан, чөлөөт нийгэмд шилжээд 30 жил болсон боловч Зөвлөлтийн үеийн бүтэц, боловсон хүчний бодлого бүхий социалист загварын намуудаа шинэчилж огтхон ч чадаагүй л байна. Айлаас айлын хооронд хэдэнтээ асаж унтарсан ч ухуулж нэг эсвэл чирүүлж нэг үзсээр оччихдог хуучин Орос машин шиг болсон Монголын улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд рейтинг нь улам унадаг ч Засгийн эрхийн төлөө үзэлцсээр л. Гар утасны  шинэ загвар гарахад л хоёр жилийн өмнөх шинэвтэр загвараа голоод эхэлдэг Z үеийнхний хувьд ийм хуучинсаг, массын сэтгэхүйтэй улс төрийн намуудаас дайжих нь бараг жам ёсны үзэгдэл ч гэмээр. Монголын улс төрийн намуудаас дотоод шинэчлэлээ амжилттай хийж чадсан ганц л нам байгаа нь “муу нэртэй” Ардчилсан нам. Гэвч улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээгүй цагт Ардчилсан намын дотоод шинэчлэл тунхаг төдий зүйл болон үлдэх эрсдэлтэй байна.

Намуудын рейтинг тогтмол унаж, задрах үйл явц үргэлжилж байгаа нөхцөлд энэ жилийн ээлжит парламентын сонгуульд эрх баригч намын дарга У.Хүрэлсүх хэрхэн бэлдэж, ямархуу стратеги төлөвлөж буй талаар ярих нь илүү сонирхолтой бөгөөд бодитой байж магад. 2020 оны парламентын сонгууль Ардын намын хувьд 2021 онд болох нам байгуулагдсаны 100 жилийн ой, Ардчилсан намын хувьд ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэдгээрээ түүхийн хийгээд үзэл суртлын өндөр ач холбогдолтой сонгууль болох юм. Намынхаа 100 жилийн ойгоор ялагдаад цөөнх болчихсон индэр дээр тэмдэглэж зогсоно гэдгээ төсөөлөх нь хурандаа Хүүкийн хувьд энэ насны ялагдал шиг санагдаж айдастай байгаа нь тодорхой. Ингээд түүний 2020 оны парламентын сонгууль хүртэл барьсаар орох сонгуулийн стратегийн гурван түлхүүр мессежийг хэлсэн үг, уулзсан уулзалтуудаас нь санаа авч урьдчилан загварчилж задлаж үзэцгээе.

Мессеж нэг: У.Хүрэлсүхийн ам мэх

Ажигч сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн пр нь тодорхой хугацааны давтамжтайгаар хэн нэгний хариуцлагагүй байдлыг илчлэн “загнаж” буй мессежүүд яваад байгааг анзаарсан байх ёстой.  Одоо болтол сэтгүүлчидтэй зангиагүй чөлөөт уулзалт хийдэггүй, асуултанд нээлттэй хариулт өгдөггүй мөртлөө Засгийн газрын ямар нэгэн хуралдаан дээр хэн нэгнийг “загнасан” шударга дүртэй Ерөнхий сайдын бичлэгүүд үе үе сошиалоос эхлэн сэвэгддэг болсоор удлаа. Хуулиараа бичлэг хийх хориотой Засгийн газрын хурал дээр хэн нэг нь сайдуудын суудлаас бичлэг хийж, тараадаг болж таарав. Ямар сайндаа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн мэнгэ нь камертай байх гэсэн онигоо гарах вэ дээ. Хүүк маань амь насаа алдахаас айхгүй тэмцэх тухай, юм чангарсан тул хуулийнханд гогдуулахгүй байх тухай анхааруулга, үнэтэй цаг зүүхгүй байх тухай, музейн барилгын аймшигтай дизайн хийсэн тухай манай хүний сэлэм гозолзуулсан сүртэй мэдэгдлүүд ар араасаа цувахад сошиал дахь троллууд уухайлан авч дэмжинэ, шүтнэ. Гэвч энэ хугацаанд эдгээр мэдэгдлүүдтэй нь холбоотой нэг сайд битгий хэл нэг хурган дарга хариуцлага хүлээж ажлаа өгснийг санаж байгаа сонгогч байна уу. Мэдээж байхгүй. Чухам үүнийг л улс төрийн ам мэхний технологи гэдэг. Чухам түүний ам мэхэнд сонгогчид яагаад ороод байна вэ. Бүхий л судалгааны дүнгээс харахад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг намынхаа үндсэн рейтингээс өндөр байгаа юм. Дээр нь У.Хүрэлсүх үргэлж дунд тушаалын хурган дарга нарыг загнадаг, хариуцлага нэхсэн сүртэй мэдэгдлүүд хийдэг. Иргэдийн төрийн үйлчилгээнд бухимдсан бухимдлын 60 аас дээш хувь нь дунд тушаалын дарга нарын хүнд суртал, тэнэглэл, авилгалын эсрэг байгаа нь судалгаагаар гардаг. Чухам тэднийг үзэн ядсан, шоолсон тэр иргэдийн олонхын мэдрэмж дээр Хүүкийн ам мэх амжилттай орж байгаа хэрэг л дээ. Шинэ технологи биш л дээ. Хуучин Зөвлөлтийн үед “энэ их хэлмэгдүүлэлтийг дунд тушаалын муу дарга нар л хийгээд байгаан. Нөхөр Сталин танд мэдэгдэхгүй хийгээд байна. Та биднийг авчраач” гэсэн утгатай хэдэн мянган захиа их удирдагчид ирж их удирдагч тэднийг цаазлуулахаар гарын үсэг зурдаг байсан гэдэг.

2020 оны түүхэн ач холбогдолтой гэх сонгуулиараа ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар ам мэхийг ард иргэддээ хэрэглэх вэ. Тун удахгүй У.Хүрэлсүх дараах ам мэхийг шиднэ.

-Би монгол орноо нефт шатахууны хараат бус байдлаас гаргахын тулд нефтийн үйлдвэр бариулах түүхэн шийдвэр гарсан. Үйлдвэр маань 2023 онд яг ашиглалтанд орох гээд байдаг. Уул уурхайн баялгийг ард түмэндээ тарааж өгөх гэсэн гурван үсэгтэй олон компаниуд саад болоод байна. Сонгуулиар энэ бүхнийг тасалдуулах гэсэн олигархиуд байгаа учир намайг үргэлжлүүлэн Ерөнхий сайд болгож энэ үйлдвэрийг дуусгацгаая. Уурхайн баялгийг ард түмэндээ хувааж өгнө.

-Монголоор хийн хоолой дайрах асуудлыг мань чинь Путинтай очиж уулзаад шийдчихээд ирснийг санаж байна уу. Путин ганцхан надад л сайн ханддаг. Америкийг дэмждэг ардчилсан намынханд надад сайн ханддаг шигээ хандахгүй. Тиймээс Монголоор хийн хоолой дамжуулахад би дахин Ерөнхий сайдаараа ажиллах хэрэгтэй байна. Үргэлжлүүлж ажиллаж үнэгүй хий ард түмэндээ хэрэглүүлэх боломжийг минь олгооч.

– Би утааг бууруулсан Ерөнхий сайд боллоо. Одоо цэвэрлэх байгууламжийн үнэрийг удахгүй дарна. Намайг дахин сонговол би ирэх дөрвөн жил утааг байхгүй болгоно. Утааг бууруулахад зориулж ард түмэндээ дарамтгүй мөнгө босгоно. Стратегийн ордууд дээр бонд гаргаж шийднэ.

Мессеж хоёр: Намайг дэмжиж байвал түүнийг л дэмжчих ….

2016 оны парламентийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан боловч олон суудлын зовлон удахгүй илэрч одоо 32-32 гэсэн хоёр том бүлэг үүсэж жижиг асуудлуудаар тооолохын аргагүй жижиг дэд бүлгүүд үүсээд тун хүнд байдалд байгаа нь үнэн юм. Эндээс У.Хүрэлсүхийн ойлгосон нэг зүйл бол олон төвүүдтэй хэт олон гишүүнтэй байснаас ганц төвтэй олонх болоход хангалттай тооны гишүүдтэйгээр ялалт байгуулах нь зөв юм байна гэсэн ухаарал. Ядаж байхад бүгд юм нэхэж зовооно, зардал чирэгдэл нь дийлдэхгүй. Эхнээсээ ЖДҮ гээд бөөн асуудал.

Нөгөө талаар Ерөнхий сайдын рейтинг намынх нь рейтингээс өндөр байгаа нь сайхан ч намынх нь рейтинг босдоггүй. Намын даргаа ажлаа муу хийж байна гэсний нотолгоо болчих гээд байдаг. 76 тойрогт өөрийгөө 76 хувааж зэрэг дэвшүүлж чадахгүйгээс хойш намын жагсаалт оруулж ирээд өөрийнхөө рейтингээр ядаж 20 суудал авъя гэж тооцож УИХ-ын сонгуулийн хуулийг оруулсан ч тойргоо усалцан намынх нь гишүүд хүртэл дэмжсэнгүй. Гишүүдийнхээ үгээр жижиг тойргоор явий гэхээр АН уруу хүчтэй савлаад ялагдчих магадлал өндөр тул татгалзжээ. Ингээд 2020 оны сонгуульд орох стратегээ дараах байдлаар боловсруулжээ.

2020 оны сонгуулиар дахин 65 гишүүнтэй болох боломжгүй тул Засгийн эрх авахад хангалттай 40 гишүүнтэй болно гэж тооцно. Ерөнхий сайдыг өөрийг нь хатуу дэмждэг 40 орчим гишүүн дээр нэмээд нийгэмд нөлөөтэй, сайн нэртэй эсвэл шинэ залуу гэгдэж байгаа улстөрчдийг 76 нэр дэвшигч болгон дэвшүүлснээр 40 суудал авахад хангалттай аж. Юуны өмнө 60 тэрбумын гэх М.Энхболдын бүлэглэлийн 30 гишүүнийг дэвшүүлэхгүй гэж шийджээ. Үүн дээр нэмээд ЖДҮ дээр улайм цайм холбогдсон ялах магадлалтай 5-8 гишүүнийг дэвшүүлэхгүй гэсэн тооцоог хийж байна. Эхнээсээ ч зарим залуучуудад амлаад эхэлсэн тул үнэмшсэн хэд нь  хүсэмжит тойргууд дээрээ парламентын гишүүдийнхээ хажуугаар давхар ажиллаад бүтэц гаргаад эхэлсэн байна.  Сайн ч муу ч сонгогдсон гишүүдтэй тойргууд дээр ийм эрдэлтэй зүйлийг эрх баригч МАН-ын дарга хийж эхэлсний гол бонус нь мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр ирнэ. Нэр дэвшиж чадаагүй, гомдсон гишүүдийн зарим нь бүлдэгдүүлж, зарим нь дараа нь Засагт орохоор тохирсон ч ихэнх нь МАХН уруу очиж дэвших нь тодорхой юм. Аргагүй, дөрвөн жил төсвийн мөнгөөр усалсан тойргоо ямар тэнэг улстөрч хаях билээ. У.Хүрэлсүхийн энэ шийдвэрийн дараа МАН дахин хуваагдах нь тодорхой. МАН сүхээр эхэлсэн хүнээр эхлээд сүхээр дууссан хүнээр дуусна гэсэн зурхай байдаг билүү юу билээ, санахгүй байна.

Зургадугаар сард парламентийн сонгууль эхлэхэд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийхээр төлөвлөжээ.

-Би нам дотроо цэвэрлэгээ эхлүүлж 60 тэрбумчид, шүүхээр тогтоогдсон ЖДҮ гишүүд, ёс зүйгүй дуулианд холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлсэнгүй. Оронд нь нь нэр цэвэр, шинэ залуу хүмүүсийг голчлон дэвшүүллээ. Тухайлбал., …… Одоо би намаа цэвэрлэсэн. Монголоо цэвэрлэх цаг эхэллээ. Цэвэрлэх эрх мэдлийг минь өгөөч. Танай тойрог дээр дэвшсэн нөхрийг та бүхэн сайн мэдэхгүй эсвэл дургүй байгаа. Гэвч намайг дэмжиж байвал түүний төлөө саналаа өгөөрэй.

Иймэрхүү байдлаар л явах болов уу гэсэн загварчлалыг мэргэжлийн хүний нүдээр харж бичихийг хичээлээ. Авахаа аваад хаяхаа хаяна бизээ. Ямарч байсан наадам болдгоороо болж сонгууль хийгддэгээрээ хийгдэнэ. Дээрх маягаар эрх баригчдын сонгуулийн стратеги явбал та соногчийн хувиар хэрхэн хүлээж авч буй нь маньд илүү сонин байх болно. Гуравдахыг нь яагаад бичсэнгүй вэ гэжүү. Гуравдах нь Ерөнхийлөгчтэй эрх баригч намын дарга хэрхэн харилцаж сонгуульд орох тухай таамаг юм. Бичвэл бичвэр маань урт болох тул дараа нь хүн сонирхвол тусад нь бичиж болох л юм.

Улс төр судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж